“Монголын сүүлчийн эзэн хаан” киног бүтээхэд “Эвсэг” ХХК хамтран ажиллана

Шашин төрийг хослуулан баригч, олноо өргөгдсөн наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг энэ онд тэмдэглэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Үүнтэй холбоотойгоор “Монголын сүүлчийн эзэн хаан” уран сайхны кино бүтээхээр болжээ. Монголын үндэсний кино урлагийн академийн санаачилгаар бүтэх уг киноны санхүүжилтийг үндэсний үйлдвэрлэгч “Эвсэг” ХХК-аас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гаргахаар болсон байна. Тэдний хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.

“Эвсэг” ХХК-ийн тус киног санхүүжүүлэх болсон нь мөн түүхэн үйл явдалтай холбоотой юм байна. Тодруулбал, олноо өргөгдсөн наймдугаар Богд Жавзандамба хутагтыг шашин төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст эзэн хаанаар өргөмжлөх түүхэн үйл явдал одоогийн Богд хааны ордон музей буюу ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Эвсэг” худалдааны төвийн одоогийн байрших газарт өрнөж байжээ. Тиймээс “Эвсэг” ХХК ийнхүү кинонд хамтран ажиллахаар болсон юм байна.

Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх олон зуун жилийн тэмцлийг үр дүнд хүргэхэд тэмцэж, энэ үйл хэргийг хэрэгжүүлж чадсан Монгол Улсын сүүлчийн эзэн хааны түүхэн зориг, шийдмэг санаачилгыг киноны урлагаар  дамжуулан, хойч үедээ ойлгуулж, түүхийг дархлан үлдээх нь кино бүтээгчдийн гол зорилго аж.  Богд хааны дүрийг Н.Цэгмид, Ё.Цог тэргүүтэй жүжигчид амилуулж байсан бол “Монголын сүүлчийн эзэн хаан” кинонд “Энэ цагийн Богд хаан” гэж нэрлэгддэг жүжигчин Ч.Болд сүүлчийн эзэн хааны дүрийг бүтээж байгаа юм.  Киноны зураг авалт 20 хувьтай байгаа бөгөөд ирэх арванхоёдугаар сард бүрэн дуусгахаар зорин ажиллаж байгаа юм байна.

Дашрамд дурдахад, Богд хааныг хаан ширээнд өргөмжлөх түүхэн үйл явдал өрнөсөн одоогийн “Эвсэг” худалдааны төвийн байр нь Герман улсын технологи, барилгын архитектурын зураг төслийн дагуу тохижуулалт хийж, орчин үеийн стандарт, хэв маягт нийцсэн “Cashmere world” буюу “Ноолуурын ертөнц” нэртэйгээр ажилладаг юм. Энэ төвд 1200 гаруй загварын ноолууран, сүлжмэлийн, 200 гаруй загварын тэмээний ноосон болон ноолууран нэхмэлийн, 60 гаруй загварын ноолууран пальто гэх мэт бүтээгдэхүүнийг худалдаалж, дотоодын иргэдийн хэрэгцээг хангаад зогсохгүй, жуулчдад танигдсан юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)