“Дэрэн” ФЦ клубын өсвөрийн хөлбөмбөгчид эх орондоо “ганзага дүүрэн” ирлээ

Хөлбөмбөгийн “Дэрэн” академийн 11 хүртэлх насны өсвөрийн баг тамирчид Европын цуврал тэмцээнүүдэд  амжилттай оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ. Нийт таван тэмцээнд оролцож, дөрвөөөс нь медаль хүртжээ. Тэр дундаа сүүлийн тэмцээн болох Шведэд болсон “ SÖDERTÄLJE INTERNATIONAL FOOTBALL CUP” олон улсын тэмцээнд аваргын төлөө алдарт “Барселона” клубын хөлбөмбөгийн академийн багтай үндсэн болон нэмэлт цагт 3:3-аар тэнцэж, цуврал торгуулийн цохилтоор хожигдон мөнгөн медаль хүртсэн байна.

“Дэрэн” клубын тамирчид энэ жил “Piteе Summer Games” тэмцээнд Алтан медаль хүртэж, FairPlay шагналын эзэн болсон бол Santa Claus Cup тэмцээнээс Хүрэл медаль, GothiaCup тэмцээнээс Мөнгөн медаль, хамгийн сүүлд Шведэд болсон  SÖDERTÄLJE INTERNATIONAL FOOTBALL CUP - SIFC тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ.

Скандинавын хойгийн Швед, Финлянд улсуудад болдог өсвөрийн олон улсын дээрх тэмцээнүүдэд хөлбөмбөгийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч Герман, Испани, Англи, Португал зэрэг Европ тивийн багуудаас гадна. Өмнөд Хойд Америк, Азиийн олон орноос шилдэг багууд нь ирж оролцдог юм. Дэрэн клубын жаалууд тэдгээр шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөж, амжилт нь жилээс жилд ахисаар байгаа юм.

“Дэрэн” клубт өсвөрийн 700 гаруй тамирчин бүртгэлтэй байдгаас 200 гаруй нь тогтмол хичээллэдэг.  Өсвөрийн хөлбөмбөгийг хөгжүүлж байж томчуудын хөлбөмбөг хөгжинө гэсэн бодлого баримталдаг учир гадаадын тэмцээн уралдаанд байнга оролцуулахыг хичээдэг. Энэ тэмцээнд явсан хүүхдүүд өмнө нь 1-3 удаа олон улсын тэмцээнд оролцсон туршлагатай хүүхдүүд юм байна.

 

Г.Мөнхчулуун: Бүтэн багаараа явсан бол илүү өндөр амжилт гаргах бололцоо байсан

 /”Дэрэн” клубын эзэн/

-Манай  баг тамирчид Скандинавын Швед, Финлянд, Данийн тэмцээнүүдэд оролцоод  10 жил болж байна. Анх явж байсан хүүхдүүд одоо дээд лигт тоглож байна. Энэ жилийн тухайд 11 хүртэлх насны баг тамирчид авч явсан, дажгүй амжилттай оролцоод ирлээ. Таван тэмцээнд оролцоод дөрвөөс нь медаль авсан. Нэг тэмцээнд нь Мексикийн багт хоигдсон байгаа. Гэхдээ эхний 30 секундэд гоол алдаад хожигдсон. Ер нь бол сайн тоглосон гэж дүгнэж байна. Бид өөрсдөө эдгээр тэмцээнүүдэд 10 жил явсан учраас өөрчлөлтүүдийг харах боломжтой байгаа шүү дээ. Энэ дээр үндэслээд өнгөрсөн хугацаанд тамирчдын ур чадвар сайжирч, ахиц гаргасан гэдгийг хэлье.Манай багийн тухайд, өсвөрийн хөлбөмбөгийг хөгжүүлж байж л томчуудын хөлбөмбөг хөгжинө гэсэн бодлого барьж ажилладаг.

-Таван тэмцээнд оролцохдоо ямар, ямар том багуудын өсвөрийн багтай тоглов?

Ер нь бол таван тэмцээнд оролцохдоо зургаахан хожигдсон байгаа. 30 гаран хожилтой. 150 гоол оруулж, 15-ыг алдсан гэсэн үзүүлэлт гарсан. Хожигдсон тоглолтуудын тухайд, Английн багт хожигдсон. Эхний үед 0:0-ээр дусаад хордугаар үед хоёр гоол алдсан. Шведийн мэргэжлийн багтай бас маш хүнд тоглолт хийсэн. Сүүлд Остертальяд “Барселона” клубын өсвөрийн академийн багтай аваргын төлөө тоглож, 3:3-аар тэнцээд пеналтиар хожигдлоо. Англи, Испани, Мексик, Финляндын багт хожигдсон.

-Танай багт хэдэн хүүхэд хичээллэж байна вэ?   

-Дэрэн клубт яг одоо хичээллэж байгаа хүүхдүүд гэвэл 200 орчим байх шиг байна. Ер нь бол бүртгэлтэй 700 гаруй хүүхэд бий. Саяын тэмцээнд боломж бололцооноос шалтгаалаад зарим хүүхдүүдээ авч явж чадсангүй. Бүтэн багаараа явсан бол илүү амжилт гаргах бололцоо харагдаж байна лээ.

-Дараагийн тэмцээн уралдааны төлөвлөгөө гарсан уу?

-БНХАУ-д “Торгоны зам” гэж олон улсын тэмцээн болно. БНХАУ-ын хөлбөмбөгийн Дээд лигийн багуудын академийн тамирчид оролцдог том тэмцээн м. Энэ тэмцээнд оролцохоор төлөвлөж байна. 11, 13 насны багаа оролцуулна. Долоо хоног амраад л БНХАУ руу гарна даа.    

Г.Ихбаяр: Сайн хөлбөмбөгч болох хүсэлтэй

/“Дэрэн” багийн /U-11/ тоглогч,  ”Монгол Од” сургуулийн сурагч/

-Гадаадын олон том тэмцээнд амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Өөрийнгөө манай уншигчдад танилцуулна уу?

-Баярлалаа. Намайг Гэрэлбаатарын Ихбаяр гэдэг. “Монгол Од” сургуулийн тавдугаар ангийг энэ жил төгссөн. Ирэх намар дунд ангид орно.  

-Амжилт гаргаад эх орондоо ирэх ямар байна, сэтгэгдлээ хуваалцаач?

-Маш их баяртай байна. Хөлбөмбөгийн спорт зааж сургаж байгаа багш дасгалжуулагчдаа, хамтран тоглодог баг хамт олондоо баярлаж байна.

-Хөлбөмбөгийн спортоор хичээллээд хэдэн жил болж байна?

-Гурван жил гурван сар болж байна.

-Цаашдаа хөлбөмбөгөөр тууштай хичээллэх үү. Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Хөлбөмбөгөөрөө хичээллэж сайн тоглогч болох хүсэлтэй. Том болоод цагдаа болно гэж боддог. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Спортоор хичээллэж тэсвэр тэвчээрт суралцаж бие бялдар нь хөгжөад сайн бн. Хүн болгон хөл бөмбөгчин болохгүыгээс хойш өөрсдийнхөө төлөө хичээллэж л баых хэрэгтэй

    0 0 Хариу бичих