Своп хэлцэл концессоор солигдох уу

Ирэх оны долоодугаар сард БНХАУ-ын Ардын банктай хийсэн Монголбанкны своп хэлцлийн хугацаа дуусна. Анх 2014 онд байгуулсан 15 тэрбум юань буюу 5.4 их наяд төгрөгийн своп хэлцлийн хугацаа 2017 оны наймдугаар сард дууссан. Тухайн үед манай улсын эдийн засаг хасах циклээс өндийхгүй, гадаад валютын албан нөөцөө шавхаад ч энэ өрөө төлж чадахгүй хэмжээнд байсан. Энэ үед урд хөршөөс хэлцлийг дуусгавар болгох шахалт хүчтэй байсан гэдгийг ч тухайн үеийн албаны эх сурвалж байсан. Харин сэхээнд байсан эдийн засгийг ОУВС “эмчлэх” эрх авснаар дээрх хэлцлийг шинэчлэн баталж, гурван жилээр сунгасан нь өмнө дурдсанчлан 2020 оны долоодугаар сард дуусах юм. Тиймээс одооноос эхлээд Төв банк болон Засгийн газрын түвшинд своп хэлцлийг дуусгах уу, дахин шинэчлэх үү гэдэг асуулт яригдана. Аливаа бүх зүйлд хоёр тал байдгийн адилаар энэ асуудалд ч эргэлзэх хоёр шалтгаан байна. Тэр үеийг бодвол Монгол Улсын эдийн засаг хийгээд, Төв банкны албан нөөц нэмэгдсэн тул нөөцөө шавхаад төлөх боломжтойг нэг талаас тайлбарлаж байгаа юм. Нөгөө талаас хоёр тал хэлэлцэж тохиролцвол гэрээг сунгах боломжтой тул албан нөөцөө шавхаж, дансаа хоослолгүйгээр хэлцлийг шинэчлэх боломжтой гэж байгаа юм. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Хятадын Ардын банкны своп хэлцэл 2020 оны долоодугаар сард дуусна. Үүнтэй холбоотойгоор бид шаардлагатай бэлтгэл ажлуудыг хангаж байгаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард би БНХАУ-д айлчилж, Төв банкных нь ерөнхийлөгчтэй уулзаж, тодорхой асуудлуудаар ярилцаж, ойлголцсон. Тэгэхээр энэ асуудлаар бид цаашид анхаарч ажиллах болно. Гэхдээ энэ асуудлын хувьд цаашдаа Сангийн яам, Гадаад харилцааны яамны чиглэлээр бидэнд нэлээд дэмжлэг, туслалцаа авах шаардлага бий” гэж байр сууриа илэрхийлсэн байдаг.

Тэгвэл своп хэлцэлийг концесс руу шилжүүлэх саналыг долоодугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Дэд дарга Ван Чишаний айчлалын үеэр хөндсөн юм. Тодруулбал, БНХАУ-ын Ардын банктай хийсэн Монголбанкны своп хэлцлийн төлбөрийг хөгжлийн зээл, концесс зэрэг боломжтой хэлбэрээр замын бүтээн байгуулалтад ашиглах саналыг анхааралдаа авахыг хүссэн. Хариуд нь Ван Чишань своп хэлцлийн төлбөрийг бүтээн байгуулалтад ашиглах саналыг хоёр орны Төвбанк харилцан ярилцаж шийдэх боломжтой гэдгийг хэлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)