Хятадын уран бүтээлчдийг Тайванийн "Алтан морь" кино наадамд оролцохыг хоригложээ

Кино урлагийг хянан зохицуулах хороо БНХАУ-ын уран бүтээлчдийг "Хятадын Оскар" хэмээн нэрлэгддэг Тайванийн кино наадамд оролцохыг хоригложээ.

"Алтан морь" шагнал гардуулах ёслолд хориг тавих болсон шалтгаанаа тайлбарлаагүй ч Хятад, Тайванийн хоорондын харилцаанд хурцадмал нөхцөл байдал үүссэн нь нөлөөлсөн гэж үзэж байна.Тодруулбал, эх газрын Хятад улс Тайванийг АНУ-тай хийх зэвсгийн худалдаанаас татгалзаж, хэлэлцээрээ нэн даруй цуцлахыг шаардаж байгаа юм.

Төрийн мэдээллийн CCTV телевиз лхагва гарагт мэдээлэхдээ, эх газрын кино уран бүтээлчдийг 56 дахь удаагийн "Алтан морь" кино наадамд оролцохыг түдгэлзүүлсэн гэж мэдэгджээ.

"Алтан морь" шагнал гардуулах ёслол нь хятад хэлээр бүтээлээ туурвидаг кино бүтээгчдийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээ бөгөөд энэ жил арваннэгдүгээр сарын 23-нд Тайванийн нийслэл Тайбэйд болно.

Уг наадамд өмнө нь эх газрын жүжигчин, найруулагч нар олноороо оролцож цөөнгүй шагнал хүртэж байв. Гэхдээ өнгөрсөн жил хэд хэдэн хүн шагнал гардуулах ёслолыг улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх индэр болгон ашигласан нь ихээхэн маргаан дагуулсан юм. Тухайлбал, шилдэг баримтат киноны шагнал хүртсэн найруулагч Фу Юэ хүлээн авалтын үеэр Тайванийг бие даасан улс болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)