“Татвар нэмсэнтэй холбоотойгоор зарим компанийн ашиг буурсан”

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд хагас жилийн болон оны эцсийн тайлангаа олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээдэг. Энэ дагуу хагас жилийн тайлангаа 93 компани биржид ирүүлсэн байна. Үүнээс 18 компани хагас жилийн санхүүгийн тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулах хүсэлтээ илэрхийлжээ. Тэдгээрийн 11 нь сүүлийн хоёр жилд хувьцаагаа олон нийтэд худалдсан болон нэмэлт үнэт цаас гаргаж, бүтцээ өөрчилсөн компани юм. Тодруулбал, “Монгол базальт”, “Ард санхүүгийн нэгдэл”, “Ард даатгал”, “Ард кредит”, “Түмэн шувуут”, “Инвескор ББСБ”, “Хөвсгөл алтандуулга”, “Мандал даатгал”, “Эрдэнэ ресурс девелопмент”, “Монгол шуудан”, “МИК холдинг” компани хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцуулахаар болжээ. Энэ талаар болон бусад мэдээллийг Монголын хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн П.Нямдоржоос тодрууллаа. 

-Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд энэ оны хагас улирлын тайлангаа танилцуулсан байна. Энэ тухай мэдээлэл өгөхгүй юү?

-Монголын хөрөнгийн бирж компаниудын нээлттэй ил тод байдал, засаглалыг сайжруулах чиглэлээр хагас жилийн тайланг танилцуулах ажлыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Анх I ангиллын таван компани уриад энэ ажлыг эхлүүлж байсан бол одоо компаниуд өөрсдийн хүслийн дагуу оролцож байна. Ялангуяа шинээр орсон компаниуд “Бид хагас жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлаа олон нийтэд танилцуулмаар байна” гэдэг байдлаар хандаж байна. Энэ нь бусад компаниудад үлгэр жишээ болдог. Магадгүй цаашдаа үйл ажиллагаа явуулдаг 200 компани бүгд мэдээллээ ил тод болгож, засаглалаа сайжруулаад явах байх гэж найдаж байна. Энэ жилийн хагас жилийн тайлан даваа гарагаас эхэлсэн. “АПУ”, “Монгол базальт” компани нээлттэй танилцууллаа. Эдгээр компаниудын ашгийн хэмжээ өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн. Зарим компаниудын ашиг төрөөс татвар нэмсэнтэй холбоотойгоор буурсан үзүүлэлттэй гарсан.

-Иргэдийг мэдээлэлжүүлэх ажлууд хэр хийж байна вэ. 1072 хувьцаатай холбоотойгоор "Иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг олгоё" гэдэг асуудал яригдаад байгаа шүү дээ?

-Хөрөнгийн зах зээл Монгол Улсад хөгжөөд 30 жил болох гэж байна. Гэтэл үүн дээр дорвитой хөгжил дэвшил гарч чадаагүй нь хөрөнгө оруулагч буюу иргэдийн мэдлэг дутуу байсантай холбоотой. Тухайлбал, ийм мэдлэг, мэдээлэл дутуугаас болоод 1990-ээд оны өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбар дээрээ алдаа гаргасан байдаг. Тиймээс 1072 хувьцаагаа эзэмшихдээ иргэдийг битгий алдаа гаргаасай  гэж Монголын хөрөнгийн бирж орон нутгийн иргэдийг мэдээлэлжүүлж байна. Үүнийг “Орон нутгийн нээлттэй өдөрлөг” гэж нэрлэж байгаа. Өмнө нь биржийнхээ байранд нийслэлийн цөөхөн иргэдийг хамруулаад хийдэг байсан бол одоо орон нутагт хүрч ажиллаж байна. Өнгөрсөн жилээс эхлээд 18 аймгаар явлаа. Энэ үйл ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой”, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хамтарч байгаа бол Санхүүгийн зохицуулах хороо дэмжиж байгаа.

-Иргэд ямар асуудлыг их сонирхож байна вэ?

-Иргэдийн гол асууж байгаа зүйл нь цэнхэр тасалбартай холбоотой мэдээлэл байна. Бидний өдөрлөгийн үр дүн шууд харагддаг. Өөрөөр хэлбэл, өдөрлөгт оролцсон хүмүүс цэнхэр тасалбараа шүүлгээд үзэхээр 20, 30 сая төгрөг дансанд нь байгаа юм. Ногдол ашиг нь хуримтлагдсан тохиолдол ч гарсан. Ингээд бид газар дээр нь үнэт цаасны компанитайгаа хамтраад шууд мөнгийг нь шилжүүлсэн. Мөн иргэд 1072 хувьцааныхаа асуудлыг маш их сонирхож байна. Энэ тал дээр “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан хамт яваад мэдээллээ өгч байгаа.

-“Ард” санхүүгийн нэгдэл нээлттэй хувьцаат компани боллоо. Үүнийг Монголын Хөрөнгийн биржээс ямар ач холбогдолтой гэж харж байна вэ?

-Энэ нь компани нээлттэй болох нэг хэлбэр бөгөөд IPO хийлгүйгээр, аль хэдийнэ хувьцаа нь хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй компанитай нэгдэх байдлаар нээлттэй компани болох үйл явц юм. “Ард” санхүүгийн нэгдэл хаалттай ХК нь “Жинст Увс” ХК-тай нэгдэх хүсэлтээ өгч, өнгөрсөн тавдугаар сард Санхүүгийн зохицуулах хорооноос нэгдэхийг зөвшөөрсөн шийдвэр гарсан. Ингэснээр “Ард” санхүүгийн нэгдэл групп компани Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах боломжтой болж байгаа юм.  Энэ үйл явдлыг биржийн зүгээс арилжаа идэвхжих, хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэх зэрэг сайн талтай гэж харж байгаа. Урвуу хамаарал урьд нь бирж дээр хийгдэж байсан ч эднийх шиг амжилттай яваагүй. Хөрөнгийн биржээс үүнийг дэмжиж оролцож байна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)