Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн татгалзсан хийгээд дэмжигдсэн саналууд

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулан зарим тодорхой шийдэлд хүрчээ.

“Үндсэн хуулийг одоо л өөрчлөхгүй бол шүүх засаглал дахин хэзээ ч босохгүй” гэж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайханы хэлсэнчлэн энэ нэмэлт, өөрчлөлтийн чухал хэсгийн нэг нь шүүх засаглал. Энэ ч утгаараа УИХ-ын өргөн мэдүүлсэн төсөлд шүүх засаглалыг “эрүүлжүүлэх”, тогтолцоог бүхлээр нь өөрчлөх, ингэхдээ шаардлага, нас, томилох хугацаан дээр түлхүү ажилласнаа ажлын хэсгийнхэн тодотгож байгаа.  Нөгөө талаас шүүгчийг томилох, түдгэлзүүлэх эсэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал байдаг. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд шүүх засаглалын хувьд эрх мэдлээ алдахгүй тухай заалтууд туссан. Энэ нь шүүх засаглалын хувьд одоогийн байгаа тогтолцооноосоо салж чадахгүй гэдгийг хуульчид онцлоод буй. Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн өчигдрийн хуралдаанд танилцуулсан зарим шийдлээс Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслөөс аль нь  дэмжигдэж, алинаас нь татгалзсаныг хүргэе.

Ерөнхийлөгчийн “татгалзсан” саналууд

Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлд “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзэх бөгөөд нийслэл нь хотод, хот нь дүүрэгт хуваагдана. Нийслэлийн хотын дүүргийг хороонд хувааж болно”, мөн “Нийслэл бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн бөгөөд эрх зүйн үндсийг нь зөвхөн хуулиар тогтооно” гэсэн төслийн заалтаа Ерөнхийлөгч татаж авсан байна.

Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Нийтийн өмчийн газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, иргэн, хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол, журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Засаг дарга /Захирагч/ гаргана” гэж нэмэхээр тусгасан саналаа татаж авчээ. Түүнчлэн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд нэмэхээр тусгасан Төв банк (Монголбанк)-тай холбоотой гурван саналаа татаж авсан байна.

Ерөнхийлөгчийн дэмжигдсэн саналууд

УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан Улсын дээд шүүхийн  шүүгчдийн тоо, мөн  Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч түүнийг нь батламжлахтай холбоотой Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 51.1, 51.2 дахь хэсгийг хасахаар Ерөнхийлөгчөөс гаргасан саналыг зөвшилцлийн Ажлын хэсэг хүлээн авахаар тогтжээ. Мөн бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор гишүүдийн санаачилсан төсөлд тусгасныг хасах тухай Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авчээ.

Шүүгчдэд тавих шаардлага хэвээр ч  хугацааг өөрчилнө

Тэгвэл Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн хуульд шүүгдэд тавих шаардлагыг хасах саналыг УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөлд тусгагдсанаар үлдээхээр болжээ. Тодруулбал, гишүүдийн санаачилсан төсөлд тусгагдсан шүүгчдэд тавигдах болзол, шалгуурын талаарх заалтыг хасахыг Ерөнхийлөгч санал болгосон хэдий ч ажлын дэд хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх үед иргэдийн олонх нь дэмжсэн санал өгсөн болон бусад судалгаа тооцоонд үндэслэн төслийн 51.3 дахь хэсэг буюу бүх шатны шүүхийн шүүгчдэд тавигдах шалгуурыг “Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг томилно” гэж өөрчлөн томьёолжээ.

Харин гишүүдээс өргөн баригдсан төсөлд Улсын дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор тусгасан байсныг хассан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Uzuulsnuu

    1 0 Хариу бичих