Д.Эрдэнэбат: ХХААХҮ-ийн яамнаас ургац хураалтын асуудлаар сонсгол хийнэ

АН-ын зөвлөөөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “АН цаг үеийн асуудлаар холбогдох яамдыг сонсохоор болсон. Өнөөдөр Зам, тээврийн яамнаас цаг үеийн асуудлаар сонгол хийлээ. Дараа нь Хүнс, хөдөө аж ахуй, хүнд үйлдвэрийн яамыг ургац хураалтын асуудлаар сонсоно. Дараа нь Эрчим хүчний яамнаас сонсгол хийнэ. Өнөөдөр Зам тээврийн яамыг сонссон гол асуудал нь Дархан, Налайхын зам байлаа. Дарханы замын хамгийн их асуудал дагуулсан зүйл нь түр зам юм. Түр зам нь стандартын дагуу хийгдээгүй. Энэ жил бороо их орсныг ч хэлэх үү. Тэгэхээр энэ талаар зайлшгүй Зам, тээврийн яамнаас сонсгол хийх хэрэгтэй байлаа. Цаашдаа энэ түр замын асуудлыг шийдэхгүйгээр замыг засах ажил хүндхэн хэвээрээ байна” гэсэн юм. Үүний дараагаар Үндсэн хуулийн нэмэл, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр, “Манай нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гурван зүйлийн шаардлагыг Ө.Энхтүвшин даргад хүргүүлсэн. Үнэхээр ардчилсан Үндсэн хуулийг сайжруулъя, төгөлдөршүүлье гэж байгаа энэ гурван зүйл дээр анхаарах ёстой. Нэгдүгээрт, энэ улс парламтентын засаглалтай байх юм бол Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн. Хоёрдугаарт, энэ улсын эдийн засгийн хөгжил орон нутгаас эхлэх ёстой. Хэт төвлөрөл орон нутгийн хөгжлийг хангаснаар сарнина. Тиймээс төрийн эдийн засаг, санхүү, төсвийн сахилга бат, хариуцлагыг тодорхой болгох. Ялангуяа орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах асуудлыг Үндсэн хуульд заавал тусгах ёстой юм. Гуравдугаарт, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудал байгаа. Гишүүн үүргээ биелүүлээгүй тохиолдолд иргэдийн болоод, УИХ-ын саналаар татах асуудлыг хуульд тусгах гэсэн саналыг бид хүргүүлсэн” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)