Зөвшилцлийн ажлын хэсгийн түвшинд АН-ыг идэвхтэй оролцохыг хүслээ

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг хүлээн авч уулзаж, тус намын зөвлөлөөс УИХ-ын даргад хандаж албан бичгээр ирүүлсэн саналын хариуг өгөв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "АН-ын байр суурь тодорхой байгаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт,  өөрчлөлт нь эцсийн дүндээ ард нийттэй хийж буй гэрээ учраас Ард нийтийн санал асуулга заавал явуулах ёстой гэсэн зарчмын байр суурийг манай нам илэрхийлсэн. Энэ байр суурь дээрээ ч бид хэвээрээ байгаа гэдгийг баталж байна. Улсын Их Хурал зөвшилцлийн хүрээнд Ард нийтийн санал асуулга явуулах талаар  Улсын Их Хурлын чуулганаар санал хураалт явуулахыг зөв зүйтэй алхам болов уу гэж бодож байна. Энэ нь бидний цаашдын зөвшилцөл, ойлголцол руу явахад нэг алхам болно гэж харж байна. Ер нь бид байр сууриа тодорхой илэрхийлж байгаа. Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшинд ч энэ зарчмын  байр сууриа гурван зүйл дээр илэрхийлсэн.

Үндсэн хуулийн өөрчлөлт бол Үндсэн хуулийн үр дагавраас үүдэлтэйгээр болж бүтэхгүй байгаа зүйл, Монгол Улсын  хөгжил, иргэдийнхээ ахуй амьдралтай уялдуулан зайлшгүй цоо шинээр харах шаардлага үүссэн гэдэгтэй бид санал нэгдэж байгаа. Гэхдээ үүнийг хийхдээ харилцан зөвшилцөл ойлголцол, үнэмлэхүй олонх, цөөнх гэхгүйгээр бүхий л нийгмийнхээ хүрээнд, улс төрийн намуудын хүрээнд ойлголцож батлагдах ёстой гэдэгт санал нэгдэнэ байх гэж бодож байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан өөрчлөлтийн хувьд бид өөрсдийн саналыг илэрхийлээд, ажлын хэсэгт оруулаад явуулж байгаа. Ерөнхийлөгчийн саналыг зарчмын хувьд бид дэмжиж байгаа. Өнөөдөр ч байр суурин хэвээр байгаа" гэсэн юм.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар  "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг аль болох олон талын оролцоотой, улс төрийн намуудын өргөн хэлэлцүүлэг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдыг оролцуулж, багагүй хугацаанд хэлэлцүүлж, ярилцаж байна. 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гурав дөрөвхөн цагийн хооронд баталсан гэж ярьдаг. Харин түүнтэй харьцуулахад энэ удаад ихээхэн ул суурьтай, нухацтай няхуур хандаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намын саналыг тусгаж оруулсан. Хамтарч энэ ажлын хэсэг дээр ажилласан бүх процесс аль болох ойлголцол, зөвшилцлөөр асуудлыг шийдэхийг эрмэлзэж, тавьж байгаа саналыг оруулах талаар ярилцаж байна.  Тийм учраас бүх ард түмнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Зөвшилцлийн ажлын хэсгийн түвшинд саналаа нэгтгэж, ярилцаж, идэвхтэй оролцох нь зүйтэй гэж бодож байгаа. Монголын нийт ард түмний хүсэл эрмэлзлийг төлөөлөх эрх, үүрэгтэй ганц хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч, бас Монгол Улсын Их Хурал. Энэ түвшиндээ асуудлыг хэлэлцэн, сайтар ярилцах хэрэгтэй гэж бодож байна" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)