ББСБ-уудын зээлийн хэмжээ 1.1 их наяд төгрөгт хүрчээ

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад банкнаас бусад санхүүгийн салбарын өсөлт нэмэгдсээр байгаа. Тэр дундаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ сүүлийн хоёр жилд маш хурдан өсөж, энэ зах зээлд тоглогчдын тоо ч нэмэгдсэн. Энэ он гарснаар сар бүр нэг компани шинээр хөрөнгийн зах зээл дээр гарсан гэхэд ч худал болохгүй. Энэ талаар бид өмнө нь танилцуулсан. Тэгвэл энэ удаад ББСБ-уудын талаарх мэдээллийг хүргэе.

Санхүүгийн зохицуулах хорооны хоёрдугаар улирлын тайланд дурдсанаар санхүүгийн зах зээлд нийт 538 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 1.5 их наяд төгрөг байгаа юм. Энэхүү хөрөнгийн хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеэс 34 хувь буюу 389.4 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Төв банкнаас хэрэглээний зээлд хязгаар тавьсан. Тодруулбал, хэрэглээний зээлийн хугацаанд 30 сар, иргэдийн өр, орлогын харьцаанд 70 хувийн хязгаар тогтоосон юм. Ингэхдээ Төв банкнаас  “Иргэдийн өрийн дарамт сүүлийн найман жилд хоёр дахин нэмэгдсэн. Тиймээс хэрэглээний зээлд хязгаар тогтоохоос өөр аргагүй” гэдэг тайлбарыг өгсөн. Тухайлбал, өр тухайн хугацаанд ДНБ-тэй харьцуулж үзвэл 17-18 хувьтай тэнцдэг байсан бол энэ оны эхээр 33-35 хувьтай тэнцсэн тухай танилцуулсан юм. 

Хэрэглээний зээлийг ийнхүү хязгаарласны дараагаар иргэд ББСБ-аас зээл авах нь нэмэгдсэн гэдэг мэдээлэл байсан. Тэгвэл ББСБ-уудын зээлийн өсөлтийн мэдээллийг харъя.

ББСБ-уудын зээл жилийн дотор 50 орчим хувиар өссөн байна. Тухайлбал, энэ оны хоёрдугаар улиралд зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 328.4 тэрбум төгрөгөөр буюу 42.7 хувиар өсөж, 1.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь банкуудын зээлийн зургаан хувь гэсэн үг. Нийт зээлийн үлдэгдлийн 84.7 хувийг иргэдийн зээл, 15.3 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 2.4 дахин нэмэгдэж 360.3 мянга болжээ. Тэгвэл нийт харилцагчдын тоо өмнөх оны мөн үеэс 1.6 дахин нэмэгдэж 2.3 саяд хүрсэн байна. Зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин 3.3 хувьтай байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. good

    0 0 Хариу бичих