ЖДҮ эрхлэгчдэд юу саад болдог вэ?

Жижиг дунд үйлдвэрлэл бол аливаа улсын хөгжлийн гол судас юм. Учир нь жижиг дунд үйлдвэрлэл ажлын байр, хүртээмжтэй эдийн засгийг хамгийн ихээр бий болгох боломж байдаг. Гэтэл Монгол Улсад жижиг дунд үйлдвэрлэлийнхэн дотоодод зах зээлгүй гэдэг ганц хариултаар дэндүү “жижиг” үйлдвэрлэгчид байж, жинхэнэ нөгөө “Шар нар, бор хоногийг өнгөрөөх” гэдэг шиг л үйлдвэрлэлээ зогсоочихгүй явж ирсэн. Дотоодын үйлдвэрлэл өртөг өндөр гээд бүтээгдэхүүний үнэ нь ч хэрэглэгчид нийцдэггүй. Нөгөө талаас импортоор хэрэглээгээ хангаад үйлдвэрлэгчийн зах зээлийг хаадаг.  ЖДҮХС-гийн мөнгийг нь жинхэнэ ЖДҮ эрхлэгчид бус УИХ-ын гишүүд нь хуваагаад авсан. Товчхондоо монголын ЖДҮ эрхлэгчдийн  нөхцөл ийм. Тэгвэл ЖДҮ эрхлэгчдэд юу саад болдог бөгөөд тэд хэрхэн санхүүждэг талаар Төв банкны хийсэн судалгаанд тулгуурлан хүргэе.

 Цахилгаан түгээлт болон мэдээлэл холбооны салбарыг сайн гэж дүгнэжээ

ЖДҮ эрхлэгчдэд нийгэм, улс төрийн нөхцөл байдал талаас  ядуурал болон ажилгүйдлийн түвшин бизнес эрхлэхэд бэрхшээл болдог байна. Учир нь  хэрэглэгчийн худалдан авалт муудсанаар  ЖДҮ эрхлэгчдийн борлуулалтад сөргөөр нөлөөлдөг гэнэ. Харин макро орчин талаас  ЖДҮ эрхлэгчдэд валютын ханш, инфляц хамгийн их хүндрэл учруулдаг. Тэгвэл гадаад өр болон гадаадын шууд хөрөнгө оруулалт бусад үзүүлэлттэй харьцуулахад бага зэрэг хүндрэл учруулдаг байна. Хууль эрх зүй, төрийн зохицуулалтын орчныг дотор нь задлан авч үзвэл төрийн байгууллагын үйлчилгээ хүнд сурталтай, татварын тогтолцоо болон гадаад худалдаа хийх нөхцөл муу байгаа нь ЖДҮ эрхлэхэд хүндрэл учруулж байна гэж тэд дурджээ.

Тэдний бизнест нөлөөлдөг дараагийн асуудал нь дэд бүтэц зам тээвэр юм. Зам, тээвэрлэлт болон дулааны шугам сүлжээ бусад үзүүлэлттэй харьцуулахад бага зэрэг муу гэж ЖДҮ эрхлэгчид хариулжээ. Харин цахилгаан түгээлт болон мэдээлэл холбооны салбарыг боломжийн сайн гэж дүгнэсэн байна.

ЖДҮ эрхлэгчид хаанаас санхүүжилт авдаг вэ?

Тэдэнд хамгийн их бэрхшээл болдог зүйлээр санхүүжилт нэрлэгджээ. Тиймээс энэ асуудлыг тусд нь авч үзье. Санхүүжилтээ дагаад зээлийн шимтгэл хураамж, зээлийн барьцаа хөрөнгө, зээлийн батлан даалт болон зээлийн хэмжээ зэрэг үзүүлэлтүүд  дараагийн их бэрхшээлд нэрлэгдсэн байна. Төв банкны  өнгөрсөн онд хийсэн ЖДҮ-ийн хөгжил, санхүүжилтийн байдлын судалгаагаар 1864 ЖДҮ эрхлэгчдийн 760 нь буюу 41 хувь нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэх болон бизнесээ өргөтгөх зорилгоор тодорхой хэмжээний гадаад санхүүжилт авчээ. Харин 54 хувь нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд санхүүжилт аваагүй байна.  Эдгээрийг салбараар нь харахаар ХАА болон үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ЖДҮ эрхлэгчдэд цаашид санхүүжилт авах хэрэгцээ худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийнхээс харьцангуй их байгаа аж.  

Тэгвэл тэдний санхүүжилт авдаг гол эх үүсвэрээр банк нэрлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮ эрхлэгчдийн дийлэнх нь буюу 76 хувь нь банкны зээл болон 12 хувь нь хөнгөлөлттэй зээл авч санхүүжилтийн эх үүсвэрээ бүрдүүлжээ. Түүнчлэн  ЖДҮ эрхлэгчид санхүүжилтээ нэмж зээл авахад  дийлэнх нь зээлийн хүү өндөр, зээлийн хугацаа богино болон барьцаа хөрөнгийн үнэлгээ бодитой бус  гэсэн шалтгааныг дурдсан байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)