Д.Тогтохсүрэн: Шүүх засаглалтай холбоотой заалтуудыг хасаагүй

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийг Ерөнхийлөгчийн гаргасан саналтай уялдуулах, хийгээд зөвшилцөх асуудлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “МАН-ын бүлэг тав дахь өдрөө хуралдаж байна. УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийг, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй уялдуулахаар хэлэлцэж байна. Хоёр ажлын хэсэг байгаа. Нэг нь Ө.Энхтүвшингээр ахлуулсан хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэх бүхий ажлын хэсэг, нөгөөх нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг юм. Эдгээр ажлын хэсгүүдээс нэгтгэсэн санал, Ерөнхийлөгчийн гаргасан саналын талаар намын бүлэг дөрвөн өдөр хуралдав. Эцсийн шийдвэр гараагүй байна. Шийдэх хэрэгтэй хэдэн асуудал байна. Ард нийтийн санал асуулга явуулах, гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг сунгах, сонгуулийн тогтолцоог холимог болгох гэх мэт асуудал дээр Ерөнхийлөгч, АН-тай зөвшилцөж ойлголцох хэрэгтэй байна. Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг. Үндсэн хууль бол парламентад олон суудалтай нэг нам дангаараа баталж болохгүй. Энэ агуулга үүднээс бид Ерөнхийлөгч, түүний Тамгын газар, АН-ынхантай зөвшилцөх ажил хийж байна. Сая УИХ-ын дарга АН-ынхантай уулзаж, ирэх долоо хоногт хийх ажил, зөвшилцлийн ажлаа хурдтай болгоё гэж ярьлаа. АН-ын хувьд гишүүд нь орон нутагт ажиллаж байгаа учир даваа гарагт хурлаа хийж, эцсийн шийвдвэрээ гаргая гэсэн” гэв. Үүний дараагаар тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-АН-ын зүгээс гаргасан гурван санал дээр шийдвэр гараагүй гэсэн үг үү?

-АН-ын зүгээс ард нийтийн санал асуулга хийе,  Ерөнхийлөгчийг парламентаас  сонгоё, УИХ-ын гишүүдийг эгүүлэн татдаг болъё, орон нутгийн эдийн засаг, санхүү эрх мэдлийг нэмэгдүүлье, өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтооё гэдэг санал гаргасан. Энэ асуудлыг бид ярилцана. Ирэх долоо  хоногт ээлжит бус чуулган хуралдана.

-Өчигдөр цаасаар санал хураасан шүү дээ. Үүн дээр гишүүд ямар санал гаргасан бэ. Тодруулахгүй юу?

-Гишүүд бол 108 гишүүнтэй байх саналыг дэмжихгүй байгаа. Гишүүд зөвшилцлийг үргэлжлүүлэх ёстой гэж үзсэн. Тийм учраас өнөөдөр зөвшилцлийн ажил үргэлжилж байна.

-Сонгуулийн тогтолцоон дээр гишүүд ямар саналтай байгаа вэ?

-Тогтолцоог гишүүд ярьж байгаа.

-Шүүх засаглалтай холбоотой саналыг хассан талаар хуульчид шүүмжлэлтэй хандаж байгаа.  Яагаад хассан юм бэ?

-Шүүхтэй холбоотой асуудал дээр 62 гишүүний өргөн барьсан төсөлд шүүхийн хараат бус бие даасан байдалтай холбоотой өөрчлөлтүүдийг өргөн барьсан юм. Ерөнхийлөгчийн зүгээс “Энэ асуудлыг эргэж хараач. Миний бүрэн эрхэд халдсан заалт байна” гэдэг агуулгаар хандсан. Гэхдээ манай намын бүлэг үүнийг шийдээгүй байна. Сая ярьсан асуудал дээр юун түрүүн зөвшилцөнө. УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан шүүх засаглалтай холбоотой заалтуудыг хасаагүй.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)