Ё.Баатарбилэг: Сурах бичиг худалдаалах шаардлагагүй болсон

Хичээлийн шинэ жилийг угтан сургууль, цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн талаар БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг болон бусад албаныхан мэдээлэл хийлээ. БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэгийн ярьсныг дор сийрүүллээ.

10 мянган оюутан элслээ

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 850 гаруй сургуульд 644 мянган хүүхэд суралцана. Энэ нь өмнө жилийнхээс 50 орчим мянгаар нэмэгдэж байгаа юм. Харин цэцэрлэгт 275 мянган хүүхэд суралцана. Өмнөх жилийнхээс цэцэрлэгийн хүүхдийн тоо 15 мянгаар нэмэгдсэн. Ингэхээр цэцэрлэг, сургуульд суралцах хүүхдийн тоо нийтдээ 65 мянгаар нэмэгдлээ. ЕБС-д 44 мянга орчим багш, цэцэрлэгт 10 мянга, их, дээд сургуульд долоон мянган багш байгаа. Их, дээд сургуульд 140 орчим мянган оюутан суралцана. Энэ жил маш бага элсэлт авсан. Жилд 30-40 мянган оюутан элсдэг бол энэ жил 10 мянган оюутан элслээ. Энэ нь хүн амын тухайн жилийн төрөлт, хичээлийн хөтөлбөр өөрчлөгдсөнтэй холбоотой юм.

Сурагчдын амралт тодорхой болсон

Хичээлийн жилийн бүтэц батлагдсан. Хичээлийн жилийн бүтэц гэдэгт сурагчдын амралтын хуваарь багтдаг. Энэ жил бага анги 32 долоо хоног, дунд анги 33 долоо хоног байна. Нийслэл орон нутаг мөн ялгаатай байна. Нийслэлд өвлийн утааны улирлаар урт амарна. Орон нутагт хавар мал төллөх үеэр урт амарна. 2019-2020 оны хичээлийн жилд тавдугаар сарын сүүлээс зургаадугаар сарын эхээр сурагчдын зуны амралт эхэлнэ.

Боловсролын салбарын багц хууль боловруулж байна

БСШУСЯ энэ онд гурван том зорилт тавьсан. Нэгдүгээрт, салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлтэй холбоотой. Хоёрдугаарт, салбарын хөрөнгө оруулалтын үр нөлөөг сайжруулна. Гуравдугаарт, салбарын дотоод үйл ажиллагааг сайжуулах. Энэ хүрээнд бид өнгөрсөн хугацаанд нэлээн шахуу ажиллаа. Салбарын 13 хууль, есөн үндэсний хөтөлбөр батлуулахаар 2016-2020 оны төлөвлөгөөнд туссан. Одоогийн байдлаар Боловсролын салбарын багц хууль боловруулж байна. Кино урлагийг дэмжих тухай хууль УИХ-д өргөн барьсан. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга өргөн барьсан. Музей, номын сан, соёлын өвийн тухай хуулийг боловсруулж байна. Намрын чуулганаар өргөн барина. Инновацийн тухай хууль, Технологийн тухай хуулиа өргөн  барьсан.

48 сургууль, 93 цэцэрлэг барьж байна

Монгол Улсын Засгийн газраас гурван ээлжийг хоёр ээлжид шилжүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд их хэмжээний хөрөнгө оруулалтыг уг ажилд зарцуулж байгаа. 2019 оны байдлаар 21420 хүүхдийн суудал бүхий 48 сургууль ашиглалтад орно. 13 мянган хүүхдийн суудалтай 93 цэцэрлэг ашиглалтад орно. Сүүлийн 10 жил магадгүй түүнээс өмнө ч ийм их сургууль, цэцэрлэг нэг жилд ашиглалтад орж байгаагүй. Салбарын хэмжээнд нийт 603 төсөл хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл, 603 сургууль, цэцэрлэг, соёл, спортын байгууллагын барилга баригдаж байна гэсэн үг. Ийм их ачааллыг авч бид ажиллаж байна. Одоогоор салбарын хөрөнгө оруулалтын хувь 70 орчим хувийн гйүцэтгэлтэй байна. Энэ онд салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 90 орчим хувьд хүрэх байх.

Эцэг, эхчүүдтэй гэрээ байгуулна

Энэ хичээлийн жилээс эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ. Хүүхдүүддээ хандах эцэг, эхчүүдийн хандлага янз бүр байна. Түүнээс болж хүүхэд хамгааллын асуудал орхигдож байна. Тиймээс эцэг эхчүүдтэй гэрээ байгуулахаар болсон. ЕБС-д суралцагчийн эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээний үлгэрчилсэн загвар баталсан. Энэ гэрээнд тусгаснаар эцэг, эх асран хамгаалагчийн эрх үүрэг гэж байгаа.

Хүүхэд бүрт сурах бичиг өгнө

Өнгөрсөн жил бага ангийн хүүхдийн сурах бичгийг төрөөс хангаад, дунд, ахлах ангийн амьжиргааны түвшин доогуур амьдралтай хүүхдийн сурах бичгийг хангаад, үлдсэн нь өөрсдөө номоо авдаг байсан. Энэ жил сурах бичгийн мөнгө төсөвт байхгүй байсан ч бид хэд хөөцөлдөж байгаад Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт босгоод сурах бичгийг хэвлэж байна. Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт авах гэрээ урт хугацаанд үргэлжилсэн тул сурах бичгийн хэвлэлт оройтсон. Энэ жил бүх хүүхдүүдэд сурах бичиг очно. Өөрөөр хэлбэл, сургуулиудад хүүхдийн тоогоор сурах бичиг өгнө. Сургууль хүүхдэд номоо түрээслүүлнэ. Сурах бичиг худалдаалах шаардлагагүй болсон.

Монгол хүн болгож төлөвшүүлэх хичээл орно

“Иргэний боловсрол” хичээлийг бүрэн шинэчилсэн. Энэ хичээлийг “Монгол ёс, хүмүүжил” хичээл болгож байгаа. Өмнө нь “Иргэний боловсрол хичээлийн номыг хийхдээ энд тэндээс янз янзын зураг эвлүүлээд хэвлэдэг байсан. Харин энэ “Монгол ёс, хүмүүжил” хичээлийн сурах бичиг дээр зургийн баг, сурах бичиг зохиох баг ажилласан. Би, чи, бид гэдэг  агуулгатай. Энэ хичээл 1-5 дугаар ангид орно. Ингээд Монгол хүн болгож төлөвшүүлэх хичээл хүүхдүүдэд орно. Монголын нэртэй эрдэмтдийн хийсэн хөтөлбөрийн дагуу энэ хичээлийн сурах бичгийг зохиосон.

Багш нарын ачаалал буурна

2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрөө сайжруулсан. Үүнийгээ дагаад энэ хичээлийн жилийн зорилт маш тодорхой болсон. Үндсэндээ багш нарт гол эрхийг нь өгсөн. “Багш нар цагаа зохицуул, багш нар хичээлийнхээ бэлтгэлийг сайн базаа, багш нар хичээлээ сайн заа. Суралцагчдынхаа чанар, амжилтыг ахиул. Агуулгын хоцрогдолгүй сургая. Багш нарт нэмэлт ачаалал үүсгэхгүй байя. Мөн эцэг эхчүүдийн оролцоог нэмье” гэж байгаа. Өмнөх жилүүдэд ерөнхий том зорилт тавьдаг байсан бол энэ жил багш, хүүхэд, эцэг эх рүү чиглэсэн зорилт дэвшүүлсэн. Үндсэндээ багш бүрт боломж олгож байна гэсэн үг. Хичээлийн хөтөлбөр өөрчлөгдсөнтэй холбоотой хэд хэдэн ахиц гарна. Нэгдүгээрт, багш нарын ачаалал буурна. 1-5 дугаар анги буюу бага ангийн багшийн хичээлийн цаг долоо хоногт 19 байсан бол 17 цаг болж буурсан. Мөн олон хөтөлбөрийн агуулгын давхацлыг арилгасан. 20 гаруй олимпиад сурагчдын дунд болдог байсныг есөн төрлийн олимпиад болгосон.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. "Нийслэлд өвлийн утааны улирлаар урт амарна." гэжээ. Түүхий нүүрсгүй, утаагүй өвөл болох байх гэж бодож байсан юмсан.

    0 0 Хариу бичих
  2. Хэн тэр номнуудыг түрээслэж мөнгийг нь цуглуулж тушаах вэ? Дахиад л нөгөө хэдэн үйлтэй Багш нараараа тараалгах уу?

    0 0 Хариу бичих