Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км авто зам ашиглалтад оржээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллав.

Энэ хүрээнд Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 километр хатуу хучилттай авто замыг ашиглалтад хүлээн авч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээв. Энэхүү автозам ашиглалтад орсноор баруун аймгуудыг холбосон хэвтээ тэнхлэгийн авто замын сүлжээнд хамрагдах таатай боломж бүрдэж байна. Төслийг Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экзим банкны санхүүжилтээр 2017 оны зургаадугаар сард эхлүүлж, энэ оны долоодугаар сард Улсын комисс хүлээн авсан бөгөөд авто замын барилгын ажлыг нийт 13 сарын хугацаанд барьж дуусгажээ.  Говь-Алтай аймгийн төвийг нийслэлтэй холбох хатуу хучилттай авто замын нэг хэсэг болох “Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто зам”-ыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр ийнхүү гэрээт хугацаандаа ашиглалтад оруулжээ.

Дээрх авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай аймгийн төдийгүй дайран өнгөрөх Ховд, Баян-Өлгий аймгийн ард иргэд тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломжтой болж, эрүүл мэнд, боловсрол болон бусад нийгмийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, цаг алдалгүй хүртэх боломж бүрдэх аж.

Б.Энх-Амгалан сайд албан томилолтын хүрээнд Байдрагийн гүүрээс Говь-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын барилга угсралтын ажлын явцтай танилцлаа. Дээрх чиглэлийн авто замын барилгын ажлыг эхлүүлээд гурван сар болж байгаа бөгөөд ажлын явц одоогоор 37 хувьтай үргэлжилж байна. Ерөнхий гүйцэтгэгч "Макс Рөүд" ХХК-ийн удирдлагуудын өгч буй мэдээллээр авто замын ажлаа бүтээн байгуулалтын богино хугацаанд барьж байгуулахын тулд шаргуу ажиллаж, авто замын барилгын ажилд ашиглах түүхий эд боловсруулах 13 үйлдвэрийг байгуулан ажиллаж байгаа аж. Дээрх чиглэлийн авто замын барилгын ажилд 400 гаруй хүн хүч, 200 гаруй машин, техник ажиллаж байгаа ба авто замын трасс дагуу даваа, хад чулуу ихтэй ч одоогоор 40 гаруй километрт асфальтан хучилт хийхэд бэлэн болгожээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хаанаас хаа хүртэл гэдгийг газрын зураг дээр заагаад хавсргаж болдогүй юм байхдаа энэ сэтгүүлч нэртэй болхи гарууд

    2 0 Хариу бичих