Монгол-Оросын хамтарсан экспедиц байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэж байна

Монгол орны өргөн уудам нутагт маш их цаг хугацааг хамарсан далайн болон эх газрын хурдсын амьтан ургамлын цогц судалгааны суурийг тавих, эхлүүлэх, Монгол Улсад  эрдэм шинжилгээний хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, ялангуяа шинжлэх ухааны доктор ба боловсролын докторыг олноор бэлтгэх,  шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах  зорилготойгоор 1969 онд Монгол-Оросын хамтарсан биологийн болон  палеонтологийн экспедиц байгуулагдсан түүхтэй.

Тэр үеэс одоог хүртэл хээрийн судалгааг хоёр орны эрдэмтэд  тасралтгүй  явуулсаар иржээ. Өөрөөр хэлбэл, энэхүү түүхэн хугацаанд Монгол орны байгалийн нөхцөл, биологийн нөөц баялаг, биологийн олон янз байдлын болон кембрийн өмнөх үеэс дөрөвдөгчийг хүртэлх 600 орчим сая жилийн түүхтэй эртний амьтан, ургамлын судалгааг өргөн цар хүрээтэй явуулж, онол практикийн гүнзгий ач холбогдолтой судалгаа шинжилгээний асар их мэдээлэл, материалыг буй болгож дэлхий дахинд алдаршсан томоохон үр дүнд хүрч чадсан байна. 

Хагас зуун жилийн энэхүү түүхэн ойг тохиолдуулан Монгол-Оросын хамтарсан биологийн болон палеонтологийн экспепицийн 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. Тус экспидицийн 50 жилийн ойг ёслон тэмдэглэж байгаа нь хамтын ажиллагааныхаа үр дүнг нэгтгэн ярилцах, олон улсын ач холбогдол бүхий шинжлэх ухааны иж бүрэн мэдээллийн эх сурвалжийг бий болгох, цаашдын үйл ажиллагааныхаа бодлого, зорилтыг тодорхойлох өргөн боломжийг нээж байгаа юм. Цаашид хамтарсан экспидицийн цар хүрээ өргөжиж судалгааны үр дүнгүүд зөвхөн эрдэм шижилгээний төдийгүй хүн-байгалийн харилцаа холбооны урт хугацааны урьдчилсан мэдээ, байгаль орчны гамшгаас урьдчилан сэргийлэх өргөн боломжийг тодорхойлоход шинжлэх ухааны нэн чухал үндэслэл болно  гэж хоёр орны эрдэмтэд үзэж байна.

 Энэхүү ойн арга хэмжээнд оролцохоор ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Сергеев Александр Михайлович тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын ШУА-ийн урилгаар манай улсад айлчилж ирээд байна. Хоёр орны эрдэмтэн судлаачид оролцсон тус хурлын үеэр Биологи болон палеонтологийн хамтарсан экспедицийн хагас зуун жилд судалж шинжилсэн судалгааны ажлын үр дүнг хэлэлцсэн илтгэл тавигдаж байгаа юм.  Мөн түүхэн хугацаанд хийгдсэн судалгааны ажил, эрдэм шинжилгээний ололт амжилтыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгджээ.     


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)