Р.Надаль “US open”-д дөрөв дэхээ түрүүллээ

Талбайн теннисний энэ оны сүүлийн “Их дуулга” Америкийн нээлттэй тэмцээн өчигдөр Испанийн алдарт Рафаэль Надалийн ялалтаар өндөрлөлөө. Шигшээ тоглолтод тэрээр ОХУ-ын шинэ од Даниил Медведевийг таван үеийн /7:6, 6:3, 5:7, 4:6, 6:4/ хүнд өрсөлдөөний дүнд буулган авсан юм. Энэ нь түүний Америкийн нээлттэй тэмцээний дөрөв дэх түрүү юм.

Энэ түрүүг авснаараа Р.Надаль олон содон амжилтыг тогтоосон. Тухайлбал, 33 настайдаа түрүүлснээр Кен Роузеллоос хойш тус тэмцээнд түрүүлсэн хамгийн ахмад теннисчин боллоо. Мөн таван удаа нэг улиралд дор хаяж хоёр “Их дуулга”-д түрүүлсэн /Энэ улиралд Францын нээлттэй тэмцээнд түрүүлсэн/ ховор амжилтын эзэн болов. 30-аас дээш насандаа таван “Их дуулга” хүртсэн нь дээд амжилт болжээ.

Гэхдээ Р.Надалийн хувьд хамгийн чухал нь бүх цаг үеийн хамгийн шилдэг нь болоход нэг алхам ойртсон явдал юм. Тэрээр 19 дэх “Их дуулга”-даа түрүүлж, бүх цаг үеийн шилдэг Рожер Федерерээс ердөө ганц цомоор дутуу болсон юм.

Даниил Медведевийн хувьд, цаашид теннисний ертөнцөд том тоглогч байна гэдгээ энэ тоглолтоор хангалттай батлан харууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)