Бодит зүүд

Тэрээр шөнө дунд хүн амьтангүй харанхуй гудамжаар алхаж явлаа. Яагаад хар шөнөөр гав ганцаараа хаашаа таваргаж байгаагаа ойлгодоггүй. Бодвол гэр рүүгээ алхаж байгаа байх, гэтэл энэ дүнсгэр гудамжийг огт таньж чадсангүй. Гудамжны хоёр талаар ганц хоёр давхар байшингууд битүү эгнэсэн авч гэрэлтэй ганц ч цонх алга. Ядахнаа ийм газар хаа нэгтэй золбин муур нохой давхиж явдагсан. Тэнгэрт хавирган сар дөнгөж ёлтойх төдий нь эрхбиш гудамжинд амь төдий гэрэл өгсөний хүчинд юу юугүй байшин сав, шонгийн мод мөргөчилгүй алхах бололцоо олгох төдий. Гэтэл гэнэт хөлийн чимээ бололтой тог тог гэх дуу алсад бүдэг сонсогдож эхэлснээ нааш чиглэж буй бололтой улам тодрох нь тэр. Их л хатуу ултай гутлын чимээ цардсан зам дээр товшин улам ойртоно. Эргээд хартал хар бараан дүрс нэлээд шаламгай араас нь хөөх маягтай. Зугтаалаа. Харанхуй гудамжинд ороод нуугдчихмаар ганц ч газар үгүй. Хөлөндөө л найдахаас. Бараан дүрс улам ойртон амьсгал нь шилэн дээр нь мэдэгдэж эхлэв. Мань эр нэгэн онгорхой хаалга байгааг харанхуй дундаас ялган ажигласан боловч эрчээрээ гүйгээд хажуугаар нь өнгөрчихжээ. Хар дүрс түүнийг бариад авсан уу, түлхээд унагасан уу бүү мэд, цааш нь юу болсныг мэдсэнгүй. Ухаан алдсан байхаа.

Маргааш нөгөөдөр нь ч юм уу, бүү мэд, дахиад өнөө л гудамжиндаа өнөө л хар бараан дүрстээ хөөгдөв. Урьд нь ажигласан хаалга руугаа үсрэн оров. Цааш хананд тулчихлаа. Ямар нэг нүх, цоорхой, хаалга цонх байна уу хэмээн тас харанхуйд тэмтэрсэн боловч чийг даасан нойтон хана гөлийгөөд гарт нь юу ч таарсангүй. Гайхал шил даран хөөсөөр араас нь ороод ирлээ. Бараг тулаад зогсчихжээ. Амьсгаадна. Халуун амьсгаа нь нүүрийг нь үлээх аж. Одоо яах гэж байгаа юм бол? Хутгалах уу, буудах уу, эсвэл зүгээр л зодох юм болов уу?

-Чи надаар яах гээд байгаа юм бэ?

-Та яалгамаар байна? гэж бараан дүрс хачирхалтай нь туйлын эелдэг хоолойгоор хариу асуудаг байгаа!

-Намайг зүгээр орхи, Одоохон эндээс зайл.

-За за хэмээн эелдэг дуут бүр ч найланхай өгүүлээд яваад өгчихлөө.

Хамаг бие нь сулран мэдээ алдах шиг. Цааш нь юу болсоныг бүү мэд.

Дахиад л хөөгдлөө, залхмаар юм! Харин мань хүний айх нь гайгүй болжээ. Зугтааж байснаа зогсоод:

-Муу шаар минь, чи намайг яа гээд байгаа юм?

-Та яалгамаар байна?

-Чамайг дахиж битгий үзэгд гэсэн шүү дээ.

-Та өөрөө шөнө болгон дуудаад байх юм байна.

-Хэн чамайг дуудсан, би юу даа?

-Би таны зүүд. Та намайг өөрөө зүүдэндээ дуудчихаад айж зугтаагаад, тэгснээ хөөгөөд л...

-Чи тэгээд миний хүссэнийг хийдэг юм уу?

Зүүдний бараан дүрс толгой дохиж байна. Хачирхалтай нь мань хүн огт гайхсангүй, зүүд болохоороо тэгдэг юм байлгүй.

-Энэ харанхуй гудамжийг гэрэлтүүлээч, тэгвэл.

Гудамжны гэрэл нилс хийн аслаа. Гэрлийн ийм шонгууд урьд нь байсан л юм байх даа? Гэрэлтэй хоосон гудамжны хоёр талаар эртний хэдэн давхар барилгууд эгнэжээ. Доошоо харвал зам нь чулуун шигтгээтэй. Хуучны Европынх. Урьд нь ийм гудамж, ийм хот харж байсан санагдана. Хажуу тийш харвал бараан дүрс маань толгой дээрээ хар алчуур нөмөрч гартаа хадуур барьсан араг ясан үхдэл. Мань хүн айсан ч үгүй, цочсон ч үгүй, ийм ороолон аймшгийн киноноос үзэхээрээ нэг болсон.

-Өө за за, миний хамсаатан чинь чөтгөр шулам, үхдэл ороолон болж таарав аа?

- Таны л хүсэл, таны л захиалга.

Мань эр хэсэг бодол болон чимээгүй зогссоноо:

-Чи тэгвэл хорвоогийн хамгийн хөөрхөн хүүхэн бодоодох доо. 

Ийм үзэсгэлэн төгөлдөр бүсгүй хараад мань эр тэсгэл алдлаа. Найргаж цэнгэе гэж гуйхад хүүхэн татгалсангүйгээр барахгүй шууд л тэврээд авах нь тэр. Цэнгэлийн манлайд хүрдгийн даваан дээр яг л кинонд гардаг шиг хүүхний соёо гэнэт урган хүзүү рүү нь шигтгэлээ. Тэгээд цааш нь яасныг бүү мэд.

Эхнэр нь алах нээ!

-Ичдэггүй хог. Яаж чи тийм чөтгөр шулам, үхдэл зомби, цус сорогчтой унтаж чадаж байнаа? Үнсэж таалж, долоож хөхөж байгааг нь хараач ээ, ээ чааваас. Цусаа соруулаад тэр чигтээ үхчихгүй яаваа...

Энэ лав зүүдний үргэлжлэл... энэ авгай юу гээд байгаам бэ!

Гэтэл “энэ авгай” түүнийг тархийг нь дүүртэл хайруулын тогоогоор толгой руу нь дэлсэж аваад гэрээсээ хөөн түлхэж гаргав. Зүүд мөртөө ингэж өвддөг юм байх даа?

Гадаа хөрш нь тааралдав:

-Чи мөн хөгөө хутгав аа? Араг ястай янаглаж байгаад хүзүүндээ цус сорогчийн соёо шигтгэдгүүлдэг... ха ха ха... ёо ёо ёо...

Зүүд замбараагаа алдлаа, энэ өдөр хүн болгон түүнийг танихаар барахгүй шоололдон, “өнөөх чинь...” хэмээн биендээ заан инээлдэнэ.

Дахиад л өнөө харанхуй гудамж, Мань эр зугтаах битгий хэл араг ясыг хүлээж байгаад гараад ирэхээр нь угтан гүйв. Заамдаж аваад сэгсрэхэд хэлхээ яс шаржигнана.

-Чи яахаараа цус сорогч болоод миний хүзүү рүү соёогоо дүрэв?

-Таны л төсөөлөл шүү дээ. Би буруугүй, та зүүдээ өөрөө зохицуулж байгаа.

-Тэгвэл яагаад манай эхнэрээс авахуулаад бүгд мэдэж байгаа юм?

-Тэрийг би мэдэхгүй. Би зөвхөн таны зүүд. Харин бодит амьдралд болж буй юмыг би мэдэхгүй, надад огт хамаагүй.

-Миний зүүдийг бүгдээрээ үзсэн хэрэг үү?

-Тийм л болж таарлаа.

Юм тодорхой боллоо! Мань хашир өөрөө зүүдээ удирддаг юм байна. Зүүдийг нь бусад хүмүүс үздэг юм байна!

Ингээд зүүдээ зохицуулж гарлаа. Хар нөмрөгтэй араг ясан үхдэлийг өөрчилж царайлаг залуу болгон солиод өөрийн туслах гэж нэрлэх болов. Уулздаг гудамждаа орчин үеийн өндөр барилгуудтай тохитой өргөн чөлөө болголоо. Саргүй харанхуй шөнийг зуны нартай тунгалаг өдрөөр солив. Гудамжинд хөлхөх, машин тэргээр явах хүмүүсийг өөрийн таньдаг таньдаггүй баахан хүнээр дүүргэлээ. Тэд бүгд аж жаргалдаа умбан инээд хөөрөөр бялхсан жаргалтай ард олон. Мань хүн өөрөө болохоор энд ч туслаад л, тэнд ч дэмжээд л... Хөгшин настныг түшинэ, хүүхэд багачуудад бэлэг тараана, залууст урам хайрлана. Хот гудамжаа улам гоё болгож, санаанд орж ирсэн болгоноороо өөрчлөн тордоно. Хүмүүс түүнийг улам улам хайрлан хүндэтгэж буй нь илэрхий.

Үнэндээ аль нь зүүд, аль нь үнэн байдал болох нь огт ялгарахаа болилоо. Эрх биш байшин барилга, гудамж талбайны байгаа төрхөөр нь нэг муу юм ялгаад байх шиг. Гэвч түүнд хандаж байгаа жаргалтай хүмүүсийн хайр талархал яг ижил. Сүүлдээ ч асар гоё хотын барилга, тааруухан гудамжтай ядруухан гудамжны төрх хоёрын аль нь жинхэнэ, аль нь хий хоосон болохыг ч мэдэхээ болив. Гэвч энэ нь тийм чухал юм гэж үү дээ? Гол нь баяр хөөрөөр бялхсан энэ ард олон түүнд ямар ч тохиолдолд хайртай дуртай, алхам тутамдаа талархаж хүндэтгэж байгаа нь л чухал шүү дээ.

Нэг өдөр наршсан уу яасан гэнэт хамраас нь цус гараад тогтдоггүй ээ. Зүүд жинхэнэ хоёрынхоо хаана нь байгааг мэддэггүй ээ. Бодвол жинхэнэ нь байх, тийм биш бол өөрөө хүсэнгүүт цус тогтох ёстой. Юутай ч хайртай олон түмэн нь тал талаас шаван ирж түүнд чадлаараа тусалцгаав. Газар хэвтүүлээд духан дээр нь мөс тавина, алчуураар нүүрийг нь норгон арчина, хүн болгон л ихэд сандарч. Тэдний жаргалтай царай гэнэтийн цочролд ороод айсан, өрөвдсөн, яах учраа олохоо больсон, арга нь барагдсан төрхтэй болж гэм. Гэтэл “Удирдагчийн цус нь ямар гоё амттай юм бэ!” гэсэн хүүхдийн шингэн дуу часхийв. Харвал нэг бяцхан жаал цус болсон алчуурыг нь долоож байдаг байгаа. Удирдагч болчихсон юм байна шүү дээ! Нээрэн тийм л дээ, олон түмний хүлээн зөвшөөрөгдсөн толгойлогч болоод удаж байгаа шүү дээ. Ард түмэндээ ингэтлээ хайрлагдсан удирдагч өмнө хожид хаана ч байгаагүй.

Газар өвдөглөөд толгой дээр нь тонгойсон нэг царайлаг хүүхэн түүний хамар дээр бурзайсан хөлсийг дунд хуруугаараа арчин өндгөө хэлэндээ хүргэв. “Хөлс нь, хөлс хачин сайхан амттай” гэх нь тэр. Хүмүүс тал талаас дайрлаа. Хутга шөвөг ч харагдаж байх шиг. Биеийнх нь энд тэндгүй шир хийн огтчиж байгаа бололтой тэсэхийн аргагүй өвдөнө. Хүмүүс юу гээд байгаа нь үл ойлгогдоно, бөөн л хашгираан орлилдоон. Нүдийг нь ухаад авчих шиг боллоо, тас харанхуй нөмрөв. “Амьд хүн барьж идэхдээ тултал өлссөн юм байх даа?” гэсэн бодол бүүр түүр орж ирлээ. “Нээрэн, хоол тараагаагүй их удсан юм байна!”. Тэгээд цааш нь юу болсныг бүү мэд.

Энэ явдал зүүдэнд нь болов уу, жинхэнэ амьдрал дээр тохиов уу, мэдэх юм алга. Юутай ч тэр дахиж зүүдлээгүй, хоёр ертөнцийнхөө алинд нь ч ахиж очоогүй, тэгэхээр зүүд биш жинхэнэ амьдралд ийм явдал болсон байхаа?!


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Халтуурдах бишээ сүүлийн үед Ардчилалынхан болох Батүүл Баабар нар их Будилуу болцгоогоод байгаа юм, Ардчилалаа аварья ч гэх шиг Ардчилал байхгүй боллоо ч гэх шиг, Эд нар Хэнээс Ардчилал аа Аврах гээд байгаа нь сүүлийн үед Иргэд олон нийт бүүр ойлгохоо байсан, Ард иргэдээсээ Аврах гээд байгаа юмуу эсвэл Өөрсөдөө Устгасан Ардчилал аа Өөрсөдөөсөө Элбэгдорж СЭрдэнэ Эрдэнэбатаасаа Аврах гээд байгаа юмуу бүүр гайхаад байх юмаа, Эд сүүлийн үед их л Будлиу болцоосон юм шиг байгаа юм даа, Баабарын бичиж Нийтэлж байгаа юм энэ тэр нь Галзуу хүний Өдрийн тэмдэглэл шиг юм бичээд Нийтлээд Улс амьтаны Доог тохуу болоод байх,

    0 0 Хариу бичих
  2. Тийм ч сайн биш болжээ.Сүүлийн үед халтуурдаад байна уу даа.

    0 0 Хариу бичих