НОСК-ийн системд нэвтрэн бусдаас мөнгө авсан, залилсан үйлдэл гарчээ

Авлигатай тэмцэх газар сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ. Энэ үеэр АТГ-ын ХМОНХХ-ийн дарга Т.Баярхүү олны анхаарал татсан хэргүүдийн талаар товч мэдээлэл өгсөн юм.

-Шүүгч нартай холбоотой хэргийг шалгах явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлага гарсан. Энэ үед шүүгч асан С.Төмөрбат ОХУ-аар дамжин АНУ-д очсон гэсэн мэдээлэл ирсэн. Бид түүнийг буцаан авчрахаар ажиллаж байна. 

-С.Баяр, Ч.Сайханбилэг. С.Баярцогт нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дууссан. Холбогдогч нар хавтаст хэрэгтэй танилцуулж байгаа. Энэ ажиллагаа дуусмагц дараагийн шатанд шилжүүлнэ. 

-ЭМДЕГ-ын дарга болон удирдлагын шатны хоёр хүнийг сэжигтнээр тооцон баривчилсан. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. 

-ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудын хэргийг шалгаж, эхний ээлжинд 13 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эдгээр хүмүүсийн гэмт буруутай эсэхийг тогтоож байж, дараагийн хүмүүсийн хэргийг шийднэ.

Тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад дараах хариултуудыг өглөө.

-Гаалийн байцаагчдаас гадна одоо мөрдөж шалгаж байгаа хэргүүдээс танилцуулахгүй юу?

-Хамгийн том жишээ бол Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлтэй холбоотой асуудал. Тухайн үед энэ зээлтэй холбоотой асуудал ил тод байдлын шаардлагыг хангахгүй байна гэдэг зөвлөмжийг хүргүүлсээр байсан ч энэ гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн. Одоо нэр заан хэргүүдийг хэлэхгүй боломжгүй. Тодорхой хэргүүд байгаа.

-Энэ төрлийн гэмт хэрэг аль салбар дээр гэмт хэрэг илүү давтамжтайгаар гараад байгаа бол?

-Манайд ирүүлж байгаа өргөдөл, гомдлын асуудал боловсрол, эрүүл мэнд дээр их гардаг. Энэ нь хамрах хүрээ өргөн байгаа гэсэн үг.

-НОСК-ын албан хаагчдад 6-7 сая төгрөгийн хахууль өгсөн  гэх асуудал бодит байсан уу?

-Нийслэлийн орон сууцны корпорацитай холбоотой асуудал дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Тухайн байгууллагад ажилладаггүй албан тушаалтнууд НОСК-ийн системд нэвтрэн бусдаас мөнгө авсан, залилан мэхэлсэн үйлдэл гарсан нь тогтоогдсон. Хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлээд шалгуулж байгаа.

Хурлын үеэр мөн төрийн байгууллагууд АТГ-ын зөвлөмжийг хүлээж авахгүй байгааг мэдэгдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)