Монголын багийн ээлжит учраа “Персийн арслангууд”

Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр 17.00 цагаас талбайдаа Тажикистаны шигшээ багийг хүлээж авч тоглоно. Энэхүү тоглолттой холбоотойгоор Тажикистаны шигшээ баг, Тажикистаны хөлбөмбөгийн талаар материал бэлтгэн хүргэж байна.

Катар 2022 ДАШТ, 2023 оны Азийн цомын тэмцээний эрх олгох Азийн бүсийн F хэсэгт манайхтай хамт Япон, Тажикистан, Киргизстан, Мьянмарын баг багтсан. Хэсгийн эхний тоглолтдоо манай баг “Азийн арслангууд” хочтой Мьянмарыг 1:0-ээр талбайдаа буулгаж авсан билээ. Тэгвэл манай дараагийн учраа нь “Персийн арслангууд” хочтой Тажикистаны шигшээ баг болж байна.   

Тажикистан улсад хөлбөмбөгийн спорт өнгөрсөн зууны 20-иод оноос хөгжжээ. Харин хөлбөмбөгийн холбоо нь 1936 онд байгуулагдсан аж. Дараа жил нь улсын аварга шалгаруулах тэмцээн зохиоход 20 гаруй баг оролцжээ. Тэрхүү тэмцээнд “Динамо” Сталинабад баг түрүүлж, улсынхаа хөлбөмбөгийн түүхэнд оржээ. 1938 онд цомын тэмцээнээ эхлүүлэхэд “Спартак” Ленинабад баг түрүүлсэн байна. Ленинабад хотын баг дараа жил нь СССР-ийн цомын тэмцээнд улсуусаа анх удаа оролцож, Ташкентын “Спартак”-ийг 2:1-ээр хожиж, Бакугийн “Локомотив”-т 0:4-өөр хожигджээ.

1947 онд Сталинабадын “Динамо” анх удаа СССР-ийн АШТ-д улсаа төлөөлж тоглосон байна. Тэгэхэд Дундад Азийн хэсэгт 25 оноогоор түрүүлж, улмаар зургаан хэсгийн аваргууд Москвад цуглан хэн нь ирэх жил дээд лигид тоглох вэ гэдгээ үзэхэд эрхээ авч чадсангүй. Ер нь Тажикистаны багуудаас ЗХУ-ын хөлбөмбөгийн лигт тоглосон ганц л баг байдаг нь “Памир”. Тус баг 1989-1991 онд гурван улирал дээд лигт тогложээ.

Тажикистаны хөлбөмбөгчдөөс ЗХУ-ын шигшээ багт тоглосон таван тоглогч байдаг нь Сергей Никулин, Эдгар Гесс, Олег Ширинбеков, Алексей Чередник, Сергей Мандреко нар бөгөөд тэд 1974-1991 оны хооронд тус бүр 1-4 тоглолтод оролцжээ. Гоол байхгүй.

1990-эд оноос хойш Азийн хөлбөмбөгийн холбоонд харьяалагдах болж, тэмцээн уралдаанд оролцоод явж байна. 2002 онд Гуамын шигшээг 16:0-ээр хожсон нь шигшээ багийн дээд амжилт аж. Азийн хөлбөмбөмбөгийн холбооноос хөлбөмбөгийн спорт буурай хөгжсөн орнуудын дунд зохион байгуулдаг “AFC Challenge Cup” тэмцээнд 2008 онд түрүүлсэн нь одоогоор тэдний хамгийн том амжилт юм. Энэ жил Австралийн шигшээд 0:7 хожигдож, БНАСАУ-ын шигшээд 0:1-ээр дийлджээ. ОУХХ-ны чансаа нь 119.  

 Хаалгач: Рустам Ятимов («Истиклол»), Шохрух Киргизбоев («Локомотив-Памир»), Фатхулло Бобоев («Регар-ТадАЗ»),
Хамгаалагч: Хуршед Бекназаров («ПС ТИРА», Индонез), Давронжон Эргашев («Хужанд»), Манучехр Сафаров («Хужанд»), Ахтам Назаров, Искандар Жалилов, Табрези Давлатмир, Зоир Журабоев (бүгд «Истиклол»),

Хагас хамгаалагч: Парвизжон Умарбоев («Локомотив», Болгар), Амирбек Журабоев («Навбахор», Узбекистан), Алишер Жалилов, Эхсони Панжшанбе, Мухаммажон Рахимов, Комрон Турсунов (бүгд «Истиклол»), Кароматулло Саидов («Куктош»), Илхомжон Баротов («Истаравшан»);

Довтлогч: Манучехр Жалилов («Персебая», Индонез), Жахонгир Эргашев («Хужанд»), Шериддин Бобоев («Истиклол»).
Ахлах дасгалжуулагч - Усмон Тошев.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)