Засгийн газар хуулиа зөрчсөн үү?

Монголын “саалийн үнээ” гэгддэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоогоод зургаан сар болчихлоо. Энэ хугацаа есдүгээр сарын 6-нд дуусгавар болсон юм. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хугацааг дахин зургаан сараар сунгуулахаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтааж чадсан. Гэвч ээлжит бус чуулган хугацаанаас өмнө Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлаад завсарлахаар спикерын захирамж гарчээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ талаар Засгийн газарт уржигдар мэдэгдэл хүргүүлсэн юм. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр ХХК-нд тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн талаар өнгөрсөн зургаан сард Улсын Их Хурал, олон түмэнд мэдээлсэнгүй. Энэ талаар УИХ болон олон нийтэд мэдээлэл өгнө үү” хэмээн дурдсан байна.

Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 3-т  “...тухайн үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал арилаагүй бол хугацааг нь сунгах тухай саналаа уул хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө Монгол Улсын Бага Хуралд оруулж байхыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай. Монгол Улсын Бага Хурал зайлшгүй шаардлагатай гэж үзвэл онцгой дэглэмийг нэг удаа 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж заажээ.

Онцгой дэглэмийн хугацаа дуусаад тав хонож байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой олон ам.долларын нууц гэрээ хийгдсэн гэх тухай мэдээлэл ч гарчээ. Иймээс төрийн тодорхой хэлбэл Сангийн яамны шууд хяналт дор ажилласан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа холбогдох Байнгын хороонд тавих шаардлага үүсч байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)