ТББХ: Байгалийн баялаг ард түмний мэдэлд байхаар хуульчилна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргажээ. Тэрээр, Өчигдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тодорхой санал тавьсаныг дурдлаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.15-д “Байнгын хороо хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө Ерөнхийлөгч, Засгийн газар уг төсөлтэй холбогдуулан санал ирүүлсэн бол тухайн Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлэг хийх үед уг саналыг хуралдаан даргалагч танилцуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл гишүүд асуулт асууж, тайлбар авч болно” гэж заасан байдаг учир тэрхүү дэгийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан асуудлыг ярилцаад явсан нь зүйтэй байх гэлээ.

Түүнчлэн Ард нийтийн санал асуулга явуулах зардалтай холбоотой асуудлыг дахин нэг ярилцах шаардлагатай байгаа учраас хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгнө үү хэмээлээ.

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал горимын саналтай холбогдуулан тайлбар хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан тавьсан санал Төрийн байгуулалтын байнгын хороо уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлтээ гаргасан хойно ирсэн гэдгийг тэрбээр онцолсон. Одоо энэ асуудал чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаас шаардлагатай гэж үзвэл Төрийн байгуулалтын байнгын хороонд буцааснаар асуудлыг хэлэлцэх боломж бий гэлээ. Гэхдээ ард нийтийн санал асуулга явуулах зардал мөнгө, санал асуулга явуулах өдөртэй холбоотой асуудлыг хэлэлцэх боломжтой гэдгийг дурдсан.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед хуралдаан даргалагчийн зүгээс Үндсэн хуулийн 6.2 дах хэсэг буюу буюу байгалийн баялагтай холбоотой заалтыг дахин хэлэлцэж, УИХ-ын нэр бүхий 20 гаруй гишүүний гаргасан саналыг тусгаад дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ анхаарах чиглэлийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу өгсөн гэдгийг тэрбээр дурдлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 6.2 дахь хэсэгтэй холбоотой хоёр санал хэлэлцэгдсэн ч аль аль нь олонхын дэмжлэг аваагүй унасан учир УИХ-ын 68 дугаар тогтоолоор батлагдсан Ажлын хэсэг дахин хуралдаж, нэгдсэн нэг саналын томьёоллыг бэлтгэн оруулж ирсэн гээд уг асуудлаар санал хураалт явуулан шийдвэрлэх боломжтой гэлээ.

Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэхээр саналын томьёоллыг боловсруулжээ.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд дээрх саналын томьёоллыг 100 хувь дэмжсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)