Н.Цэрэнбат: Ноён уул орчимд өгсөн 12 лицензийг хэрхэн олгосныг шалгана

Засгийн газрын хуралдаанаар Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж, саналаа УИХ-д өргөн барихаар болсон юм. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ.

Тэрээр “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах, ингэхдээ дархан цаазат газар болгож ангилал ахиулахаар болж байна. 1995 оны зургадугаар сарын 29-нд Сэлэнгэ аймгийн ИТХ тус уулыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж байсан юм байна. Түүнээс нэг өдрийн өмнө хамгийн анх 359.7 га газарт алтны хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгосон нь тогтоогдсон. Түүнээс хойш энэ бүс нутагт нийтдээ 12 лицензийг таван аж ахуйн нэгжид олгосон байна. Тодруулбал, 1995 оны арванхоёрдугаар сар, 1997 оны тав, арваннэгдүгээр сар, 2000 оны наймдугаар сар, 2001 оны зургаа, есдүгээр сар, 2002 оны нэгдүгээр сар, 2004 оны арваннэгдүгээр сард лиценз олгогдсон. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын наймдугаар сарын 14-ний 320 дугаар тогтоолоор батлагдсан, Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэгт Ноён уул орчимд олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн материалын бүрдүүлэлтэд хуулийн зөрчил байгаа эсэхийг шалгах, хууль хяналтын байгууллага хяналт тавихыг даалгасан” гэлээ.

Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумд буюу хоёр аймгийн гурван сумын нутаг дэвсгэрийг дамнасан байгалийн тогтоцтой, археологийн үнэт олдвор, ашигт малтмалын нөөц бүхий уул юм. Ноён уулыг анх 1995 онд Сэлэнгэ аймгийн ИТХ-аас орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг бол 2015 онд уг жагсаалтаас хасч хилийн заагийг өөрчлөн тогтоосон байжээ. Үүнийг мөн онд  цуцалж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-аас санал гаргаж  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь 11187,05 га газрыг Байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сум дахь 650,0 га газрыг Дурсгалт газрын ангиллаар тус тус УИХ-ын шийдвэрээр улсын тусгай хамгаалалтад дахин авчээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)