Найман жил хүлээгдэж буй шинэ сургуулийн нээлт хойшилсоор...

Баянзүрхийн товчоо орчимд баригдаж байгаа шинэ сургуулийн барилгыг хүлээсэн сурагч, эцэг эхчүүд найм дахь жилтэйгээ золгож байна. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сар хүртэл Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны хүүхдүүд модон жорлонтой, галладаг зуухтай актлагдсан бага сургуульд эрдэмд шамдан суралцсаар байсан юм.

Шинээр баригдаж байгаа 126 дугаар сургууль төв замд ойрхон, саруул цэлгэр гээд давуу тал олонтой ч ашиглалтад орох гэсээр гурван жил дуншиж байна. Хичээлийн шинэ жилин эхэнд нээгдэх учиртай байсан уг сургуульд 640 хүүхэд суралцах багтаамжтай.

Энэ хавар хаалгаа барьсан бага сургуулиас холгүйхэн төв замын хажууд шинээр барьж байгаа сургууль харагдах аж. 

 

11 дүгээр хорооны иргэн “Манай хүүхэд энэ жил нэгдүгээр ангид орсон. Зургаадугаар сарын эхэн хүртэл хуучин байрандаа бага ангийн хүүхдүүдийн хичээл нь орж байгаад зуны амралт нь эхэлсэн. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр 68 дугаар сургуулиас хүмүүс ирж бага сургуулийн бүх ширээ сандлыг ачаад явсан. Гэтэл есдүгээр сарын 1-нд 126 дугаар сургууль дээр хичээл ороогүй. Наймдугаар сарын 25-нд хүүхдээ бүртгүүлэхээр очиход 92 дугаар сургууль дээр бүртгүүлээд тэнд есдүгээр сарын 9-н хүртэл 5 хоног хичээллэж байхаар болсон гэж хэлсэн. Одоо нэгдүгээр ангийн гурван бүлгийн 60 гаруй хүүхэд Шархадны Эрдэнэ толгой дээр байрладаг 92 дугаар сургууль дээр гурван ээлжээр хичээллэн хүндрэлтэй байна. 92 дугаар сургууль руу хүүхдээ зөөхийн тулд Офицеруудын ордноос Шархад чиглэлийн автобусанд дамжин сууж хүргэж өгч авч байгаа.

126 дугаар сургууль есдүгээр сарын 9-нөөс хүүхдүүдээ хүлээн авч хичээл орно гэж байгаа ч гаднах талбай доторх засал дутуу ашиглалтад орох боломжгүй байдалтай байна.

Энэ сургууль ашиглалтад орохгүй бол хуучин бага сургуулиа буцаагаад ажиллуулж болдоггүй юм уу. Хүйтрэхээр бага ангийн хүүхдүүдийг хол хичээлд нь зөөхөөс эхлээд хүндрэл ихтэй болно. Би Налайхад ажилладаг. Одоогоор ажлаасаа чөлөө аваад хүүхдээ сургуульд нь зөөгөөд шинэ сургууль хэзээ ашиглалтад орохыг хүлээгээд л байж байна. Эцэг эх, хүүхдүүд сүүлийн хэдэн жил шинэ сургуулийн нээлтийг харуулдлаа. Энэ янзаараа хүүхдээ 92 дугаар сургууль руу зөөгөөд өвөлжих вий дээ л гэж түгшиж сууна. Налайхын зам шинэчлэлийн ажлаас болоод том оврын автобус явахгүй жижиг автобус нь эвдрээд замын унаагаараа хүүхдээ зөөхөд хүндхэн л байна” гэлээ.

2011 оноос хойш хүлээлт үүсгээд байгаа 126 дугаар сургуулийн захирал Э.Галхүүтэй уулзлаа. Тэрээр сургууль дээрээ засвар үйлчилгээ хийн барилгын ажилчдын хамт ажиллаж байсан юм.

-126 дугаар сургууль хэзээ хүүхдээ хүлээн авах уу. Барилгын ажлын явц хэдэн хувьтай байгаа бол?

-2018 онд барилгын ажил төсөвт тусгагдаагүй хойшилсон тул 2019 онтой золгосон. БХБЯ барилгын ажлын хувийг тодорхойлдог. Өнөөдрийн байдлаар ажил 95 хувьтай явж байгаа.

-Та ажлаа аваад хэр удаж байна?

-Сургуулийн барилгын тендерийг 2011 онд зарлан тухайн компани авсан ч ажил удаашралтай явсан учраас захирал томильё гэдэг шийдэлд хүрч, ажлаа аваад жил гаран болж байна.

-11 дүгээр хорооны хамран сургах тойргийн хүүхдүүдээ энэ жил хааш нь хэрхэн хуваарилсан бэ?

-Манай сургууль хичээллэх боломжгүйн улмаас Амгалан болон Баянзүрх цогцолбор сургуулиуд гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүссэн. Бид Нийслэлийн боловсролын газартай ярьж байгаад есдүгээр сарын 7-нд манай сургууль дээр Улсын комисс ирэх байсан учраас түр хугацаанд 92 дугаар сургууль дээр 126 дугаар сургуулийн багш нар хичээл зааж байгаа. Сургалтын үйл ажиллагаа тасралтгүй явж байгаа. Улсын комиссын шийдвэрээр сургуулийн үйл ажиллагаа эхлэх учраас тэр хүртэл багш, сурагчид 92 дугаар сургууль дээр хичээллэж байгаа.

Манай сургуулийн бүртгэлээр 847 хүүхэд байгаа. Одоогоор 350 хүүхэд бүртгүүлсэн. Зарим хүүхэд нь хуучин сургуульдаа сурч байгаад Улсын комисс хүлээн авч ашиглалтад орсны дараа ирж суралцахаар болсон.

Сургууль 640 хүүхдийн хүчин чадалтай, 24 ангитай, бага анги буюу зургаан настнуудын анги гэхэд л дотроо бие засах өрөө, багшийн өрөөтэй. Сүүлийн үеийн стандартаар биеийн тамирын заал нь эрэгтэй эмэгтэй хувцас солих өрөө болон усанд орох душтэй, урлаг заал нь студийн бичлэг хийдэг гээд олон давуу талтай орчин үеийн тохилог сургууль болон сүндэрлэх аж.

Өнгөрсөн жилийн өдийд манай сурвалжлах баг 90 дүгээр бага сургуулийн тухай "77 хүүхэдтэй сургууль шинэ байраа хүлээсээр..." сурвалжилага бэлтгэн Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Д.Ирмүүнзаяагаас тодруулахад, “Шинэ сургууль 2011 оноос эхлэн баригдаж байна. “Немон” ХХК гүйцэтгэж байгаа барилгын ажил 80 хувьтай явж байна. Хөрөнгийн асуудал нь шийдэгдсэн. Энэ ондоо багтаагаад улсын комисст хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй” гэх хариултыг өгч байсан юм.

Улсын комисс энэ сарын 7-нд 126 дугаар сургууль дээр ажиллан ашиглалтад хүлээн авах хугацааг 14 хоногоор хойшлуулжээ. Энэ сарын  20-нд улсын комисс өгсөн даалгавруудаа шалгаж шийдвэрээ гаргана. Харин хотын захад зуун дамнасан зориулалтын бус барилгад хичээллэж байсан бяцхан үрс шинэхэн сургуулиа ашиглалтад орохыг хүлээсээр л...

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)