Монгол цаашдаа аль замаар нь явах вэ

Швейцарийн Давос хотноо 2014 онд болсон дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр танилцуулагдаж байсан “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбарууд” судалгааны тайланг одоо эргээд харахад сонин байх болов уу.

Тайланд Монголын эдийн засгийн цаашдын хөгжлийг гурван хувилбараар авч үзсэн байсан бөгөөд нэг ёсондоо бид бүгдэд анхааруулга, сануулга өгсөн байдаг.

Хувилбар 1. Бүс нутгийн сэргэн мандалт. Хамгийн таатай хувилбар. Бид зөв зөмөөр явж чадвал ийм маягаар хөгжих болно. Зүүн Хойд Ази улс  төрийн хувьд нэгдмэл, эдийн засгийн өндөр, тогтвортой өсөлттэй. Энэ нь Монгол Улсад гол ашигт малтмалуудаа боломжийн үнээр борлуулж, эдийн засгаа төрөлжүүлэн экспортын орлогоо ухаалгаар удирдсанаар эдийн засгийн хэт халалт, нийгмийн эмх замбараагүй байдлаас зайлсхийх боломжийг олгоно.

Хятадын хойд мужууд ОХУ-ын өмнөд мужуудтай сүүлийн үед эдийн засгийн харилцаагаа эрс эрчимжүүлж байгаа. Монгол Улс энэхүү хоёр бүс нутгийн яг голд нь байрлаж буй. Мөн БНАСАУ-тай нээлттэй харилцаа явуулдаг. Энэ талаас нь харвал Владивостокийн боомт Монголд том боломж болж хувирна. Иргэдийн хувьд чөлөөт худалдаа эрхлэх, хилийн чанадад гарах нь өдөр тутмын хэрэгцээ шаардлага болж хувирах болно.

Хувилбар 2. БНХАУ ногоон хөгжлийг эрхэмлэх болсон: Биднээс шалтгаалахгүй, эрсдэлтэй  хүчин зүйлүүд байгаа бөгөөд үүнийг урьдчилан харснаар хэрхэн ашигтайгаар эргүүлж болох вэ гэдгийг харуулсан хувилбар. 

БНХАУ 2040 он гэхэд ногоон хөгжил, эргэн сэргээгдэх эдийн засагт шилжинэ гэж мэдэгдсэн. Энэхүү зорилтоо үйл ажиллагаагаараа харуулсаар байгаа. 2013 оны үзүүлэлтээр урд хөрш нийт 12GW суурилагдсан хүчин чадалтай нарны эрчим хүчний үүсгүүр ашиглалтанд оруулсан байна. Тэд энэ 2014 онд 14GW нарны үүсгүүр барих зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ тохиолдолд Монголын экспортын дийлэнх орлогыг бүрдүүлдэг гол түүхий эдүүд болох нүүрсний эрэлт эрс буурах сөрөг талтай. Гэхдээ энэ эрсдэл нь бидний хувьд эдийн засгаа ногоон буюу байгаль экологид ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээгээр төрөлжүүлэх, ялангуяа байгалийн цэвэр гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөгжилд  олон олон боломжийг нээх юм.

Хувилбар 3. Баялгийн хараал: Геополитикийн зөрчил, хурцадмал бай­дал бүс нутгийн хөгжлийг хойш татан улмаар зөвхөн эдийн засаг төдийгүй, нийгэм, улс төрийн хувьд хүнд байдалд оруулна. Улстөрчид байгалийн баялгийгөөрсдийн зорилгодоо хүрэх хэрэгсэл болгож ашиг­ласнаар үндэсний хэмжээний тэмцэл гарна. Энэ тохиолдолд Монгол Улс эрдэс баялгаа гаргах зах зээл, санхүүжилтийн төлөө нэлээд тэмцэх хэрэгтэй болохоос гадна эдийн засгаа төрөлжүүлэх болом­жуудыг хайна. Энэ хувилбар Монголд дун­дыг баримтлагч, бусад улс орны хүндэтгэл хүлээсэн хөршийн үүрэг гүйцэтгэх боломжийг олгоно.

Ийм гурван хувилбарыг танилцуулжээ. Энэхүү хувилбаруудын гол зорилго нь Монголын эрх баригчдад ирээдүйг илүү бодитойгоор харж, стратегийн чухал шийдлүүдийг гаргахад нь дөхөм болгох зорилготой юм. Хувилбаруудыг боловсруулахад оролцсон Дэлхийн эдийн засгийн форумын Стратегийг урьдчилан төлөвлөх газрын дарга Кристед ван дер Элст энэ талаар “Монгол Улсын цаашдын хөгжил нь уул уурхайн салбарын өрсөлдөх чадвараас гадна орж ирсэн орлогоо хэрхэн зарцуулахаас ихээхэн хамаарна. Мөн хөршүүдтэй хамтын ажиллагаагаа нягтруулж, эдийн засаг, улс төрийн аль аль талбарт холбоо харилцаагаа сайжруулах нь ирээдүйд үүсэх сорилтуудыг давахад туйлын чухал нөлөөтэй. Бид энэ хувилбаруудын аль нэгээр явах ёстой гэж Монголын эрх баригчдад тулгаж байгаа юм биш, харин зөв замыг сонгоход туслах зорилготой юм” хэмээн хэлж байв.

Хувилбарын нийтлэг талууд нь

Монгол Улсын ирээдүй нь уул уурхайн салбар цаашид хэр амжилттай хөгжих, хөрш орнуудтайгаа харилцах харилцаанаас шалтгаална.
Бүс нутгийн эдийн засгийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэх боломжтой, гэхдээ энэ нь уул уурхайн салбараас маш их хамаарна.
Эдийн засгийн өсөлтийг байнга хадгалахын тулд эдийн засгийн эрсдлүүдийг багасгах, худалдаа болон хөрөнгө оруулалтын шинэ арга замуудыг байнга эрэлхийлж, бий болгож байх гэсэн эдгээр гурван асуудал байна.

Тэр үед бидэнд гурван хувилбарын алинаар нь явахыгаа шийдэх боломж нь байлаа. Харин одоо эргээд харахад аль ч замаар нь явсангүй. Байрандаа л эргэлдсэн байна. Техник технологи үсрэнгүй хөгжиж, хөгжлийн хурдыг жилээр биш сараар хэмжиж байгаа энэ үед бүхэл бүтэн таван жил байрандаа эргэлдэнэ гэдэг байж боломгүй юм. Ард түмний хувь заяатай холбоотой асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй ч бодлого гаргаад, судлаад, эхнээс нь шийдээд явах боломж хангалттай байсан.

Оюутолгой, Тавантолгойтой харьцуулахад бага хөрөнгө оруулалт шаардах ордуудаа зэрэг, зэрэг эргэлтэд оруулж, орон нутгаа хөгжүүлэх боломж ч байлаа. Гэхдээ энэ боломж одоо ч бий. Стратегийн ордын жагсаалтад байгаа ордуудаас аймаг сумын төвтэй ойр байх, бүх аймагт нэг том уурхай ашиглалтад оруулах гэх мэтээр бодлоготой хөдөлсөн бол хөдөөнийхөн ажил хайж нийслэлд ирэхгүй, замын түгжрэл, иргэдийн бухимдал арай бага байх нь тодорхой.

2014 он бол уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт буурч эхэлсэн, дагаад хайгуулын ажил зогсонги байдалд орсон үе. Магадгүй, энэ байдлаа өөрчилнө гэж найдаж стратегийн хувилбарууд дэвшүүлж байсан ч байж мэднэ. Харамсалтай нь, одоог хүртэл хөрөнгө оруулалтыг нэмэгдэх чиглэлд ажилласангүй. Засгийн газрын уул уурхайн салбарт явуулж байгаа ажлаас харвал цаашдаа ч орж ирэхгүй гэж үзэх үндэстэй. Манайх хөгжлийн бодлогоо уул уурхайтай холбож томъёолсон хэрнээ хөрөнгө оруулагчдыг үргээх үйлдлийг байнга хийж ирлээ. Тэгэхээр эдийн засагчдын таамагласан гурван хувилбарын эхнийх нь лав бидэнд хүртээлгүй бололтой. Байгалийн асар их баялагтай Хятад, Орос хоёрт өгөх гээгүй л юм бол бид барууны хөрөнгө оруулалтыг татахын тулд чадах бүхнээ хийх ёстой юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Hoidohiin zamaar yavna

    0 0 Хариу бичих