"Улаанбаатар түншлэл"-д солонгос ээжүүд хандивын аян өрнүүлж байна

“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармаг өчигдөр 44 дэх жилдээ  үүд хаалгаа нээлээ. Энэ сарын 12-15-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болох уг үзэсгэлэн яармагиг МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох нөхцөл боломжийг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжин урамшуулахад чиглэж буй аж. Үзэсгэлэн худалдаанд иргэд, аж ахуйн нэгжүүд

-Барилга, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж
-Уул уурхайн ханган нийлүүлэлт
-Мэдээллийн технологи
-Банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ
-Ноос ноолуур, арьс ширэн эдлэл
-Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
-Шинэ техник, технологи, инноваци
-Үндэсний өв уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүн гэсэн чиглэлээр оролцож байгаа юм байна.

"Улаанбаатар түншлэл-2019" үзэсгэлэн яармагт мөн ОХУ, БНХАУ, БНСУ, Беларусь зэрэг улс орноос бизнес эрхлэгчид хүрэлцэн ирж өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ сурталчилж байгаа юм. Үзэсгэлэн яармагийн нэг онцлог зочид нь БНСУ-аас уг арга хэмжээг зорин ирсэн 20 гаруй бүсгүй байлаа. Тэд солонгос бэлэн хувцас, гоо сайхны бараа зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээ авчирч "Улаанбаатар түншлэл" үзэсгэлэн яармагт оролцож байгаа аж. Гэхдээ эдгээр бүтээгдэхүүнээ зарж борлуулсан орлогоо солонгос ээжүүд хүмүүнлэгийн үйлст зориулах юм байна. Тэд Солонгосын "Happy Mom" олон улсын байгууллагын Монгол дахь салбар "Монголын жаргалтай ээжүүд" төрийн бус байгууллагатай хамтран Charity bazaar буюу хандивын худалддаа зохион байгуулж олсон орлогоо Монголын өрх толгойлсон ээжүүдийг чадавхижуулж, ажлын байртай болгох, зүрхний хагалгаанд орох шаардлагатай хүүхдүүдийн эмчилгээний зардалд зориулах ажээ.

УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаагийн урилгаар БНСУ-ын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, "Happy mom" олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагыг үндэслэгч Жу Тэ Им тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн жил манай улсад айлчилж байсан бөгөөд энэ үеэр “Happy mom” төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх албан ёсны гэрээнд гарын үсэг зурж үйл ажиллагааг нь эхлүүлжээ. “Happy mom” олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага нь  “Ээж жаргалтай бол гэр бүл жаргалтай, гэр бүл жаргалтай бол улс жаргалтай, улс жаргалтай бол даян дэлхий жаргалтай” уриан дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэж, эмэгтэйчүүд,хүүхдүүдийг хамгаалах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байртай болгох зэргээр аз жаргалтай ээж, гэр бүлийг цогцлоох зорилготой төсөл юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Manai biznesiinhen unee nemeed baihaas uur yu ch hiihgui yun humuunlegiin ajil hiih manatai solongosuudaas ulger jishee avaasai

    0 0 Хариу бичих
  2. Монголчуудын ѳмнѳѳс нь ичэчихлээ.

    0 0 Хариу бичих