Тендер зарлан 150 автобусанд шүүлтүүр тавина

1020 дизель хөдөлгүүртэй автобус үйлчилгээнд явж байгаагаас энэ онд 220 автобусны ашиглалтын хугацаа дуусна

Нийслэлд өдөрт 1000 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд тэдгээр жилд 55 тонн хорт утаа агаарт ялгаруулдаг. Өнгөрсөн жил 24 автобусанд тээврийн хэрэгслийн яндангаас ялгарах хорт утааг шүүх өндөр технологи бүхий DPF төхөөрөмжийг суурилуулж туршсан. Энэ нь амжилттай болж энэ онд 150 автобусанд уг төхөөрөмжийг суурилуулахаар болсон.  Гэвч өнөө хэр энэ ажлын тендер шалгараагүй байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 1184 том оврын автобус үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс 1020 нь дизель хөдөлгүүртэй автобус бий.  Энэ онд нийслэлийн утааг өмнөх жилээс  50 хувь бууруулах зорилтыг засгийн газар тавьсан. Энэ хүрээнд олон төрлийн ажил арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа дизель хөдөлгүүртэй автобусанд утаа шүүгч тавих. Гэвч он гарсаар есөн сар болчхоод байхад өмнө туршилтаар суурилуулсан 24 дээр нэг ч нэмэгдээгүй байна.

НТҮГ-ын техник, технологийн мэргэжилтэн С.Нямдорж “Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын санхүүжилтээр нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа 24 автобусанд DPF шүүлтүүрийг тавьж туршилтын хугацаа амжилттай дууссан хүлээлгэн өгсөн. Мөн AMGG компанийн хөрөнгөөр том оврын автобусанд туршилтын ажил явагдаж байгаа" гэв.

Тэгвэл Засгийн газрын 63-р тогтоолын дагуу орчныг бохирдлыг бууруулах цогц ажлын нэгэн чухал ажлын гүйцэтгэл ердөө тендерийн шатандаа явна гэх мэдээллийг Үндэсний хорооны нарийн бичгийн дарга өглөө.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ч.Гантулга “2018 онд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хийх ажлын төлөвлөгөөг хорооны хурлаар хэлэлцээд баталсан. Түүнд 100 орчим автобусанд DPF шүүлтүүр хийнэ гэснийг 150 байх боломжтой гэж үзэн батлагдсан төсвийн хүрээнд эдгээр автобуснуудад суурилуулж ажиллана. Энэ ажил нээлттэй тендерийн хуулиар худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж явна”

Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “DPF шүүлтүүр нь 10 тэрбум орчим төгрөгт 200 гаруй автобусанд тавигдаж байгаа гэсэн мэдээлэл байсан. Энэ бол манай нийслэлээс биш, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хийж байгаа ажил”

Өмнө нь нэг удаа тендер зарласан ч амжилтгүй болсон гэх. Харин одоо зарлагдаж байгаа тендерийн шалгаруулалт хэзээ дуусч, гүйцэтгэгч нь шалгараад ажлаа хийж эхлэх нь тодорхойгүй. Харин хүйтний эрч чангарахад хар утаа хаялсан автобуснууд ачаалал нэмэгдсэн нэрээр хөдөлгөөнд оролцох нь тодорхой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)