Улсын баатар С.Лхагвадоржийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэжээ

Монгол Улсын баатар хилчин Самданжамцын Лхагвадоржийн мэндэлсний 100 жилийн ойг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлжээ. Ойн хүрээнд ХСИС-ийн Хилийн албаны сургуулийн удирдлага, бие бүрэлдэхүүн, Хилийн цэргийн сургууль төгсөгчдийн "Сүлдэт багана" холбооныхон болон Монгол Улсын баатар С.Лхагвадоржийн үр хүүхэд, ач зээ нар нь Хууль сахиулахын их сургуулийн хашаан дахь хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлжээ. Мөн энэ үеэр "Булган хангайн хилчин баатар" номын нээлт, эрдэм шинжилгээний бага хурал, хүндэтгэлийн концерт болсон байна.

Монгол Улсын баатар Самданжамцын Лхагвадорж Булган аймгийн Сайхан суманд төржээ. Тэрээр 1927-1931 онд бага сургууль, 1939-1941 онд ДЯЯ-ны төв сургуульд суралцан төгссөн бөгөөд 1941-1948 онд Замын -Үүдийн отрядын 3-р заставын дарга, 1948 онд Бодончийн 6-р отрядын штабын хилийн албаны туслахаар ахмад цолтой алба хааж байгаад 1948 оны зургаадугаар сарын 2-нд Мэргэн ууланд болсон байлдаанд амь үрэгдсэн юм. Тэрээр Япон, Гоминдан, Манж-гогийн дайнчдын элдэв өдөөн хатгалга, зэвсэгт халдлагыг цаг тухайд нь няцаан, тагнул туршуулуудыг илрүүлэн баривчилж байжээ.

Тухайлбал, 1941 оны 12-р сард хилийн манаагаа шалгаж яваад дайсны тагнуул 3 этгээдтэй тулгаран, эрэлхэг зориг гарган дайрч заримыг нь шархдуулан баривчилсан, 1942 оны 4-р сард хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байхдаа дайсны морин уналгатай 2 тагнуулыг илрүүлэн отож байгаад гэнэт атаклан, нэгийг нь бууныхаа бөгсөөр цохиж унаган, нөгөөг нь баривчилжээ. Удаа дараа тагнул баривчлан, үнэтэй мэдээ олж авах бололцоо олгосон тул 1942 онд УБХТ-ийн тогтоолоор “Байлдааны гавъяаны медаль”- иар шагнуулсан байна. 1942 онд нэг цэргийн хамт манаанд явж байгаад Японы морьтой 7 тагнуулыг илрүүлэн тэдэнтэй байлдан 3-ыг нь амьдаар барьж, 4-ийг нь шархдуулан баривчилж байжээ.

ДЯЯ-ы сайдаас Маршал Х.Чойбалсанд С.Лхагвадоржийн удирдсан застав Японы тагнуул, туршуулуудыг олон удаа эрэлхэгээр баривчлан авч байсан  хэмээн илтгэж байсан ажээ. Удирдсан застав нь 1941-1943 онд 34 тагнуул илрүүлэн баривчилсны 9-ийг нь өөрөө барьж, 14 хилчин нь одон, медалиар шагнагдсан байна.

1945 оны 2-р сард Дорноговийн Баянмөнх сумын нутагт Хэнтий, Төв, Дорноговь аймгуудын 70 гаруй мянган адуу үргэлжилсэн цасан шуурганд хөөгдөн хил давах гэж байсныг 3 өдөр, шөнө тэмцэлдэн тогтоож эргүүлжээ. Ийнхүү 1945 онд УБХТ-ийн тогтоолоор “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнуулсан байна.

Тэрээр 1948 оны зургаадугаар сарын 2-нд нутгийн хоёр ард, морин дивизоны офицер Чогров нарыг буудаж алаад, хилчдээс амьд хэл олзлох зорилготой явсан Оспаны 22 баатар гэгчтэй Мэргэн ууланд баатарлагаар тулалдаж яваад амь үрэгджээ.

С.Лхагвадоржид Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн 1949 оны тогтоолоор Улсын баатар цол нэхэн хүртээж, БНМАУ-ын СнЗ-ийн 1949 оны 5-р тогтоолоор Улсын баатар С.Лхагвадорж, Б.Тэгшээ, Л.Даваадорж нарын дурсгалд зориулан Ховдын Алтай суманд хөшөө босгосон юм. 1970 онд Булган аймгийн төвд хөшөөг нь босгож, алба хааж байсан Дорноговийн отрядын Үзүүр-Усны заставыг АИХТ-ийн 1973 оны 217-р зарлигаар мөн Хууль сахиулах их сургуулийн Хилийн албаны  сургуулийг НИТХ-ын 2006 оны 139 дүгээр зарлигаар тус тус түүний нэрэмжит болгожээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)