Зүүн эргэлтүүдийг хаасан нь шинэ гүүрнээс болов уу?

Замын цагдаагийн уулзварт баригдсан гүүрэн гарц ашиглалтад орсноор сүүлийн хоёр өдөр замын хөдөлгөөний нягтрал эрс нэмэгджээ. Тиймээс иргэд, зорчигчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бухимдал, эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Шинэ гүүрийн гол зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээснээр яагаад хотын замын хөдөлгөөнд түгжрэл саатал учирч байна вэ?. Үүнд мэргэжлийн байгууллагууд хариулт өгөөгүй байна. Харин жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг шиг замын түгжрэлд орж цаг, мөнгөө үрж буй зорчигчдын хувьд яах аргагүй үндэслэлтэй шүүмжлэл, санааг хэлж байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй. Олон хүний хэлж, бичиж байгаа шүүмжлэл нэг л зүйлд зангидагдаж байгаа нь Замын цагдаагийн шинэ гүүр замын хөдөлгөөний түгжрэлд улам нэрмээс болж байна гэдэг санаа. Энэ бүх шүүмжлэлийг базаж, дүгнэж, маш сайн гаргалгаа хийсэн нэг жишээг энд дурдъя. Нэрт орчуулагч Д.Болдбаатар замын хөдөлгөөний асуудлаар цахим хуудсандаа өөрийн байр сууриа ийн илэрхийлжээ.

Тэрээр “Сайхан гүүртэй болжээ. Гэхдээ Нарны гүүр, Энхтайваны гүүрний урагш хойш явдаг урсгалыг тосоод нэг их олон огтлолцол, уулзвар, гэрлэн дохио үүсгэчихсэнээс үүдэлтэй түгжрэлийн асуудал энэ гүүрэн дээр давхцах вий гэдэг зовнил байгааг нуух юун. Хөгжингүй улсуудын зам гүүрийн байгууламжийг харахад яг гүүр даваад ирж байгаа машины урсгал дээр дөрвөн замын уулзвар гаргачихсан, гэрэл дохиогоор гол урсгалаа түгжчихдэг гажиг үзэгдэл байдаггүй шиг билээ.

Би юу хэлэх гээд байна вэ гэхээр дээр дурьдагдсан гурван гүүрний тухайд ядаж л урагш, хойш явж байгаа машинууд шулуухан явах буюу баруун гар талаа дагаж урсгалаас гарч орох боломжтой байхаар зохицуулмаар санагддаг. Өөрөөр хэлбэл гол урсгалыг хааж хөндөлдсөн дөрвөн зам л түгжрээ үүсгээд байгаа хэрэг л дээ.

Замын цагдаагийн гүүрэн дээр энэ аргыг хэрэглэвэл хотын түгжрэл 40-50 хувь буурах магадлал байж мэдэх юм шүү. Гэхдээ замын цагдаагийн удирдлагын хувьд хаана тааралдсан газраа замын гэрлэн дохио суурилуулж суух нь маш том бизнес болоод хувирчихсан болохоор тийм боломж, сонирхол бараг үгүй биз дээ” хэмээжээ.

Хэчнээн давхар гүүрэн гарц барьж байгуулж, замаа өргөсгөөд ч буурахгүй байгаа түгжрэлийн оношийг оноод хэлчихсэн юм биш үү. Шинэ гүүрэн гарц барьсан ч түүнийгээ тосоод дөрвөн замын уулзварууд байгаа тохиолдолд түгжрэх нь хэвээр, харин ч илүү ихэсдэг гэдгийг сүүлийн хоёрхон өдөрт бид харж мэдэрч байна. Замын цагдаагийн шинэ гүүрэн гарц ашиглалтад орсноор Нарны замын хөдөлгөөний нягтрал эрс нэмэгдсэн, мөн уг гүүрээс урагшаа “Home plaza” төвийн хоёр талын урсгал, түүнээс урагшаа “Оргил” төв, шинэ “E-Mart” төвийн уулзвар, тэндээс урагшаа цаашилбал Их Монгол Улсын гудамжны зам битүү түгжрэлтэй байх болжээ. Хотын төв түгжрэлтэй тул Богд уулын арын замаар тойрч Их Тэнгэрийн гүүрээр хойш гарч Их Монгол Улсын гудамж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр Баянзүрх дүүрэг орох гэсэн зорчигчид Туулын гүүрэн дээр таг гацах болжээ.

Ийнхүү замын түгжрэл огцом нэмэгдсэнд замын цагдаагийнхан арга буюу гол төв замуудын зүүн эргэлтийг хүчээр хаажээ. Өчигдөр 17 цагаас хойш ид ачааллын үед ийнхүү зүүн эргэлтүүдийг хааж орхисон нь иргэдийг бүр бухимдуулжээ. Тухайлбал, Энхтайваны гүүрийн баруун доогуур Авто тээврийн үндэсний төвийн зүүн талаар буюу олны нэрлэж заншсанаар “Моннис”-ийн уулзвараар Нарны зам руу зүүн гар тийш эргэж ордог эргэлтийг өчигдөр хаажээ. Түүнчлэн уг уулзвараас баруун тийшээ “Улаанбаатар” депо хүртэлх Нарны гүүр дагуух зүүн эргэлтүүдийг мөн хаасан аж. Энэ мэтээр зүүн гар тийш эргэхийг хориглосон нь гэнэт үүссэн түгжрэлийг механик аргаар сааруулах гэсэн оролдлого байсан бизээ. Гэхдээ энэ шийдвэрээ урьдчилж олон нийтэд мэдээлээгүй нь иргэдийн асар их бухимдуулснийг хэлэх хэрэгтэй.  

Ер нь хотын замын түгжрэлийг сааруулахын тулд зүүн эргэлтийг аль болох цөөрүүлэх нь зөв гэдэг шийдэл аль хоёр жилийн өмнө гарч Зүүн дөрвөн замын хоорондох 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн 4 зам гэсэн долоон уулзвараар зүүн эргэхийг хориглож байсан билээ. Энэ шийдвэрийг эсэргүүцсээр удалгүй цуцалсан нь тухайн үеийн улс төр, улстөрчидтэй холбоотой байсан гэх нь бий. Хотын дарга мэргэжлийн хүмүүс болон тухайн асуудал хариуцсан удирдлагуудынхаа шийдвэрийг үнэн зөв гэдэгт итгэж чадалгүй, зориг дутаж зүүн гарын эргэлтээс буцаж няцлаа хэмээн хэвлэлд бичиж байсан билээ. Харин өнөөдөр хотын түгжрэл гэнэт ихсэхэд зүүн гарын эргэлтүүдийг хааж байгаа нь хоёр жилийн өмнөх шийдэл зөв байсныг харуулж байна. Хэрвээ тухайн үед уг шийдвэр цуцлагдаагүй, хэвшээд хэрэгжээд явсан бол өнөөдөр бид ингэж таг түгжирч, замын цагдаа нар арга ядсан хаалт хийж суухгүй байх байсан биз ээ.

Ямар ч байсан Улаанбаатарт шинэ гүүрэн гарц баригдсан ч замын түгжрэл урьдахаасаа шал дордоод байна .


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Гүүр бол түгжрэл бууруулах гол хэрэгсэл байгаагүй. Энэ бол цэвэр мөнгө угаалт байсан. Хотын замын хөдөлгөөний гэрлэн дохионы зохицуулалт чинь огт болохгүй байгааг хэн ч харахгүй байна гэж үү? Ид хөдөлгөөний ачааллын үед маш зөв оновчтой зохицуулалт хэрэгтэй байна.

    0 0 Хариу бичих
  2. Яг үнэн. Өчигдэр зүүн эргэлтийг хориглоод баахан гацаа үүсгэсэн. Өнөөдөр бас Нисэхээс 120 мянгат орох гэж 2 цаг 25 минут түгжирлээ. Энэ шинэ гүүрээ буруу төлөвлөсөн нь үнэн байна.

    0 0 Хариу бичих