АТГ "ялаа" бус “заан агнах”-ын тулд шүгэл үлээгчтэй хамтрах шаардлагатай

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн даваа гаригт Шүгэл үлээгчийн тухай хууль баталж авлигалын хэргийг мэдүүлсэн мэдээлэгчид тухайн авлигалынх нь 10 хувийг урамшуулал болгон олгодог болгохоо мэдэгдсэн. Үүний дагуу өнөөдөр УИХ-ын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар хууль, хяналтын байгууллагын төлөөллүүдтэй уулзаж энэ хуулийн төслийг боловсруулах талаар санал солилцлоо. Тэрээр хуулийн нэрнээс эхлээд ярилцаж зөвлөлдөх асуудал их байгааг хэлсэн юм. Одоогоос гурван сарын өмнө буюу өнгөрсөн зургадугаар сард АТГ яг ийм хуулийн зохицуулалттай болох асуудлаар судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан юм байна. Ж.Сүхбаатар зөвлөх “Авлигалыг хэмжээгээр нь “ялаа, заан” гэж ангилан ярьдаг болсон байна лээ. АТГ “заан”-тай тэмцэхийн тулд цаг хугацаа их шаардана. Зөвхөн “заан”-тай тэмцэхээр араар нь нийгэмд мөн адил хор хөнөөл учруулдаг “ялаа” буюу дунд түвшний авлигал хавтгайрна. Тиймээс иргэд, олон нийтийн  байгууллагатайгаа хамтрах нь чухал. Энэ үүднээс УИХ-ын дарга Шүлгэл үлээгчийн тухай хуулийг батлах нь зүйтэй гэж үзэж байгаа юм” гэлээ.

 УИХ-ын даргын санаачилгыг ХЗДХЯ, ЦЕГ дэмжихгүй гэдгээ илэрхийллээ

Уулзалтад оролцсон байгууллагуудын төлөөллийг байр суурийг сонссон юм. АТГ УИХ-ын даргын энэхүү санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ ийм хууль гаргах шаардлагагүй гэж байгаагаа хэлэв. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Гоё нэр томъёо дагаад хууль батлаад байж болохгүй. Хясан боогдуулах замаар авлигал авсан бол түүнийг мэдээлсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэхгүй байх, иргэн бүр мэдээллэх үүрэгтэй гэх мэт хуулийн зохицуулалтууд бий. Ялангуяа 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд энэ талаар зохицуулалтууд орсон байгаа. Тиймээс нэмж хууль батлах гэхээсээ илүү одоо байгаа хуулиудаа сайн хэрэгжүүлэхэд л болно. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд ч ийм зохицуулалт бий. Энэ хуулийн дагуу хууль хүчний байгууллагууд дэргэдээ гэрч, хохирогчийг хамгаалах нэгжтэй байх ёстой. Одоогийн байдлаар ЦЕГ дэргэдээ ийм нэгж байгуулсан. АТГ газар байгуулаагүй байгаа. Энэ нэгжээ байгуулах гэх мэтээр одоо байгаа хуулийнхаа хүрээнд ажиллаж болно” гэсэн юм.

Мөн ЦЕГ-ын Хууль зүйн газрын дарга Л.Нямдаваа “Манай байгууллага Хууль зүй, дотоод хэргийн яамтайгаа ижил байр суурьтай байгаа. Нөхцөл байдлыг ажиглаад байхад зөвхөн авлигалын асуудлаар хууль гаргах гээд байгаа юм шиг байна. Үүнээс гадна хүн худалдаалах, хар тамхитай холбоотой асуудалд энэ зохицуулалтыг хийх шаардлагатай. Заавал бие даасан хууль гаргах шаардлагатай гэж үзвэл хуулийн төсөл боловсруулах ажилд манай байгууллага оролцоно” гэлээ. Энэ мэтээр уулзалтад оролцсон АТГ, ЦЕГ, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын газар, Дээд шүүх гэх мэт байгууллагуудын төлөөлөл өөр өөр байр суурь илэрхийлсэн учраас энэ асуудлаар дараа дахин санал солилцох нь зүйтэй гэж үзлээ. Улмаар УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар тэдний саналыг Г.Занданшатар даргад танилцуулахаа мэдэгдсэнээр уулзалт өндөрлөсөн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)