Залилах гэмт хэрэгтэй тэмцэх гурван сарын аян зарлажээ

Нийслэлийн прокурорын газраас санаачлан Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, дүүргийн Цагдаагийн газар, хэлтсүүд болон дүүргийн Прокурорын газруудтай хамтарч “Залилах гэмт хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх” гурван сарын нэгдсэн арга хэмжээг есдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар Нийслэлийн хэмжээнд шалгагдаж байгаа нийт хэргийн 17 хувийг бусдыг залилах гэмт хэрэг эзэлж байсан бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн тоо буурахгүй, хэргийн шийдвэрлэлт хангалтгүй байгаа байдалд тус газраас дүгнэлт хийж уг арга хэмжээг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар болжээ.

Энэхүү нэгдсэн арга хэмжээний эхэнд Нийслэл, дүүргийн нийт прокурор, мөрдөгч нарт залилах гэмт хэргийг иргэний эрх зүйн маргаанаас хэрхэн ялгах, энэ төрлийн гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэхэд анхаарах асуудлаар нэгдсэн ойлголт өгөх зорилгоор практик сургалт зохион байгуулсан байна.

Нийслэлийн ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ариунаа, Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат болон Нийслэлийн цагдаагийн газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар нар сургалтыг нээж, нэгдсэн арга хэмжээний зорилгыг танилцуулан, аяны хүрээнд залилах гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж илрүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль ёсыг чанд сахиж, эрүү шүүлт тулгах, хүний эрх, эрх чөлөөг аливаа хэлбэрээр зөрчих явдлыг гаргахгүй байх, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргүүдийг шуурхай шалгаж, шийдвэрлэн, тодорхой үр дүн гаргаж ажиллах үүрэг өгч, нэгдсэн арга хэмжээнд амжилт хүсчээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн ахлах прокурор, доктор Б.Өнөрмаагаар ахлуулсан прокурорууд дээрх сургалтыг явуулсан ба Нийслэл, дүүргийн 139 прокурор, 265 мөрдөгч хамрагдсан томоохон хэмжээний сургалт болсон байна. Сургалтын үеэр Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Дамдинсүрэн "Эрүүгийн хуулинд заасан "Залилах" гэмт хэрэг улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 17 хувийг эзэлж байна. Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хэмжээнд бүртгэгдэж байгаа нийт гэмт хэргийн дийлэнх хувийг бас дээрх төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа юм. Энэхүү сургалтанд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтсийн мөрдөгчид бүгд хамрагдаж байгаа ба практикт шийдвэрлэгдсэн хэргүүдэд дүн шинжилгээ хийх байдлаар сургалтыг явуулж байгаа нь их үр дүнтэй, сонирхолтой болж байна" хэмээн ярьжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)