Э.Содномпилжээ "Арнольд классик"-аас мөнгөн медаль хүртлээ

Испани улсын Барселон хотод хэвтээ шахалтын "Арнольд классик" хэмээх нэртэй тэмцээн болж, манай улсаас МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор хоёр тамирчин классик төрөлд оролцлоо.

Тэмцээнд 74, 83, 93, 105, -120, +120 гэсэн зургаан жингийнхэн нэг дор хоорондоо хүч үзсэн нь өрсөлдөөнтэй бөгөөд тун үзүүштэй өрнөсөн байна. "Рио-2016" паралимпийн хүрэл, Дэлхийн хошой аварга, Дэлхийн цом, Азийн наадам, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ энэ тэмцээнд цээжнээс 245 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртжээ.

Тэрээр нийт тамирчдаас хамгийн хүндийг нь өргөсөн ч биеийн жин, өргөсөн жин хоёрыг харьцуулж оноо олгодог тэмцээний дүрмийн дагуу дэд байрт орсон юм. Энэ тэмцээнд түрүүлсэн тамирчин болох Франц эр 73 жинтэй бөгөөд цээжнээс ердөө 190 кг-ыг шахсанаар алтан медаль хүртсэн байна.

Түүнчлэн эх орноо төлөөлөн оролцсон О.Мөнхбат 212.5 кг шахаж тавдугаар байрт шалгарчээ. Манай хоёр тус тэмцээнд оролцсон анхны монгол тамирчин бөгөөд Ази тивийг төлөөлж оролцож буйд зохион байгуулагчид тусгайлан баяр хүргэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)