“Ялагчдын цуваа-Улаанбаатар” фестиваль үргэлжилж байна

“Ялагчдын цуваа-Улаанбаатар” олон улсын нэг хүний жүжгийн фестиваль энэ сарын 19-23-ны хооронд болж байна. Энэ жилийн хувьд уг уралдаант наадам нь “49 дүгээр гудамж” хүүхэд залуусын театрт үзэгчдэд хүрч байгаа. Уралдааны шүүгчээр Хятад улсын Бээжингийн их сургуулийн багш кино театр урлаг судлалын доктор, зохиолч Тиан Хуй Чүн, Испани улсын урлаг, утга зохиол судлаач Andres Bigorra Mir, Монгол Улсаас найруулагч Мягмарнарангийн Батболд нар ажиллах юм.

Уг наадамд өнгөрсөн хугацаанд ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон Улсын Театр Урлагийн Институтаас томлигдсон ОУ-ын нэр хүндтэй шүүгчид, Монгол, Герман, АНУ, БНСУ, ОХУ, Литви, Киргиз Польш, Израль, ОХУ-ын Хакасс, Тува, Саха-Якут, Буриад зэрэг улсын шилдэг жүжигчид оролцсон юм. Энэ жил ч мөн олон улсын алдартай уран бүтээлчид хүрэлцэн ирэх аж.

Тус наадам нь 2017 оноос ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон Улсын Театр Урлагийн Институтад албан ёсоор бүртгэгдсэнээр уралдаант наадам болон өргөжин тэлсэн. 

Ингэснээр 2017 онд Польшийн жүжигчин Камила Каминска “Кармазовын бүсгүйчүүд”жүжгээр, 2018 онд АНУ-ын жүжигчин Бремнер Дути “Cabaret 33” жүжгээрээ тус тус Гранпри шагналыг хүртжээ. Тус наадам энэ жилээс эхлэн "Шилдэг найруулагч"-ийн шагналыг олгохоор болсон.  Учир нь нэрт найруулагч, УГЗ Б.Баатар агсны үр хүүхэд, гэр бүл, шавь нарын санаачлагаар байгуулагдсан “Баатар” сан нь  шилдэг найруулагчийг дэмжих эхний шагналаа энэ жилийн наадмаар эхлүүлэх болжээ. Тус сангаас 5 өдрийн турш хөндлөнгийн шүүгчээр оролцож шилдэг найруулга бүхий бүтээлд шагналыг  гардуулах аж.

Сонирхуулахад, Монголын Моно жүжгийн төв нь “Ялагчдын цуваа-Улаанбаатар” ОУ-ын нэг хүний жүжгийн фестивалийг 2015 оноос амжилттай зохион байгуулж ирсэн. Дэлхий нийтэд хүчээ авч байгаа энэхүү нэг хүний жүжгийн урсгал нь уран бүтээлчдэд маш бага зардлаар дэлхийн тавцанаа өрсөлдөж ур чадвараа ахиулах боломжийг олгодог гэдгээрээ онцлог юм.    

Наамдын хүрээнд өнөөдөр 19.00 цагт "49р гудамж" театрт  Румыны "Василэч" театрын жүжигчин Силвиа Рэйлину "Бүү дайсагна" жүжгээр Гранпри шагналд өрсөлдөх гэж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)