Налайхын шинэ замын ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна

Налайх-Улаанбаатар чиглэлийн авто замын тохижилтын ажлыг ирэх онд хийнэ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Налайх-Улаанбаатар чиглэлийн авто замыг шинэчлэхтэй холбоотойгоор түр хугацаанд хааж, жолооч нар түр замаар замын хөдөлгөөнд оролцож байна. Тэгвэл уг чиглэлийн авто замыг ирэх арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар болжээ.

Зүүн гурван аймгийг нийслэлтэй холбосон гол зам бол Налайхын зам. Тэр ч утгаараа жолооч, зорчигчид энэ замыг хэзээ ашиглалтад орох вэ гэсэн асуултыг үргэлж тавьдаг. Нийслэлийн авто замын хөгжлийн газраас энэ талаар тодруулахад арваннэгдүгээр сарын 1-н гэхэд уг замыг бүрэн ашиглалтад оруулна гэсэн тайлбарыг өглөө. Дээрээс нь ОХУ-ыг БНХАУ-тай холбосон транзит тээврийн гол зам нь Налайхын зам. Ач холбогдлын хувьд өндөр учраас Налайхын замыг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байна.

Нийт 20.9 км үргэлжлэх авто замыг хучих ажил хийгдэж байна. Үүнээс өмнө 42 ус зайлуулах хоолой, тунелийн ажлыг бүрэн дуусгажээ. 11-р сарын 1-нд замын хөдөлгөөнийг нээж, иргэд шинэ замаар зорчино гэсэн үг юм. Иргэдийн хувьд түр замаар зорчиход маш хүндрэлтэй тоос шороо ихтэй байдаг гэдгийг хэлж байна.

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Одоогийн байдлаар Налайхын замын ажил 70 орчим хувьтай явж байна. Өнгө, хучилт хийгдэж байна. Нийт 42 ус зайлуулах хоолой, тунелийн бүх ажлууд хийгдэж дууссан. Энэ жилдээ бид эхний ээлжид хөдөлгөөний зорчих хэсгийг аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 1-н гэхэд нээнэ” гэв.

Замын хөдөлгөөнийг энэ жил нээж, ирэх жил тохижилт, тоноглолын ажлыг гүйцэтгэхээр болжээ. Гэрэлтүүлэг, явган болон дугуйн зам зэрэг нь үүнд хамаарна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)