Иргэд зам хаасан талаарх мэдээлэл дутмагаас хөдөлгөөний ачаалал ихэсчээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжүүлж байгаа Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил хийхтэй холбогдуулж, энэ сарын 20-ны 23:00 цагаас эхлэн Долоон буудлаас Таван буудал хүртэлх авто замыг бүрэн хаасан юм. Авто замыг есдүгээр сарын 22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд хаасан тул хөдөлгөөнд оролцогч та бүхнийг бусад замыг сонгохыг сануулж байна.

Манай сурвалжлах баг хаасан замыг эргэн тойрон дахь замын хөдөлгөөний ачаалал ямар байгааг Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Бат-Эрдэнээс газар дээрээс нь тодрууллаа.

-Замын нөхцөл байдал ямар байна?

-Энэ амралтын өдрүүдэд 5 буудлаас 7 буудлын чиглэлд гурван замд хөндлөн сэтгэлгээ хийж халуун ус, дулааны шугам тавьж байгаатай холбогдуулаад 17-гын уулзвараас замын хөдөлгөөнийг хааж Хайлаастын зам руу оруулж байгаа. Хөдөлгөөн зохицуулалтын чиглэлээр ТЦА-ын Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс нийт 11 пост гарган уртасгасан цагаар ажиллаж байна. Үүнд Дэнжийн 1000, Хайлааст, Чингэлтэйгээс 7 буудал руу нийлдэг хэсэг дээр цагдаагийн алба хаагчид хөдөлгөөн зохицуулалт хийж байна. Иргэдийн мэдээлэл дутмаг байгаагаас 17-ын уулзвар дээр чигээрээ явах гэж дайрах, цагдаагийн алба хаагчдын шаардлагыг биелүүлэхгүйгээс түгжрэл үүсэн хөдөлгөөний ачаалал ихтэй байна.

Мөн Дэнжийн 1000-аас даваад Хайлааст руу орж байгаа чулуун замыг Дэнжийн 1000-аас нэг чигийн хөдөлгөөнтэй болгож хөдөлгөөн зохицуулалт хийж байна.

-Өчигдөр зам хаасан энэ хэсэгт хөдөлгөөний хурд удаашран нэг хэсэг 0 зогсолт хийсэн гэж байсан?

-Өнөөдрийн хувьд ч ачаалал ихтэй байна. Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк, пэйж хуудсаараа иргэдэд зам хаах болсон талаарх бүх мэдээллийг өгсөн. Мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэл тараасан ч иргэд мэдээлэл аваагүй, хомс байгаагаас энэ түгжрэл үүсээд байгаа.

-Нийтийн тээврийн чиглэлд хэрхэн өөрчлөлт орсон бэ?

-Нийтийн тээвэр 7 буудлаас чигээрээ орон зам засвар хүртэл явж байгаа. Зам засварын цаад талаас буюу 5 буудлаас зам хаасан хэсэг хүртэл нийтийн тээвэр яван иргэд дамжин сууж үйлчилж байна. Мөн нийтийн тээврийн зарим чиглэл Чингэлтэй, Хайлаастын замаараа 7 буудлаа тойрон орж  байна.

Зам хаасан байгаа учраас цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэн оруулж байгаа гарц, гармуудаар зохицуулалтад орж замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. нэг л их олон мэдээ, мэдээлэлийн сайтууд байгаад байдаг, яг үнэндээ хүнд хэрэг болох мэдээ мэдээлэл өгдөггүй нь л харагдаж бна даа

    0 0 Хариу бичих