“Чихрийн шижин өвчний эцсийн шат бөөрний архаг дутагдал болдог”

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийн их эмч Д.Хурцбаяртай ярилцлаа.

-Бөөрний өвчлөл сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай байгаа. Энэ төрлийн өвчлөл ихсэж байгаа гол шалтгаан нь юу  вэ?

-Бөөрний өвчинд нэлээд олон төрлийн өвчнүүд ордог. Бөөрний өвчнүүд эцсийн шатанд бөөрний архаг дутагдалд хүрдэг. Сүүлийн үед бөөрний өвчлөл ихсэж байгаа. Ганц манай оронд биш олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын тандалтаар 2030 он хүртэл бөөрний дутагдал дэлхий даяар нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарсан. Тэр дотроо азийн орнуудад энэ өвчлөл илүү ихээр нэмэгдэнэ гэсэн төлөвтэй байгаа. Манай улс эрс тэс цаг агаарын бүсэд байдаг. Тиймээс манай цаг агаарын онцлог буюу хүйтэн сэрүүний улиралтай учраас энэ өвчлөл үүсэх, сэдээх хүчин зүйл нь болдог. Мөн орчин үед экологийн тэнцвэрт байдал алдагдан агаарын бохирдол, эрүүл зөв хооллолт алдагдсантай холбоотой бөөрний өвлөлүүд үүсэж байна. Түүнчлэн манай оронд төвлөрөл ихсэн түүнийг даган иргэдийн стресс ихсэж байна. Энэ бүхэн өөрөө бөөрний өвчний үүсэх, сэдрээх халгаат хүчин зүйлүүд болдог. Дээрээс нь нийгмийн хүчин зүйл буюу архидалт, тамхидалт нөлөөлж байгаа.

-Азид энэ төрлийн өвчлөл илүү ихсэх магадлал нь юунаас үүдэлтэй байгаа бол?

-Судалгаа хийгээд үзэхэд гарсан үр дүн нь Азийн орнуудад илүү байхаар байгаа нь нэгдүгээрт, Ази өөрөө хүн ам маш шигүү суурьшдаг газар. Хоёрдугаарт хөгжиж байгаа орнууд их. Гуравдугаарт Азид цустай шээх хэлбэрийн архаг бөөрний өвчин маш их элбэг байдаг зэрэг нөлөөлсөн.

-Бөөрний үрэвсэл бөөрний дутагдалд ороход нөлөөлөх үү?

-Бөөрний дутагдалд орох хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт бөөрний үндсэн өвчин. Үүнд тэвшинцэр болон түүдгэнцэрийн үрэвсэл. Бөөрний бусад өвчний эцсийн шат нь бөөрний дутагдал юм. Тиймээс нөлөөлнө. Манай эрдэмтэд, багш нарын хийсэн судалгаагаар бөөрний архаг дутагдалд ордог өвчний 30 гаруй хувийг түүдгэнцэрийн үрэвсэл эзэлдэг. Түүнээс 40 гаруй хувь нь тэвшинцэрийн үрэвсэл мөн даралт ихдэлт, чихрийн шижин гэх мэт өвчнүүд ордог. Сүүлийн үед уйланхайтай өвчнүүд нэмэгдэж байна. Манай Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд чихрийн шижин хурдацтай тархаж байгаа нь амьдралын хэв маяг хооллолттой холбоотой. Түргэн хоолны газрууд олширч иргэдийн хөдөлгөөн маш их багасаж байгаа. Хөдөлгөөн дутагдалт, буруу хооллолт чихрийн шижин өвчин үүсэх гол хүчин зүйл болдог. Чихрийн шижин өвчний эцсийн шат бөөрний архаг дутагдал болдог.

-Бөөрний өвчлөл ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

-Бөөрний ямар өвчлөл гэдгээсээ шалтгаална. Хэрвээ тэвшинцэрийн өвчлөл бол нуруугаар өвдөх, шээхэд янз бүрийн зовуурь илэрдэг байхад түүдгэнцэрийн үрэвсэл ямар ч шинж тэмдэг илэрдэггүй, жаахан ядардаг. Энэ төрлийн өвчлөл зөвхөн шинжилгээгээр илэрнэ. Тухайлбал, шээсээр цус гарах, шээсээр уураг алдах гэх мэт. Бөөрний өвчтэй иргэдэд хавагнах, даралт ихдэх шинж тэмдгүүд гарч ирж болно.

-Иргэд бөөрний өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх хэрэгтэй вэ. Эрт үедээ илрүүлснээр 100 хувь бүрэн эмчлэх боломжтой юу?

-Цаг агаар хүйтний улиралтай холбоотой үүсдэг тэвшинцэрийн үрэвсэл оношлогдоод байгаа. Учир нь өвдөж мэдрэгдээд буюу хүмүүс нуруу өвдөхөөр эмнэлэгт ханддаг. Тэвшинцэрийн үрэвсэл дээр хоёр зүйл анзаарагддаг. Нэгдүгээрт бактерийн эсрэг эмчилгээг хийгээд зургаан сарын хугацаатай харж, хянаж байж гайгүй болдог. Гэтэл иргэд нэг удаад 7 хоног эмчилгээ хийгээд хаядаг. Тиймээс нөгөөх нь дахин амархан сэдэрдэг. Хоёрдугаарт тэвшинцэрийн үрэвсэлд антибиотик хэрэглэдэг. Манайд антибиотикийн зохисгүй хэрэглээ газар авсан. Эмч бактерийн шинжилгээ аваад эмийн тэсвэртэй байдлыг үзэхээр хийх эм олдохоо байсан. Учир нь иргэд дур мэдэн эм хэрэглэснээр нөгөө өвчин үүсгэгч бактерууд нь антибиотикт тэсвэртэй болчихсон. Иргэд өөрсдөө эмч болж өөрсдийгөө эмчилдгээ зогсоох хэрэгтэй. Эмчийн заавраар шинжилгээ өгч байж эм хэрэглэхгүй бол хүндэрсэн үед хийх антибиотик олдохгүй болох аюул байна шүү гэдгийг анхааруулах хэрэгтэй байна. Мөн улирал солигдох үед буюу хавар, намар хүмүүс дааран өвчлөл нэмэгддэг. Сэрүүний улиралд ханиад, томуу, хоолой өвдөх нь бөөрний архаг өвчнийг сэдрээдэг. Түүдгэнцэрийн үрэвсэл харшил, дархлаатай холбоотой үүсдэг. Сүүлийн жилүүдэд хотжилт ихсэн харшилгүй олоход хэцүү байна.

Хоол, хүнсний эко байдал алдагдсан нь ч энэ төрлийн өвлөл үүсэхэд нөлөөлж байгаа. Түүдгэнцэрийн үрэвсэл эхлэх үндсэн шалтгаан нь харшлын гаралтай өвчлөл байдаг учраас энэ төрлийн өвчлөл ихсээд байгаа.

Тиймээс хүүхдүүдээ багаас нь чийрэгжүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Бага насны хүүхдэд янз бүрийн эмийг дур мэдэн өгч бордоод байна гээд дархлааг нь сулруулаад байгаагаа мэддэггүй. Дээрээс нь сүлжээний гээд таних, танихгүй эмээс татгалзах хэрэгтэй. Зөв хооллон эрүүл агаарт гаргах нь урьдчилан сэргийлэх хамгийн зөв алхам шүү. Урин дулааны цагт хөдөө агаарт эсвэл зусланд гарч хүүхдийнхээ болон өөрийнхөө эрүүл мэндэд анхаараарай. Эм, бэлдмэлээр бөмбөгддөг арга хуучирсан. Дэлхий дахин эмээс татгалзан өөр зүйлийг хайж байна. Дэлхий бусад орнуудыг иргэдийг харахад хаана ч очсон гүйгээд, дугуй унан эрүүл мэнддээ анхаарах болсон. Учир нь тэнд өвдвөл маш их мөнгө зарж эмчилдэг. Манайх хэдийгээр төлбөргүй сайн мэт боловч өөрөө эрүүл мэндээ хайхрахыг нь сулруулж хүнд даатгадаг болгоод байна. Өөрсдийнхөө төлөө өөрсдөө гүй. Хэрвээ эмчлүүлж байгаа бол эмчээ шүт, эмээ цаг тухай бүрд нь уу. Өвдөхгүй байхын төлөө анхаар.

Манай эмнэлэг дээр бөөрний цогц оношилгоо, эмчилгээ байдаг, бусад эмнэлгийн бөөрний сургалт, арга зүйн төв болдог.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)