“Ерөнхийлөгч хориг тавьснаар ҮХНӨ-ийн төслийг гацаасан юм биш”

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулган хуралдаж, Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Санал хураалтад 53 гишүүн оролцсоноос 64.2 хувийн саналаар хоригийг хүлээж авсан юм. Үүнтэй холбоотойгоор ямар нөхцөл байдал үүсэж буй талаар хуульчдийн тайлбарыг хүргэж байна.

1999 оны үйл явдал өнөөдөр давтагдаж байна

Хуульч С.Тэмүүжин

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх нь УИХ-ын мэдэх асуудал. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч ямар асуудалд хориг тавих эрхтэй вэ гэдэг нь хууль зүйн хувьд маргаантай. Одоогийн болж байгаа үйл явц 1999 онд болсон үйл явцтай давтагдаж байна. 1999 онд одоогийн байгаагаас нийгмийн бодлого, хууль зүйн нөхцөл байдал дээшлээгүй юм болов уу. Эсвэл өөрчлөлтийг улс төрийн зорилготойгоор энэ түвшинд унагаж байна уу гэдэг асуудал байгаа. 1999 оноос  хойш гэхээр 20 жил болж байна.  Миний санаж байгаагаар 1999 онд Үндсэн хуулийн “дордохын долоо” гэдэг өөрчлөлтүүд нь яригдаад 2000 онд дахин баталж байсан. Тэр үеийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн долоон заалт бол “дордохын долоо” гэж нэрлэгдсэн шигээ бүгд муу заалт байгаагүй. Тухайлбал, Ерөнхий сайд Засгийн газраа байгуулж чаддаггүй. УИХ, Засгийн газраа эмхэлж, Ерөнхий сайдаа томилж чаддаггүй. Ерөнхийлөгч гээд хариуцлага хүлээдэггүй хэрнээ хэмжээлшгүй их эрх мэдэлтэй байсан. Үндсэндээ Монгол Улс парламтентын засаглалтай юм уу, Ерөнхийлөгчийн засаглалтай юм уу гэдэг нь үл ойлгогдож байсан. Тухайн үеийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол санаа нь нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн тэр эрх мэдлийг танах, хоёрдугаарт, УИХ, Засгийн газрын ажлыг хийлгэхгүй байна. Тиймээс хуралддаг хугацааг багасгах ёстой гээд өөрчилсөн. Мэдээж эрх мэдлээ тануулж байгаа Ерөнхийлөгч хамгийн түрүүн хориг тавьсан. Тэр үед судлаачдын дунд хамгийн хүчтэй гарч ирсэн маргаан нь “ҮНХӨ бол хууль биш. Үндсэн хуулиар “Ерөнхийлөгч хууль болон УИХ-ын бусад шийдвэрт хориг тавина” гэдэг бүрэн эрх өгсөн. Гэхдээ бусад шийдвэр гэдэгт хуулиас доод түвшний бичиг баримтыг хэлж байгаа. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгч хориг тавих нь Үндсэн хуульд заасан дээрх бүрэн эрхтэй нийцэж байна уу” гэдэг маргаан гарсан. Яах аргагүй хуулиар  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах аргагүй. ҮХНӨ-ийг Үндсэн хуультай адил хүчин төгөлдөр үйлчилнэ гэдэг. Энэ маргаан тухайн үед өрнөөд хуульчид “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгч хориг тавих боломжгүй юм байна” гэдэгт санал нэгдсэн. Үндсэн хууль нь УИХ-ын гишүүдийн дөрөвний гурвын саналаар батлагддаг. Ерөнхийлөгчөөс илүү өндөр түвшинд хамаарна. Ерөнхийлөгч бол ард түмний талаас илүү хувиар сонгогддог. Харин УИХ-ын дөрөвний гурав бол Ерөнхийлөгчийн сонгогдсоноос хамаагүй илүү сонгогчийн шийдвэр гаргалт гэж үзсэн. Мөн тухайн үед гарч байсан том маргаан бол Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж болно. Гэхдээ ҮХЦ-д өгөөд, цэц тэрхүү саналыг нь УИХ-д өргөн барина гэдэг тайлбар хийгээд  тухайн үед Үндсэн хуульд заасан өргөн барих санаачлах заалтыг цэц гуйвуулж болохгүй” гэдэг маргаан гарч байсан. Цэцэд ийм эрх байхгүй. Харин цэц маргаан шийдвэрлэх явцдаа Үндсэн хуулийн хоёр заалт зөрчилдсөн байвал тэр асуудлыг шийдэж өгөөч гэж УИХ-д санал хүргүүлэхээс бус хууль санаачлагчдын бүрэн эрх рүү цэц халдаж болохгүй гэдэг маргаан гарсан. Энэ маргаанууд тухайн үед шийдлээ олсон гэж бодож байсан. Гэтэл өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг харвал энэ маргаан шийдлээ олоогүй бололтой. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн хориг бол Үндсэн хуулийн нэмэл төөрчлөлт дээр тавьсангүй. Харин ҮХНӨ-ийг ард нийтийн санал асуулга руу оруулах тогтоолын төсөл дээр байлаа. Тэгэхээр Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр хориг тавиагүй гэж уншигдахаар байна. Ерөнхийлөгчийн хориг бол аливаа асуудлыг зогсоох юм уу үгүйсгэх хүчин чадалтай процесс биш. Харин энэ асуудлаа дахиад нэг хэлэлцээд үзээч гэдэг хөшүүрэг.

ҮХНӨ оруулах бүрэн эрх нь УИХ-д хэвээрээ байгаа

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор, дэд профессор А.Бямбажаргал

- Ерөнхийлөгчийн тавьсан хориг бол ҮХНӨ-ийн үйл явц, агуулга дээр тавьсан хориг биш. УИХ-ын 73 дугаар тогтоол дээр тавьсан хориг юм. Энэ тогтоол нь дотроо хоёр зүйл агуулж байгаа. Нэгдүгээрт, ҮХНӨ-д оруулах журмын тухай хуульд зааснаар 17.1 буюу Ард нийтийн санал асуулгаар шийдье гэдэг. Хоёрдугаарт, 17.3-д заасан ард нийтийн санал асуулгаар оруулах нь  зүйтэй гэж шийдвэрлээд түүнд оруулах эхийг батлах тухай гэдэг тогтоол гарах ёстой. Эдгээрийг багтаасан байсан тогтоолд хориг тавьсан гэсэн үг. Ингэхээр Ерөнхийлөгч ҮХНӨ-ийн төслийг гацааж байгаа явдал биш юм гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Одоо харин асуудал дахиад УИХ-ын бүрэн эрхэд шилжээд байна. УИХ-д хоёр сонголт байгаа буюу УИХ хоёрдугаар хэлэлцүүлгийн төгсгөлд баталсан уг тогтоолууд бүхэлд нь хүлээн авсан учраас УИХ-д цаашид энэ тогтоолыг гаргах уу, батлах уу гэдгээ шийднэ. Товчхондоо УИХ-д Үндсэн хууль болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар ч энэ бүрэн эрх олгогдсон байгаа. Тиймээс УИХ хэнтэй ч хуваалцахгүй шийдвэрээ гаргаж болно. Нэг үгээр бол хоёрдугаар хэлэлцүүлгийн үед буцаад очсон байна. Яг одоогийн нөхцөлд бид таамаг дэвшүүлэхээс биш цаашид хэрхэхийг хэлж мэдэхгүй. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал.  Харин Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан УИХ-ын үндэслэл нь юу байх вэ гэдгийг таамаглавал, Ерөнхийлөгч хориг дээрээ “Намуудын зөвшилцлийг хангасан уу” гэдгийг бичсэн байсан. Энэ дагуу магадгүй зөвшилцөх үйл ажиллагаа явагдах байх. Одоо баталсан байгаа зүйл заалт дээр аливаа зүйл заалт нэмэх боломжгүй. Яагаад гэвэл хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх үйл ажиллагаа биш, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсний дараа энэ бүхэн болж байна. Шаардлагатай гэвэл зарим заалтыг гурван удаа санал хураана гэдэг заалтын дагуу явах боломжтой. Тэгэхээр намуудын зөвшилцөл энэ бүхнийг шийднэ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)