Үндсэн хуулийн Цэц Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцэнэ

Маргааш Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болохоор тов зарлагджээ. Энэхүү хуралдаанаар, Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг, Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэх юм байна. 

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Хэнтий аймгаас нэр дэвшиж сонгогдсон Д.Гантулга гишүүнээсээ өнгөрсөн онд чөлөөлөгдсөн билээ. Түүнийг өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзсэний дараа буюу өнгөрсөн оны зургаадугаар сард УИХ Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тогтоол гаргаж байв. Ингэхдээ хуулийн дагуу нөхөн сонгуулийг аравдугаар сарын эхний ням гарагт явуулахаар төлөвлөж, сонгуульд зарцуулах зардал хөрөнгийг тогтоосон юм. Харин нөхөн сонгуульд оролцох хүсэлтэй нам эвслүүд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх үед УИХ-ын тогтоол нь хууль зөрчсөн гэсэн гомдол мэдээлэл Цэцэд очсоноор асуудал үүсэж эхэлсэн байдаг.

Улмаар уг мэдээллийг Цэц хянан хэлэлцэж, УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргаж байв. Үндэслэл нь нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтэй төрийн албан хаагчдын ажлаа хүлээлгэж өгөх хугацааг Сонгуулийн тухай хуульд тодорхой зааж өгөөгүйгээс үүдсэн юм. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуульд төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших хүсэлтэй бол жилийн эхэнд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх улмаар сарын дараа ажлаа хүлээлгэж өгөх зохицуулалттай байсан. Тиймээс нөхөн сонгуульд оролцох төрийн албан хаагчдыг эрхийг хязгаарласан гэж үзэж байв.

Нөгөө нь сонгуульд оролцох нам, эвслийн зардлын дээд хэмжээг тогтоогоогүй нь УИХ-ын тогтоолын төсөл Цэцийн босгонд бүдрэхэд нөлөөлсөн. Харин УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авч, Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулсны дараа энэ оны зургаадугаар сарын 30-нд нөхөн сонгууль явуулахаар дахин тогтоол гаргасан. Улмаар сонгуульд 11 нам оролцохоор батламжаа авч, нэр дэвшигчдээ тодруулж эхлэх үеэр Цэцэд дахин гомдол мэдээлэл ирснээр асуудал өдийг хүртэл үргэлжилж буй билээ. УИХ-ын тогтоолд нөхөн сонгуулийн зардал болох 287 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар тогтоосон нь хууль зөрчсөн хэмээн Цэц дүгнэсэн байдаг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)