Б.Чулуунцэцэг: Амьдралдаа хамгийн сайн хийж чадсан зүйл маань нөхөрлөл бүтээх

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Батмөнхийн Чулуунцэцэгтэй ярилцлаа.

-Хутагт хувилгаадын тухай 20 цуврал кино хийнэ-

-Таны зохиолыг нь бичсэн Ламын гэгээнтний тухай кино өнгөрсөн зун нээлтээ хийсэн. Маш их хөдөлмөр зарж бүтээсэн кино байна лээ. Хутагт хувилгаадын тухай цуврал киноны эхнийх нь гэж сонссон. Кино хийхийн тулд туулсан зам, зарцуулсан хугацааг нь тооцвол шаггүй тоо гарах байх даа?

-2013 онд би шинээр үүсэн байгуулагдаад байсан хоёр төрийн  бус байгууллагатай учирсан. Нэг нь “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл, нөгөөх нь “Монголын хутагт хувилгаад” сан. Хутагт хувилгаад сангийн баримтат кино төслийн ажил анх нэлээд олон хүнтэй эхэлж байсан юм. Сүүлдээ яван явсаар хоёр эмэгтэй л үлдсэн. Зураглаач О.Энхтуяа бид хоёр. Гэрэл зурагчин Б.Тогтохдэмбэрэл буюу Тошкатайгаа нийлбэл гурвуулаа болно. Ингээд л зургаан жил боллоо. Бид энэ хугацаанд чамгүй их зам туулсан. Энэтхэг улс руу гэхэд зургаан удаа явжээ. Нэлээд сайн явсан. Өмнөд Энэтхэг, Дармасала, Бодгаяа гээд олон газраар явжээ. Мөн Монголдоо Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Дундговь гээд их явсан. Энэ төслийг анх эхэлж байхад тухайн үед Өмнөд Энэтхэгт суралцаж байгаа найм есөн хутагт байсан. Тэр хутагтуудтай уулзаад “Энэ баримтат киног хийнэ ээ. Энэ киноны зохиолыг бичнэ ээ” гэж амалчихсан юм. Хүн ангайсан амандаа багтаж амьдрах хэрэгтэй шүү дээ. Яг энэ амандаа багтах гэж би яг зургаан жил энэ ажлыг хийж байна. Энэ жил Монголын бурхан шашны гурван зулын нэг гэгддэг Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн хутагтын тухай, тэр хутагтаар дамжуулан өмнөх долоон дүрийн хутагтаад ямар их өв соёлыг бүтээж үлдээсэн, Монголын ард түмэнд юуг өгсөн бэ, түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ гэдгийг бага сага ч атугай үзүүлэхийг зорьж анхын киногоо хийсэн. Зургаан жилийн хугацаанд нэг кино хийж байна гэсэн үг. Цаана нь ахиад 19 хутагт байгаа гэхээр төсөл маань яаж явахыг хэлж мэдэхгүй байна. Нэгэнт амалчихсан болохоор хэлсэндээ хүрнэ л гэж бодож байгаа. Энэ манай аавын чанар л даа. Аав минь “Хэлсэн үгэндээ багтаж амьдар. Идсэн хоолондоо цадаж амьдар” гэдэг байсан. Аавынхаа тэр үгнээс зөрчихгүй юмсан гэж бодож амьдардаг. Тийм учраас хүнд нэг юм амлачихвал гүйцээчих юмсан гэж чин сэтгэлээсээ шаналж, хүчилж, хичээж, өөрийгөө зориулж, зольж зүтгэдэг. Үнэхээр чадал хүрэхгүй юманд бол “Чадахгүй юм байна аа, уучлаарай” гэж хэлдэг. Ихэнх тохиолдолд үгүй гэж хэлдэггүй за гэж хэлчихээд тэрэндээ багтаж амьдрах гэж өөрийгөө тамалж, тарчлааж явдаг хүн л дээ.

-Хутагт хувилгаадын тухай баримтат киноноос гадна ном сэлт бүтээх үү?

-Ер нь Монголын түүхэнд олон хутагт хувилгаад тодорсон байдаг. Гэхдээ яагаад энэ 20 хутагтын тухай кино хийнэ гэж яриад байгаа юм гэхээр 1990 оноос хойш Монголын бурхны шашин дахин сэргэсэн. Тэр цаг үеэс Монголын хутагт хувилгаадыг тодруулж эхэлсэн. Ингээд Далай багшийн соёрхолтой 20 хутагт  хувилгаад Монголоос яг одоо тодроод байгаа юм. Энэ 20 хүнээр л кино хийх гэж байгаа хэрэг л дээ. Үүний цаана Далай багшийн батламж соёрхолгүй хутагт хувилгаад болж тодорсон хүн олон байдаг гэсэн. Бүр 200 гаруй байдаг юм гэсэн. Тэрийг бол сайн мэдэхгүй. Би Далай багшийн баталсан, соёрхолтой хутагт хувилгаадын тухай кино хийнэ л гэж зорьж байгаа. Тэрнээс бусдыг нь хийе ч гэсэн үнэндээ миний энэ яваа нас гүйцэхгүй байх. Асар том сэдэв шүү дээ.

Гол нь энэ ажил яагаад удаашраад байна гэхээр хүн хүч муу. Энэ нь нөгөө л цалин пүнлүү, санхүүтэй холбоотой. Ямар ч цалин мөнгөгүй, санхүүгүй юман дээр ар гэр, амьдралаа хаяад явна гэдэг энэ тэнэг хар зориг л байгаа юм. Тэрнээс биш энэ ажлыг хийнэ гэдэг тийм амархан юм биш. Ёстой дуртайдаа гэдэг юм уу, урд насны өр шир юм уу, үйлийн үр гэх үү, тэрэндээ л зүтгэж яваа. Хоёрдугаарт, бас амалчихсан. Яагаад ч юм “За больё доо” гээд буцах өдрүүд өчнөөн ирж байсан ч яг больчихъё гэхээр зориг хүрдэгүй л юм. Тэгээд л ямар ч байсан энэ төслийг явуулж л байна. Үнэхээр санхүү, мөнгө нь болдог бол дэлгэрүүлээд гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, ном товхимол хиймээр. Бас баримтат кино, цуврал нэвтрүүлгүүд хиймэээр л байна. Бидэнд юу л байна, архив байна. Гэтэл цалингүй, мөнгөгүй, санхүүжилтгүй хүмүүс юм хийхэд хэцүү. Яагаад үүнийг хийгээд байна гэхээр энэ хутагт хувилгаадаар дамжуулан буддын шашны мөн чанарыг хүнд таниулж, өнөөдрийн энэ цөвүүн цагт нэг ч гэсэн хүний сэтгэлийг зөөлрүүлж, жаахан ч гэсэн юм бодуулж, уур омгийг нь бага ч атугай дарж чадвал О.Энхтуяа гэж эмэгтэй бид хоёрын цалин пүнлүү нь тэр юм. Ийм л цалинтай, ийм л хөлстэй ажиллаж байгаа юм.

-Анхны киногоо олонд танилцуулж, нээлтийг нь хийсэн нь урам өгсөн биз?

-Ламын гэгээн өөрөө Монголд морилчихсон байх үед тааруулж киноныхоо нээлтийг хийсэн. Эхэлж Баянхонгорт нээлтээ хийгээд дараа нь Улаанбаатарт “Шангрила”-гийн IMAX-т нээлт хийсэн. Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт нээсэн. Нутгийн зон олон үнэхээр сайхан хүлээж авсан. Их сайхан байсан. Киног үзээд хүмүүс уйлж байна лээ. Бид хоёр үнэхээр баярласан. Нуруун дээрээс том ачаа аваад хаячих шиг болсон. Тэр хүмүүсийн тэгж баярлаж байгааг, тэгж уйлж, тэгж шимтэж үзэж байгааг харах үнэхээр сайхан байсан. Зургаан жилийн маань хөдөлмөр шүү дээ.

IMAX-т нээлтээ хийхэд ч кино үзээд гарч ирсэн хүмүүс их сайхан сэтгэгдэлтэй байсан. Эхлүүүлчихээд явна гэж бодсон чинь цөмийг нь үзэж дуусаад гарч ирлээ, үнэхээр мундаг кино болжээ гэсэн урам хайрласан хүмүүс олон байсан.

-Киногоо олон нийтэд нээлттэй үзүүлэх үү?

-Одоохондоо нийтэд цацаагүй байгаа. Монголын ард түмэнд зориулсан юм чинь олон түмэндээ заавал үзүүлнэ. МҮОНТ-ээр гаргах санаатай байгаа. Үндэснийхээ өв, соёлыг түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй юм чинь МҮОНТ энэ киног маань гаргах байх аа. Сая нээлтэн дээр салбарын яам, соёлын байгууллагынхныг ирж үзээсэй гэж бодсон. Бүгдэд нь урилга өгсөн. Сайд утсаа аваагүй тул мессэж бичсэн. Харамсалтай нь соёлын газрынхан ирээгүй. Үүнд гомдолтой байгаа. Монгол Улсын соёлын бодлогыг авч яваа тэр хүмүүс ирж үзээгүй гээд бодохоор ямар хүмүүсээр дарга тавьсан юм бэ л гэж бодсон.

-“Хонгорзул” сонинд заавал ажиллана гэж хот орж ирсэн-

-Хутагт хувилгаадын сангаас гадна “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийг үүсэн байгуулагдахад нь удирдлагад нь ажилласан гэсэн. Утга зохиолын нэгэн үеийнхнийг зангидаж яваа гэж ойлгож болох уу?

-Миний 2013 оноос хойш хийсэн нэг ажил “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл гэж ТББ-ын ерөнхий нарийн бичгийн даргын алба. Өнгөрсөн зургаан жилд бид нэг үеийнхнийхээ сэтгэл зүрхийг нэгтгэж чадсан. Манай үеийнхэн уран бүтээлээрээ, хүн ёсны сайхан нөхөрлөлөөрөө нэг цул болж явдаг. Үүнд өөрийнхөө хувь нэмэр, оролцоог зохих хэмжээгээр байгааа гэж боддог.

“Шинэ мянган” утга зохиолын нэгдлийнхээ ерөнхий нарийн бичгийн даргаар таван жил ажиллаад ноднин жилээс хойш гүйцэтгэх захирлаар нь сонгогдон ажиллаж байна. “Шинэ мянган” утга зохиолын нэгдлээ байгуулаад бид “Төгөлдөр гоо” гэж 5 эрэгтэй найрагчийн тоглолт цэнгүүн, “Хаврын урилга” гэж 7 эмэгтэй найрагчийн тоглолт цэнгүүнийг хийж байлаа. Мөн “Шинэ мянганы яруу найраг” түүвэр гаргасан. Бид уран бүтээлийнхээ чанар чансааг сайжруулах, уран бүтээлчийн үнэлгээг дээшлүүлэх гэсэн хоёр зарчим барьж ажиллаж ирсэн.

-“Шинэ мянган” утга зохиолын нэгдэл нэлээд хожуу буюу 2013 онд байгуулагдсан болохоос танай үеийнхэн бол 2000-аад онд утга зохиолд орж ирсэн залуус биз?

-Манай үеийнхэн бол 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр утга зохиолд орж ирсэн залуучууд. Яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч, судлаач, шүүмжлэгч гээд 60 гаруй залуус байна. Эд нар бол яалт ч үгүй “Шинэ мянганыхан”. Шинэ мянган эхэлж байхад утга зохиолын хүрээнд орж ирж байсан залуус. Манай үеийнхэн 1990-ээд оныхны араас гарч ирсэн, тэдэнд эрхэлж өссөн ч гэж болно. 2001 онд Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва “Бид шинэ мянганы яруу найрагчид” гэж “Зохист аялгуу” сонинд бүтэн нүүр нийтлэл бичиж байсан. Тэр цагаас бид “Шинэ мянганыхан” гэж өөрсдийгөө нэрлэх болсон. Утга зохиолын нэгдэл болж зохион байгуулагдсан нь 2013 болохоос тэрнээс өмнө манай үеийнхэн номоо гаргацгаагаад, бүтээл туурвилаа хийгээд явж байсан. Нэгдлээ байгуулж байх үед л гэхэд  манай үеийнхэн дээд тал нь дөрөв таван номоо гаргачихсан, багадаа хоёр, гурван номтой болцгоосон байсан. Бид утга зохиолын ертөнцөд танилцаж, нөхөрлөөд 20 гаруй жил болсон байна. Яах аргагүй нэг үеийнхэн. Үе бол яалт ч үгүй байдаг. Үүнийг үгүйсгэсэн ч, эс үгүйсгэсэн ч цаг хугацаа харуулдаг.

-Үеийнхнийхээ хэнтэй анх танилцаж байв?

-Хамгийн анх “Хонгорзул” сонины редакц дээр яруу найрагч Борхүүгийн Батсайхантай танилцаж байсан. Яаж танилцсан гэхээр их хөгжилтэй. Хаврын хон ёнхийсэн салхитай, хавсаргатай өдөр байсан юм. Б.Батсайхан “Эмошн”-ы дуулдаг ингэн тэмээний тухай дуу ФМ-ээр явсан чинь “Эмээлийн бүүргийг хагартал буйлдаг ингэ гэж юу байдаг юм” гээд сүрхий шүүмжилж байна. Би чинь тэмээчний хүүхэд. Ботго нь эндсэн ингэн тэмээ яаж буйлдгийг яс махандаа мэднэ. Тэгээд Б.Батсайханаас “Чи хаанахынх юм?” гэсэн чинь “Сүхбаатарынх” гэнэ. “Сүхбаатарын аль сум юм?” гэсэн “Онгоных” гэж байна. “Танайх хэдэн халзан тэмээтэй л биз дээ. Чи ботгоо алдсан ингэж яаж буйлдгийг мэдэх юм уу?” гээд л мань хүнийг бараг л загнаад. Нөгөөх чинь сүүлдээ гацаж ээрээд, толгой түрүүгээ маажаад л. Тэгж танилцаж байсан. Ингээд “Хонгорзул” сонины редакцын өрөөнд “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Базарсадын Баттулга, Хөвсгөлийн яруу найрагч Буяндэлгэрийн Сарантуяа, Борхүүгийн Батсайхан бид дөрөв кофе ууж, хуушуур идэж, шүлэг уншдаг болсон. Тэр үеэс найрагч нөхөдтэйгөө танилцаж эхэлсэн дээ.

Уран зохиолын ахмад, дунд болон манай үеийнхэнтэй бүгдтэй нь шахуу уулзуулж, танилцуулж өгсөн хүн бол яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир ах. Тэр хүн л намайг хөтөлж аваачаад л “Энэ хүүхэд манай нутаг юм байгаа юм. Энэ хүүхэд шүлэг бичдэг юм” гээд л танилцуулдаг байлаа. Надад “Энэ хүнтэй танилц, Чука” гээд л бүгдээрэнтэй нь танилцуулсан даа. А.Эрдэнэ-Очир ах яруу найрагч Л.Ганзул бид хоёрыг тэгж л уулзуулж танилцуулж байсан. 2000 оны “Болор цом”-оор би нэг муу оюутан, гандсан жинс өмсчихсөн явж байсан чинь Л.Ганзул таараад “Жинстэй хүүхэн шүлэг уншдаг юм уу” гээд л, тэгж танилцаж байсан. Хамгийн түрүүнд ингэж Б.Батсайхан, Л.Ганзул хоёртойгоо танилцаж байсан юм байна. Тэгээд Ш.Лхамноржаатайгаа танилцаад л, Ц.Эрдэнэбаатар, П.Нямлхагва, Б.Болорцэрэн гээд л нэгэн үеийн найрагчидтайгаа танилцаж, нөхөрлөсөн. Нэг мэдэхэд 20 жил өнгөрчээ.

Хамгийн сайхан гэрэлтэй найзууд минь утга зохиолын хүрээнийхэн, “Шинэ мянган”-ыхан маань. Арван хэдтэй хүүхдүүд анх уулзаж л шүлэг уншиж танилцаад, бадарч дэвэрч, бие биеэ хайрлаж, дэмжиж, амьдралд нь гэрэл гэгээ нэмчих юмсан гэж явсаар өнөөг хүрчээ. Мөн би ТВ9 телевиздээ хайртай. Миний хамаг залуу нас, хамаг сайхан үе энэ ТВ-д өнгөрсөн. Уран бүтээлчийн хувьд намайг задалж өгсөн. Хөрвөх чадвартай болгосон. Тиймээс ТВ9-ийнхөндөө хачин хайртай. Дунд сургуулийн хэдэн найздаа бас хайртай. Алтан дэлхийд анд нөхдөөр баян хүн дээ, би. Миний амьдралдаа хамгийн сайн хийж чадсан юм бол нөхөрлөл бүтээх л юм болов уу гэж боддог.

-Танай Дорноговь бол Ноён хутагтаас эхлээд үе үеийн авьяастнууд, уран үгийн мастеруудын өлгий шүү дээ. Тэр сайхан нутгийнхны нөлөө, нөмөр нөөлөг их байсан биз?

-Би дунд сургуульд байхдаа шүлэг бичдэг байсан боловч түүнийгээ нуудаг байсан. Тиймээс намайг шүлэг бичдэг гэж хэн ч мэддэггүй байлаа. Яагаад ч юм шүлэг бичдэг гэж хэлэхээс их ичдэг. Харин бусдын шүлгийг бол уран уншдаг л хүүхэд байсан. Б.Явуухулан гуайн “Би хаана төрөө вэ?”, “Тэхийн зогсоол” ч юм уу, П.Бадарч гуайн “Тэмээ”, “Адуу”, М.Цэдэндорж гуайн “Морин хуур”, Ц.Чимиддорж ахын “Малчин” гээд алдартай шүлгүүдийг цээжээр уншдаг хүүхэд байсан. Шүлэгнээсээ ичээд хүнд үзүүлдэггүй байсан болохоор аймгийн төвд очиж утга зохиолын нэгдэл, дугуйлангийнхантай уулзаж байгаагүй.

Харин 2002 онд зуныхаа амралтаар аймагтаа очиж “Нутгийн амьдрал” гэж сонинд дадлага хийсэн. “Хонгорзул” сонинд хоёр жил ажиллачихсан, хэрэндээ биеэ тоочихсон амьтан очиж байгаа юм. Зуны амралтаар нутагтаа очиж нутгийнхаа сонинд ажиллана гэсэн чинь А.Эрдэнэ-Очир ах яваад очоорой гэсэн юм. “Нутгийн амьдрал” сонины ерөнхий эрхлэгч нь А.Эрдэнэ-Очир ах. Хариуцлагатай нарийн бичгийн дарга нь яруу найрагч Ш.Энхбаяр ах,  ерөнхий редактор нь яруу найрагч Л.Эрдэнэбат ах, сэтгүүлч нь Цагааны Бандихүү ах, дизайнер нь Бямбаа гэж ах, гэрэл зурагчин нь Буян-Өлзий ах, нягтлан нь Хишгээ эгч. Тийм хэдэн хүн дээр нэг оюутан очсон.

Очсон чинь намайг хүн гэж тоодоггүй ээ. “Аа, Мандахынх  л гэсэн. Эрдэнэ-Очир л авчирсан юм гэсэн. Наадахь чинь долоо хонохгүй явна л даа” гээд л.  Би тэнд  долоо хоног биш бүтэн хоёр сар ажилласан. Сүүлдээ ах нар надад их сайн болж, өдрийн цайны цаг болохоор “За манайд цай ууна” гээд л тав зургаан ах дагаад нэг охин явдаг байлаа.

Тэнд байхдаа нутгийнхаа олон зохиолчтой танилцаж ойр дотно, ах дүү болсон доо. Намайг утга зохиолд хөтөлж дэмнэж өгсөн хоёр хүн бол яах аргагүй Арлааны Эрдэнэ-Очир, Гомпилдоогийн Мөнхцэцэг гэдэг хоёр сайхан найрагч.

Г.Мөнхцэцэг эгчтэй яаж танилцсан гэхээр утсаар яриад л “Намайг Чулуунцэцэг гэдэг. Би Мандахынх юм аа. Шүлэг бичдэг юм. Тантай танилцах гэсэн юм аа” л гэсэн. Тэгээд хүрээд ир гэлээ. Манай Мандах сум Цагаанцавын тарвасаараа алдартай. Хоёр том оо тарвас шар уутанд хийгээд хоёр талдаа бариад өрөөнийх нь үүдэнд бүлтийтэл очоод зогсчихсон. Г.Мөнхцэцэг эгч тэр үед “Нью майнд” хэвлэлийн компанид ажиллаж байсан. Тэгж очиж танилцсан.

А.Эрдэнэ-Очир ахтай бас “Би Мандахынх, шүлэг бичдэг юм. Тантай танилцах гэсэн юм” гэж яриад л. Тэгсэн МЗЭ дээр хүрээд ир гэнэ. МЗЭ дээр очсон чинь А.Эрдэнэ-Очир ах зохиолч Доржзовдын Энхболд ахтай биллиард тоглоод байж байна. Би хаалганы завсраар нь хараад л, гарч ирэх нь үү гээд. Бараг 30 минут болсон байх. Нэг жаахан охин дүрлийтэл хараад зогсоод байхаар нь хэн бэ, юу вэ л гээ байх. Би нөгөө тантай ярьсан охин байна гээд л ээрч муураад. Тэгж танилцаж байсан, 2000 онд. Тэрнээс хойш ах дүү болсон доо.

-Оюутан цагийн онгодтой шүлгүүдээ хаана хаана уншиж байв?

-Оюутан болж хотод ирээд УБИС-ийн Багшийн коллежийн нэгдүгээр курст сурч байхдаа  шүлгийн тэмцээн орсон. УБИС-ийн оюутнуудын дунд “Уянгын тойром” гэж яруу найргийн наадам болсон юм. Их л зориг гаргасан хэрэг байх даа. Тэр наадамд шүлэг өгсөн чинь эхний шатанд тэнцчихэж. Ингээд дараагийн шатанд ор гэсэн. Тэгээд уг тэмцээнд орж шүлгээ уншаад гуравдугаар байрт орсон. Эдүгээгийн “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Моломжамц түрүүлж, Отгонжаргал гэж охин хоёрдугаар байрт, би гуравдугаар байрт орж байсан юм. Л.Моломжамц, Отгонжаргал хоёр хоёулаа УБИС-ийн УЗА-ы ангийн оюутнууд байсан. Ингэж сургуулийнхээ тэмцээнд байр эзэлсэн тэр цагаас урамшаад л, шүлгээ нэлээд идэвхтэй бичиж, үеийн нөхөдтэйгөө танилцаж эхэлсэн. Дээрээс нь би “Хонгорзул” сонинд нэгдүгээр курсээсээ идэвхтэн бичигчээр, хоёрдугаар курсээсээ үндсэн сэтгүүлчээр ажилласан. Өглөө хичээлдээ явчихаад үдээс хойш сониндоо ажилладаг байлаа. Тэр сонин намайг их нээж өгч, үеийнхэнтэй маань танилцуулсан. Их сайхан, гэгээн сонин.

-“Хонгорзул” сонинд сурвалжлагч болсон түүх тань бас сонирхолтой юм билээ?

-Би 17-той аравдугаар ангиа төгсөөд хөдөө хоёр жил мал малласан юм. Мал маллаж байхдаа “Хонгорзул” сонинг захиалж уншдаг байсан. Захиалсан сонинуудаа үдээд л хадгална. Төө зузаан үдээстэй сонин надад байдаг байлаа. Тэр сонинуудаа хот руу оюутан болж ирэхдээ Алтанцэцэг гэж найздаа бэлэглэчихэж байсан. Тэр найз маань уг нь УБИС-ийн УЗА-ы ангийн хуваарь авсан боловч хүнтэй сууж, хүүхэд гаргаад сургуулиа хаячихсан юм. “Чи юм их уншдаг хүн. Үүнийг ав. Чамаас өөр хэнд ч өгөхгүй” гээл тэр үдээстэй сонингуудаа өгч байлаа

Тэгээд оюутан болоод хотод ирсэн. Улаанбаатар ороод энэ сонинд заавал ажиллана даа гэж боддог байсан. Тэр хүслээ ч биелүүлсэн. “Хонгорзул” сонин маань намайг утга зохиол, урлаг, соёлын хүрээнд орох зам мөрийг гайхалтай сайхан нээж өгсөн. Цалин хөлс бага ч гэсэн уран бүтээлчийн хувьд маш сайхан нээж, хөгжүүлж өгсөн. Тиймээс “Хонгорзул” сонинд дөрвөн жил цалингүй ажилласандаа харамсдаггүй. 2000-2004 он  хүртэл ажилласан даа.

-Нэг жил идэвхтэн бичигчээр явж байж жинхэлсэн гэхээр бас чамгүй урт хугацаанд туршиж дээ?

-Би анх нэг жижиг эсээ шиг ч юм уу, өгүүллэг шиг юм бичээд тэрийгээ бариад “Хонгорзул” сонин дээр очсон юм. “Би ийм юм бичдэг юм аа. Багшийн дээдийн оюутан байна аа” гээд очсон. Ээрч муураад л, сандраад л байсан санагддаг. Тэгэхэд “Хонгорзул” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга нь Д.Гүнжилмаа гэж бүсгүй байсан. Д.Гүнжилмаа миний бичсэн юмыг аваад үлдсэн. Тэгээд хэд хоноод “Хонгорзул”-ын шинэ дугаар гарахаар нь үүргийн худалдаан дээр очоод харсан чинь Б.Чулуунцэцэг гээд нэр маань байж байна. Миний бичсэн юм гарчихаж. Баярлаад жигтэйхэн. Мөнгөгүй шахам байж байсан мөнгөө шавхан хоёр гурван “Хонгорзул” сонин аваад оюутны байрандаа очсон. Байрныхан маань аваачсан сониныг маань уншаад л байна, уншаад л байна. Ерөөсөө миний бичсэн юмыг олж хардаггүй. Хэлэх гэхээр ичээд. Тэгж тэгж нэгэнд нь “Энэ нэрийг нь хар даа” гэсэн чинь нөгөөх чинь “Чулуунцэцэг гэнэ үү” гээд ерөөсөө тоодоггүй. Тэгснээ “УБИС-ийн Багшийн коллежийн оюутан гэнэ үү. Хүүш чи байна шүү дээ” гээд. Тэгээд нөгөөдүүл чинь байраар нэг юм болоод л.

Тэгээд дахиж “Хонгорзул” руу очоогүй. Ичээд, айгаад байсан. Хулгаж хулгаж 14 хоногийн дараа очсон чинь “Чи яасан хачин хүүхэд вэ? Алга болчих юм. Чиний хоёр юм сонин дээр гарсан шүү дээ” гэнэ. Хоёр дугаар дараалаад материал чинь гарсан. Шагналын мөнгөө ав гэнэ. Би тэгж сонинд юм бичихээр шагнал өгдөг ч гэж мэдэхгүй. Тэгсэн чинь 4500 төгрөгийн шагнал бичигджээ. Есөн ширхэг 500-тын дэвсгэрт аваад л бөөн баяр болж, тэр мөнгөөр би бараг арван хэд хоног амьдарсан шүү. Хуушуур 50 төгрөг, бууз 30 төгрөг байсан үе юм чинь. Автобусанд суухгүй, оюутны байр, сургууль ойрхон болохоор алхчихна.  

Ингээд “Хонгорзул” сонинд бүтэн жил идэвхтэн бичигчээр яваад 2001 оны арваннэгдүгээр сард үндсэн сурвалжлагч нь болж “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр сурвалжлах эрхтэй” гэсэн бичигтэй үнэмлэх гардаж авч байлаа. Тэр үнэмлэхийг аваад хөл газар хүрэхгүй баярлаж байлаа шүү дээ. “Хонгорзул” сонин тэгэхэд 32 мянган захиалагчтай том сонин байсан. Багаасаа уншаад дурлачихсан, заавал энэ сонинд ажилд ороно доо гэж бодож ирсэн хүн аргагүй шүү дээ.

-Монгол хэлний багш минь намайг уран бүтээлч болгосон-

-Таны намтарт “Их Монгол” сургууль төгссөн гэж байна лээ. Энэ сургуульд хэзээ нь сурсан юм бэ. Уг нь УБИС-ийн Багшийн коллежид сурч байсан гэхээр багш болох байжээ дээ?

-УБИС-ийн Багшийн коллежийн бага ангийн багшийн ангийн хоёрдугаар курсээ төгсчихөөд гуравдугаар курсээсээ эчнээ болгоод, “Их Монгол” сургуульд элсч сэтгүүлч болно гээд очиж байлаа. Ээж, ах, дүү нар маань тун дургүй. Бага ангийн багш гэдэг гайхалтай сайхан мэргэжлийг галзуу юм шиг чам шиг ингэж сэтгүүлчээр сольдог тийм тэнэг хүүхэд байхгүй. Чи ер нь хаанаас ирсэн хэн юм. Манай удам сударт ийм ёс зүйгүй хүн байхгүй гээд л намайг загнаж, шүүмжлээд л. Тэгэхэд ганцхан хүн зөвшөөрсөн нь манай аав. Аавыгаа бид Ажаа гэдэг. Ажаа маань “Ёстой сайхан мэргэжил. Миний охин болж байна. Чам шиг ааштай хүн бол бага ангийн багш хийж чадахгүй. Аягүй бол айлын хүүхдийн толгой цоо цохичихоод хэрэг төвөгт орно. Ёстой сайхан мэргэжил сонголоо, миний охин. Ажаа нь бол дэмжинэ ээ” гээд л бүх асуудлыг шийдчихсэн. Аав дэмжингүүт бусад нь ёстой жингийн туухай дээр тавиад ч багадна шүү дээ. Тийм учраас хаалтгүйгээр “Их Монгол” дээд сургуулийн хоёрдугаар курсээс орж гурван жил сураад төгсч сэтгүүлч болсон. Багшийн мэргэжлээрээ гурван жил эчнээгээр сураад орхисон л доо. Эчнээ болгочихоор дахиад гурван жил сурах болчихоод байсан юм. Манай багш нар дараа нь ирж сургуулиа төгсөөч л гэдэг байсан. Том толгойтой шавь нь очиж төгсөөгүй л дээ.

-“Их Монгол” дээд сургуульд ямар багшийн шавь болов. Ангийнхан чинь мэдээж дан сэтгүүлчид, яруу найрагчид л байсан байх даа?

-Сэтгүүл зүйн М.Баяртогтох багш маань биднийг тосч авсан.  “Их Монгол” сургуульд оюутан болоод үнэхээр завгүй байдаг байлаа. Бусад оюутнууд шиг шоудах зав ч байгаагүй. Яагаад гэвэл би “Их Монгол”-ынхоо хичээлд сууна. Ерөнхий эрдмийн зарим хичээлээ УБИС-д үзчихсэн тулд суухгүй. Хичээлийнхээ хажуугаар сонинд ажиллана. Мөн эчнээгийнхээ хичээлд суудаг. Тиймээс ямар ч зав байхгүй гүйсээр гурван жил өнгөрсөн. Мэргэжлийнхээ хичээл дээр ирж нүүрний ширээнд сууж байгаад л хамаг юмаа бичиж аваад гараад явчихдаг тийм л оюутан байсан. Яруу найрагч Сэрээнэнгийн Билигсайхан агсан бид хоёр нэг анги. С.Билигсайхан маань авьяастай сайхан найрагч байлаа. Сайхан сэтгэлтэй. Цайлган цагаан сэтгэлийн  туйл нь байлаа. Билгээ маань оюутан байхдаа ангийнхаа ханан дээгүүр дүүрэн цаас наачихна. Орос, англи хэл сурч үг цээжилж байгаа нь тэр. Цүнх дүүрэн ном үүрч явдаг, маш их уншдаг оюутан байсан. Зүгээр л ном уншихын төлөө төрсөн юм шиг байдаг байсан. Тэр олон ном цүнхэлж яваа мөртлөө хажуугаар нь номын санд сууж ном уншина. Билгээ сургуулиа төгсөөд “Утга зохиол” сонинд ажиллаж, удалгүй Бельги явсан. Тэнд ажиллаж амьдарч байхдаа “Алтангөрөөс” яруу найргийн фестивалийг анх санаачлан Монголдоо зохион байгуулсан. Тэр фестивалийн хоёр, гурав дахийг нь “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийнхэн маань сайхан зохион байгуулж байсан.

-Оюутан байхдаа ярилцлагын номоо гаргаж байсан байх аа?

-Тухайн үед би маш их өвдсөн юм аа. Одоо бие гайгүй болсон юм чинь энэ  тухай ярьж болох байх гэж бодож байна. Намайг нэгдүгээр эмнэлгийн эмч нар бөөрний дутагдалтай, дээр нь цусны өвчин чинь сэдэрсэн байна гээд. Би багадаа цусны өвчинтэй хүүхэд байсан л даа. Ингээд бөөрний дутагдал, цусны өвчин хоёр хавсраад хүндэрчээ. Чамд нэг жилийн нас байна гэсэн. Тэгэхэд надад үнэхээр хэцүү байсан. Дөнгөж сэтгүүлзүйн гуравдугаар курсын оюутан шүү дээ. Юм сурна гэж ирээд эх, эцгийнхээ өчнөөн мөнгийг хоёр сургуульд авчраад тушаачихсан. Надад буцах эрх байдаггүй. Тэгээд тэртэй тэргүй үхэх юм чинь гэж бодоод аав, ээждээ нэг юм үлдээе гэж бодсон. Миний охин ийм хүүхэд байсан шүү гэж бодог, дурсах юм үлдээе гэж бодож тэр номыг гаргасан. Гуравдугаар курстээ бэлэн болгочихсон юм уг нь. Гэтэл номоо хэвлэх мөнгө байдаггүй. Дөрөвдүгээр курст орлоо. Мөнгө олддоггүй ээ. Нутгийнхаа нэг ахаас “Ажаад битгий хэлээрэй. Би номоо гаргаж зараад буцаагаад мөнгийг чинь өгчихнө” гээд мөнгө зээлчихсэн. Их том толгойтой. Тэгээд номоо гаргаж байсан. Би ямар юмаараа номоо зарж чадах вэ дээ. Оюутны бичсэн номыг хэн авах вэ дээ, чааваас. Тэгээд л өрөнд орохгүй юу. 2004 он шүү дээ. Нутгийн ах ч мөнгөө авахыг бодно биз дээ, аавд маань хэлээд аав маань тэр мөнгийг төлж байсан. Тэгж бантан хутгаж байлаа. Тэр их өвдөлт яасан юм бүү мэд. Эмч буруу оношилсон юм уу, эсвэл үнэхээр тийм юм байж байгаад “үг дуугүй” болсон уу, мэдэхгүй.

-Анхны ном гэдэг уран бүтээлч хүнд том урам байдаг даа. Тэр мэдрэмжээ хэнтэй хуваалцаж байв?

-Анхны ном маань 2004 оны арванхоёрдугаар сарын 29-нд хэвлэлтээс гарсан. Хамгийн түрүүнд надад манай Л.Ганзул, Ц.Эрдэнэбаатар хоёр яг ном гарсан орой ирж баяр хүргэж байсан. Тэр хоёр шинэ жилийн халтууранд яваад мөнгөтэй болчихсон ирээд л. Би дөнгөж уртын дадлагад яваад ирсэн, байранд орж амжаагүй, авга эгчийндээ сууж байсан юм. Тэр хоёр намайг “Баянгол” ресторанд оруулаад дайлах юм боллоо. Юу уух вэ, захиалаарай гэнэ. Би “Сүү ууя” гэсэн чинь “Чи номоо гаргасан хүн байж сүү уугаад байхдаа яадаг юм” гээд шоолж байна. “Найз нь сүү ууя аа” л гээд байлаа. Авга эгчийндээ байгаа хүн чинь архи дарс үнэртүүлж очиж болохгүй шүү дээ. Тэгээд сүү уухаар шийдээд нөгөө хоёр маань жаахан настроен унаж байгаа бололтой. Ц.Эрдэнэбаатар “Ядаж ганц шампанск авч тулгая л даа” гэсэн чинь Л.Ганзул тэндээс “Тэр нь дээр” гээд л уухайн тас зөвшөөрч байна. Ингээд гурвуул нэг шампанск авч ууж, анхны номыг маань тэмдэглэж байлаа.

-Шүлгийн ном тань хэдэн онд гарсан бэ?

-2007 онд гарч, нээлтийг нь 2008 оны нэгдүгээр сард хийсэн. Шүлгийн анхны номыг маань А.Эрдэнэ-Очир ах редакторлож өгнө гээд хагас жил болсон юм. Тэгээд Ц.Хулан эгч ариутган шүүсэн. “Чука” гэдэг түүвэрээ тэгж гаргаад Мандах сумандаа яруу найрагч Л.Ганзул, хөгжмийн зохиолч Р.Билэгт зэрэг найзуудтайгаа хамт очиж нээлтийг нь хийсэн. Би ер нь аливаа ном, бүтээл гаргахаараа түүндээ хүндэтгэлтэй, баяртай, талархалтай хандахыг боддог. Би л тэрийг “гаргасан” юм чинь надаас өөр хэн баярлуулах вэ дээ гэж боддог. Тиймээс ном гаргасны дараа номын баяраа найз нөхөдтэйгөө сайхан тэмдэглэдэг. Анхны яруу найргийн түүвэр “Чука”-гаас хойш “Амраг нандин”, “Сэтгэл нинжин” гэж хоёр ном гаргасан байна. Мөн ээждээ зориулж өгүүллэг, эсээ, нийтлэлийн “Ээж” номоо 2017 онд гаргасан.

-Ингэхэд уран бүтээлийн багш тань хэн бэ?

-Надад хадаг барьж шавилсан багш байхгүй. Дорноговь аймгийн Мандах сумын дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын багш М.Нарантуяа гэж миний багш бий. Одоо Сайншандын арван жилийн нэгдүгээр сургуулийн багш. Тэр хүн л намайг утга зохиолын амтанд оруулсан. Би тэр багшдаа л баярлаж явдаг. Миний өдий зэрэгтэй яваа минь тэр хүний ач гавьяа. Гуравдугаар ангиас минь эхэлж надад монгол хэл, уран зохиол заасан. М.Нарантуяа багш маань намайг монгол хэл, уран зохиол, эх хэлний амт шимтэнд оруулсан. Мэдээж их сургуульд хичээл зааж байсан олон багш байгаа. Сайншандын арван жилд ч гэсэн сайхан багш нар байсан. А.Сэлэнгэ гэж багш байсан. Тэдний ач буян их. Гэхдээ бага жаахан хүүхэд 11 настайгаас минь эхэлж өнөөгийн миний суурийг нь тавьсан тэр багшдаа хязгааргүй баярлаж явдаг. Одоо багштайгаа байнгын холбоотой.

-Яруу найрагчдыг уулзуулж, танилцуулдаг, уран бүтээлийн хувьд шандас сорьдог зүйл бол наадам, тэмцээн. Та уралдаан, тэмцээнд хэр оролцож байв?

-“Цагаан уул”-д 2001 онд ганц удаа орсон. Учиргүй их алга ташуулж байгаад хоёрын даваанд унасан. Түүнээс хойш “Цагаан уул”-д дахиж ороогүй. Би ер нь олон яруу найргийн наадамд ороогүй дээ. Сүүлийн арвааад жил “Болор цом”-д орж байгаа. Говь-Алтайд болоход нь Солонгост, Дорнодод болоход нь Энэтхэгт явж таарсан. Бусдад нь бол алгасаагүй юм байна. Отгон “Болор цом” Говьсүмбэрт болоход хэдийгээр осолд ороод бие тааруу байсан ч эмнэлэг биш “Болор цом” руу очсон. “Болор цом”-ын тайзан дээр шүлгээ дуудчихаад нэгийн даваанаас “нисэх” сайхан байдаг.

-Алтан дэлхийдээ талархаж энэ тоглолтоо хийнэ-

-Удахгүй та уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа. Хэд дэх тоглолт вэ?

-Хоёр дахь тоглолт. Анхны тоглолт маань 2012 онд Монгол бөхийн өргөөнд болж байсан. “Халхын сайхан эрд” тэр тоглолтоо хийчихээд “За даа, дахиж ер нь тоглолт хийнэ гэж ярихааргүй юм байна” гэж бодож байсан. Тэгтэл одоо өнөөдөр хоёр дахь тоглолтоо хийх гэж байна. Цаг хугацаа өөрчлөгдөхөд хүний сэтгэл санаа, үзэл бодол ч бас өөрчлөгддөг юм байна. Одоо нэг тоглолт хийе, тоглолт хийх цаг, нас нь болсон юм болов уу л гэж бодоод.

2012 онд анхны тоглолтоо хийхдээ би ТВ9 телевизийн сэтгүүлч байсан. Бүх юманд ганцаараа зүтгэж байсан тул надад хэцүү байсан. Ажиллаж байсан ТВ-ээсээ би 14 хоногийн чөлөө өгөөч гэж гуйсан боловч дөрөвхөн хоногийн чөлөө өгч байсан. Дөрөв хоногийн дотор ганц хүүхэн яваад бүх тоглолтынхоо ажлыг хурааж хумина гэдэг бол хүнд байсан. Гэхдээ ТВ-ийн сэтгүүлч байсан учраас ард хамт олон, найз нөхөд байсан. ТВ-ээр реклам үнэ төлбөргүй явж, ТВ маань нэвтрүүлэг хийж өгч, тоглолтыг маань бүрэн бичиж өгөх зэргээр олон юман дээр тусалж байсан. Гэхдээ 14 хоногийн чөлөө өгчихсөн бол би хангалттай сайхан тоглолт хийчих байсан байх гэдэг харамсал бол байсан. Одоо бол чөлөөт уран бүтээлч. Миний хийдэг ажил гэвэл дандаа төрийн бус байгууллагууд. Арай илүү чөлөөтөй, завтай, тоглолтынхоо төлөө явж чадаж байна. Амьтан хүнтэй уулзаж, бас сүүлийн 7 жилд уран бүтээлчийн хувьд хэр өссөнөө харах, харуулах цаг үе нь ирсэн юм болов уу гэж бодож энэ тоглолтыг зохион байгуулж байгаа юм.

Бас нэг шалтгаан нь би өнгөрсөн нэгдүгээр сарын нэгэнд дүүтэйгээ хоёулаа явж байгаад осолд орсон. Алтан дэлхий сайхан тосч авч хоёулаа эрүүл саруул бүрэн бүтэн үлдсэнд баярлаж байгаа. Алтан дэлхийд талархах ёстой гэж бодож байгаа. Ийм талархлын тоглолт хийе гэж нэгдүгээр сард л бодсон. Тэрнээс хойш бодож зорьж явсаар байгаад одоо тоглолт болоход цөөхөн хоног л үлдээд байна даа.

-Өмнө нь шүлэг, дууны цомог гаргаж байсан. Энэ тоглолтдоо зориулж цомог гаргах уу?

-2012 онд тоглолтынхоо өмнө “Тунгалаг дарсны эгшиг” гэж 21 шүлэгтэй, 7 дуутай цомог гаргаж байсан.  Одоо ч гэсэн тоглолтынхоо дараа хос цомог хийе гэж бодож байгаа. Нэг нь дан дуугаараа, нөгөө цомог нь өөрөө шүлгээ уншаад ийм  хос цомог хийчихвэл ямар вэ гэсэн бодол байна.

-Дууны уран бүтээлийн урын сан хэр арвин болж байгаа вэ?

-Дууны шүлэг бичих тийм амархан биш юм билээ. Анхны дуу маань 2003 онд гарсан. УГЗ Т.Сэр-Одын ая “Буйлаан” гэж дуу бий. Тухайн үед жүжигчин Л.Гантөмөр гэж эмэгтэй дуулж байсан. Тэр дуугаа одоо болох тоглолтдоо нутгийнхаа дуучин, Үндэсний урлагийн их театрын уртын дуучин Б.Батцэцэглэнгээр дуулуулж байгаа. Энэ дуунаас хойш СУИС-ийн багш Амармэнд гэж эмэгтэй хэд хэдэн шүлэгт минь ая хийж байсан. Тэр дуунууд тухайн үедээ дуулагдаад л хүмүүс мэдэлгүй өнгөрсөн. “Хайрлахгүй байхын аргагүй”, “Чамайгаа санаад” гэх мэт дуунууд байсан. Бас ҮДБЭЧ-ын тонместр байсан Бямбажаргал гэж эмэгтэй хоёр гурван шүлэгт минь ая хийж байсан.  Би өөрөө дууны уран бүтээлдээ их хайнга хэнэггүй ханддаг юм шиг байгаа юм. Анхны тоглолтдоо оруулж байсан дуунууд маань тэгсгээд л дахиж дуулагдалгүй өнгөрсөн.

-Тоглолтдоо зориулж шинэ дуу хийсэн үү?

-Энэ удаагийн тоглолтдоо зориулж хийсэн дуунууд байгаа. Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров гуайн хөгжим “Ургахын эхлэл ижий минь” гэж шинэ дууг маань дуучин Д.Отгонжаргал дуулж байгаа. Ээждээ зориулж хийсэн дуу минь байгаа юм. Би болж өгвөл ээжийгээ баярлуулах сан гэж боддог. Ижий минь бага залуугаасаа л хэдэн хүүхдийнхээ төлөө, хань ижлийнхээ төлөө хөдөлмөрлөж, хичээж, зүтгэж өнөөдөр жижигхэн бор хөгшин болж дээ. Ээжийгээ аль болох баярлуулах юм сан, ээжийгээ аль болох бүтээл номдоо оруулахсан гэж боддог. Нэг их  торго дурдан аваад хулдаад байхаасаа илүү ээждээ зориулж бүтээл үлдээхсэн гэж боддог. Тиймээс ээждээ зориулж “Ээж” гэж ном бичсэн. Монголын хөгжмийн ноён оргилын нэг Н.Жанцанноров гуайгаар ая хийлгэж, Монголын нэртэй сайхан дуучин Отгонжаргалаар дуулуулж дуу хийсэн. Мөн тэнгэр болсон аавыгаа санаж бичсэн “Зүрхэнд үлдсэн үнэр” гэж нэг дуу бичсэн. Тэр дууны аяыг “Морин хуур” чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан хийсэн. Ямар дуучнаар дуулуулахаа яриагүй байгаа. Тоглолт дээрээ анх дуулуулж олны сонорт хүргэнэ.

Би аавтайгаа хамгийн сүүлд 10 сарын 02-нд уулзсан байдаг юм. “Охиныгоо сайхан явж байгааг харахад ажаад нь сайхан байна. Одоо үхэхэд харамсах юм алга. Ажаа нь угаасаа өвс хонгортохыг үзэхгүй ээ” гэж  хэлж байсан юм. Би бага жаахан байж дээ. 29-тэй байж. Тэгээд юу хэрэгтэй хэрэггүй балай юм ярьж байдаг юм. Үхнэ гэж юу байсан юм гээд л өнгөрсөн. Аавыгаа байхгүй болчихно гэж бодоогүй, санаанд ороогүй. Хоёрт гэвэл би өөрөө дэндүү залуу хэнэггүй байж. Тэр тухай нээрээ юу хэлчихэв гэж боддоггүй. Тийм учраас аавыгаа бодож энэ дууг хийсэн.

Өвс нь хонгортсон талын

Үлэмж намуухан эгшиг

Өмөлзтөл санах үрийнхээ

Өр зүрхний намар аа

Зүрхэнд үлдсэн үнэр

Зүүдэнд ургадаг хайлан

Хан тэнгэрийн сахиус

Харь намрын нулимс

Миний аав аа гэсэн үгтэй.

Ер нь Дорноговийн тухай, төрсөн нутаг Мандахын тухай гээд миний дуунууд эх нутаг, эх орны тухай сэдэвтэй. Мөн ээж, аавын тухай дуунууд бий. Харин хайрын дуу их цөөхөн юм. 14-15 жилийн өмнө бичсэн хэдэн хайрын дуунууд л байдаг юм билээ.

-Нэгдүгээр ангид ороход аав маань 100 ширхэг дөрвийн үзэг авч өгч байлаа-

-Та аавынхаа тухай их сайхан нийтлэл бичсэн байдаг. Сэтгүүлч мэргэжлийг сонгоход ч аав тань нөлөөлсөн юм байна. Аавынхаа тухай дурсаач?

-Аав маань тийм хачин уужимхан хүн байсан. Хачин тайван. Хачин өглөгч хүн байсан. Буянтай хүн гэдэг бол миний аав байсан. Өөрт байгаа юмаа хүнээс харамлаж мэдэхгүй. Өөрт байгаа бүхнээ зүгээр л хүмүүст хуваагаад өгчихдөг. Өөрийнх нь дөрвөн хүүхэд хоол иддэг тухай бараг мэддэггүй хүн байсан. Зүгээр л нутгийн нэг хөгшинтэй ярьж сууж байгаад гэрт байгаа хивсээ хуулж аваад өгчихдөг. Өө, яах вэ танхайх олон хүүхэдтэй юм чинь энийг ав гээд л. Найз нь “Миний амьдрал хэцүү байна, Батмөнх өө. Идэх хоолгүй, өр ширэнд орчихсон хэцүү байна аа” гээд ирэхээр нь унах гээд бариад уячихсан туг ширээ бөхтэй, хивсэн тохоштой атныхаа хивсэн тохошийг нь хуулж аваад махлаад л ачаад явуулдаг хүн байсан. Дөрвөн унага гарлаа гэхэд хоёрыг нь урд саахалтын айлд, хоёрыг н ь хойд саахалтын айлд өгчихдөг тийм л хүн байсан.

Тэгээд буян заяа гэдэг юм нь миний хэдэн хүүхдэд ирэх юм аа л гэж ярьдаг хүн байсан даа. Жирийн л нэг тэмээчин. Гайхалтай гоё бичдэг. Тийм гоё бичдэг хүн одоохондоо олж хараагүй л байна. Манай яруу найрагч Нямлхагва их гоё бичдэг. Гэхдээ л миний аавыг гүйцэхгүй. Ажаа маань сумын дунд сургуулийн монгол хэлний багш дүүдээ оросоор захиа бичдэг байсан. Багштайгаа муудаад л долдугаар ангиасаа “Би хөдөө гарна аа” гээд гарчихсан юм билээ. Ангийнх нь найз нар хэрвээ Батмөнх цаашаа сурсан бол одоо энэ 76 дотор сууж байх хүн байсан даа гэдэг байсан. Тэр нь ямар хамаа байх вэ.

Ажаа минь маш их уншдаг. Намайг оюутан болоод зун очихоор надаас шалгалт авна. Багш нараас илүү аймаар шалгалт авна шүү дээ. Тэрний тийм зохиол байдаг чи уншсан уу. Догмид ямар зохиолоороо төрийн шагнал авсан бэ гээд намайг гацаана. Дэлхийн сонгодог зохиолуудыг бүгдийг уншчихсан. Намайг бага байхад манайх хэдийгээр тэмээчин айл боловч сайхан номын сантай байсан. Бүх юм байдаг байлаа. Мотор асаагаад л гэрэлтэй сууна. 200-гийн поошиг дүүрэн бензинтэй тийм айл байлаа. Индүү зэрэг цахилгаан бараа бүгд байдаг байсан. Сүүлд зах зээл болоод бинзин тос ховордох үед моторыг нь нэг найз нь ирээд аваад явсан. Индүү энэ тэрээ хот руу хамаатан садандаа өгч явуулсан санагддаг.

-Сумын төвд дотуур байранд сурч байв уу?

-Би сумын дунд сургуулийн багш авга эгчийндээ суудаг байсан. Гэрээ их санана. Тэмээчний хүүхэд багаасаа тэмээн дунд өсчихсөн болохоор хаврын нозоорсон урт өдөр наранд шарагдаад л нозоороод, хичээл хийж байхад ингэ л буйлаад байх шиг санагддаг байж билээ. Ер нь тэмээний буйлаан одоо ч надаас салаагүй. Сүүлд Улаанбаатарт ирчихээд нэг хэсэг монгол гэрт амьдардаг байлаа. Тэгээд л гэртээ юм хийгээд байж байхад тэмээ л буйлаад байх шиг, ингэ гунганаад буйлаад байх шиг санагддаг байж билээ. Юу билээ гээд чагнахаар машины чимээ. Тэгж бүр хоногшчихдог юм билээ.

-Аавын эрх охин байсан гэдэг дээ?

-Тэгэлгүй яах вэ. Би айлын том, аавын эрх охин. Дээрээ хоёр ахтай байсан нь эндээд, ээж аав хоёр минь хоёр хүүгээ алдаж зүрхэндээ нулимстай байхад нь би ирсэн гэдэг юм. Анх төрөхөд ээж дургүй байсан гэсэн. Охин төрлөө гэсэн чинь өө гэсэн гэдэг. Би төрөөд нэлээд хэд хоночихсон. Нэр өгч чаддаггүй. Миний дээд талын ахыг эндэхэд лам хараас асуусан чинь нэр нь хүндэдсэн гэсэн юм билээ. Тэгээд надад нэр өгч чадахгүй байж байтал эх барьсан эмч маань сарын дараа хүүхдээ эргэх гээд ирэхэд нь “Та нэр өгөөч” гэсэн гэдэг. Тэр хүн харж харж сууж байгаад гарахдаа “Чулуунцэцэг л гэхгүй юу” гэчихээд явсан юм гэсэн. Аав маань намайг гайхамшигтай эрхлүүлдэг байлаа. Надад хүн юм хэлүүлдэггүй байв. Би бархирах л юм бол хэдэн дүүгээ хуугаар нь загнадаг. “Хүүхдийн нулимс уулаа. Хүүхдийн нулимс уугаад цадаж байна уу” гэж загнадаг байсан гэсэн. Тэгээд аавыгаа дагаад хаашаа ч хамаагүй явчихдаг. Арай гэж зугтаад малдаа явдаг юм байна л даа. Тэгэнгүүт нь хойноос нь дагаад явчихдаг байсан гэж байгаа. Тиймээс аавын араад гарч гүйгээд төөрчих гээд байдаг. Намайг арай гэж гэрт үлдээгээд тэмээндээ яваад оройн бор хоногт ирнэ. Аавыг орж ирээд аяга цай уугаагүй байхад би босгож зогсоогоод хоёр хөлийг нь тушчихаад дэвхэр гэдэг байсан гэж байгаа. Миний муу ажаа тэгээд дэвхэрч байсан гэдэг. Тийм эрх амьтан байсан. Араас гурван дүү гараад эрх нь гайгүй болсон гэдэг юм.

Ажаа малд их хайртай, моринд дуртай. Морь, тэмээгээ их сайхан эдэлнэ, их зөөлөн унана. Хэдэн морь, тэмээг нь уналга эдэлгээнд сургадаг хүн нь би. Хаашаа бол хаашаа тэмээ, морь унаж давхиад хөлсөнд нь хутгачихна. Ажаа бол машин, мотоцикл унахгүй. Бэлэн тамхи татна . Дандаа дүнс орооно. Тэгэхдээ сонинд ороохгүй, зах зээлийн хэцүү үед ч гэсэн тамхины цаасанд л ороодог байсан. Намайг нэгдүгээр ангид ороход аав юу бодсон юм, дөрвийн үзэг 100 ширхэгийг авч өгч байсан. Магадгүй намайг бичгийн хүн болохыг зөгнөсөн байх. Уран зохиол, хэл соёлд хайртай болохыг зөгнөсөн юмуу, бүү эд. Тэмээчин аав минь охиндоо 100 ширхэг үзэг авч өгч байсан. Тэгээд л тэрийг нь би эдэлж өгсөн. Ийшээ ч нэг айлын хүүхдэд тараагаад. Нэгийг дарж хэмхэлж хаяад л. Хөдөөний хүүхдийн амьдрал ямар байсан яг тийм илүү  ч  үгүй дутуу ч үгүй амьдрал дунд өссөн дөө. Би долоон жил хурдны морь унасан. Морь, тэмээ хоёрт эрэмгий байсан. Дандаа ааштай, догшин морь унадаг. Яагаад гэвэл ааштай ардагдуу морь хөл хөнгөн байдаг. Номхон юм бол гуядаад гуядаад явахгүй шүү дээ.

-Одоо нутагтаа очих зав зай хэр гарч байна вэ?

-Нутагтаа ээж, эмээ, дүү нар минь байгаа. Нутагтаа жилдээ нэгээс хоёр удаа л очдог. Хамгийн удлаа гэхэд Цагаан сараар 3-4 хононо. Бусад үед ороод л гарна. Одоо сайхан юм нь утсаар байнга ярина. Ээжтэйгээ өдөр бүр биш гэхэд өнжөөд ярьчихна. Сэтгэлээ хуурах юмнууд их л болчихлоо.

-Нутгийнхаа тухай олон дуу зохиосон уу?

-Хамгийн эрхэм нандин юм нутаг. Нутгийн тухай хэд хэдэн шүлэг бий. Мандах сум, мандахынхандаа зориулж “Алтан нарны нутаг” гэж дуу хийсэн. Аяыг нь хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр хийж, ДБЭТ-ын гоцлол дуучин Отгонбат дуулсан. Ш.Өлзийбаяр бид хоёр хоёулаа Мандахын хүүхдүүд. Хоёулаа шинэ дуундаа урамшаад хөөрөөд л байгаа. Мандахынхан маань их сайхан хүлээж авсан.

Мандах нутгаас минь Ш.Өлзийбаяр гэж гайхалтай сайхан авьяаслаг хөгжмийн зохиолч төрөн гарч байна. Мөн “Морин хуур” чуулгыг үүсгэн байгуулагч, АЖ Цэндийн Батчулуун гэж агуу хүн Мандах сумынх. Ц.Батчулуун гуай гэрэлт хөшөөг Мандах суманд энэ жил босгосон. “Морин хуур” чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж хүндэтгэл үзүүлсэн нь сайхан санагдсан.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. таалагдлаа

    0 0 Хариу бичих