“Ногоон технологи ба хөрөнгө оруулалт” үзэсгэлэн болно

“Экспо Монголиа” төслөөс зохион байгуулдаг  “Ногоон технологи ба хөрөнгө оруулалт” олон улсын үзэсгэлэн, бага хурал энэ сарын 9-11-нд “Мишээл экспо” төвд болно. Энэхүү үзэсгэлэн, бага хурлын тухай зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэхүү үзэсгэлэнг 2012 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа , хөгжлийн яам, Хүнд машин механизм үйлдвэрлэгчдийн холбоо хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Олон улсын үзэсгэлэнгийн үеэр Герман, Австри, Беларусь, БНХАУ, АНУ, Монгол зэрэг 10 улсын 55 байгууллага оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Үүнд уул уурхайн салбарт ашиглагддаг тоног төхөөрөмж, машин механизм, барилгын үйлдвэрлэлд ашиглах материал болон ундаа, сүүн бүтээгдэхүүний процесс, технологи, үйлдвэрлэлийн иж бүрэн шугам, суваггүй технологийг танилцуулах юм байна. Ингэснээр дотоодын аж ахуйн нэгжүүд дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийн технологитой танилцаж, үйл ажиллагаандаа ашиглах боломжтой гэдгийг “Экспо Монголиа” төслийн удирдагч Карстен Прен хэлэв.

Мөн үзэсгэлэн, бага хурлын үеэр усны асуудлыг хөндөж байгаа юм байна. Дэлхий дахинд цэвэр усны нөөц, усны менежмент асуудал болж байгаа. Монголд ч гэсэн усны асуудал толгойн өвчин болж байгаа тул тус сэдвийг хөндөж, "Усны менежмент - Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглахад тулгарч буй асуудлууд" сэдэвт бага хурал болох аж.  ХБНГУ-ын Бранденбург хотын усны академи төрийн  болон бизнесийн байгууллагууд оролцож усны менежмент болон дэлхий дахинд хэрэглэгдэж байгаа “Хот суурин газар, дэд бүтэц, барилга, уул уурхай, бусад салбар”-д ашиглагдах ус хангамжийн дамжуулах ба түгээх технологи, цэвэр, бохир ус цэвэрлэгээний технологи, түүний ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй, эдийн засгийн үр ашиг бүхий хамгийн сүүлийн үеийн техник технологиуд танилцуулагдаж, усны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон бизнесийн байгууллагуудтай санал бодлоо солилцох гэнэ.  

Дашрамд дурдахад, “Экспо Монголиа-2018”-д нийт 11 орны 63 аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож Засгийн газар, яамд, барилга, уул уурхай хүнд үйлдвэрлэл, хүнс, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, медиа, тээвэр зууч, байгаль орчин, газар тариалан, аялал жуулчлал, хөдөлмөрийн аюулгүй байдал, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан холбоо гэсэн салбаруудыг төлөөлж 2300 гаруй зочид төлөөлөгч оролцсон юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)