Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын нээлт болжээ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт бүтээн байгуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын нээлт өнөөдөр болжээ. Уг үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд Сайншанд хотоос газрын тос боловсруулах үйлдвэрийн талбай хүртэлх 18,8 км урт төмөр зам, 16,8 км хүнд даацын зориулалт бүхий хатуу хучилттай автозам, Сайншанд суманд байрлах 110/35/10 кВ-ын дэд станцаас газрын тос боловсруулах үйлдвэр хүртэлх 110/10 кВ-ын 18,2 км ЦДАШ, дэд станцын ажил хийгдсэн юм байна.

Дэд бүтцийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Газрын тос, байгалийн хийн сайд Шри Дармендра Пратхан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНЭУ-ын Гадаад хэргийн сайдын зөвлөх К.Панкаж, Энэтхэг улсаас МУ-д суугаа элчин сайд М.П.Сингх, Дорноговь аймгийн удирдлагууд болон ард иргэд оролцжээ.

Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 59 дүгээр тогтоолоор Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын хэлэлцээрийн хүрээнд БНЭУ-ын 1,0 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д айлчлах үеэр 236 сая долларын нэмэлт санхүүжилтийг БНЭУ-ын тал олгох болсноо илэрхийлсэн юм. 

Дэд бүтцийн угсралтын ажил хийгдэж дууссанаар 2020 оноос үйлдвэрийн барилга угсралтыг эхлүүлж, 2023 онд бүрэн ашиглалтад орж ажиллах юм. Төслийн үр дүнд Монгол Улс түлш шатахууны импортын хамаарлаас гарах, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурч, түлш шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалах валютын ханшны өөрчлөлтгүй болох, дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хүртэл хувиар нэмэгдэх, улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр жил бүр ойролцоогоор 150 сая ам.доллар төвлөрөх, ажлын байр шинээр бий болох, парафин вакс болон хуванцрын түүхий эд үйлдвэрлэснээр жижиг дунд үйлдвэрлэл хөгжих нөхцөл бүрдэх ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ашгүй дээ

    1 0 Хариу бичих