Д.Дэлгэрням: Бид эсрэг тактикаа сайн боловсруулсан учраас хожиж чадсан

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн ГранПрид тэргүүлсэн “Улаанбаатар ММС Энержи” багийн ахлагч, тус тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогч буюу “MVP”-гээр шалгарсан ОУХМ Д.Дэлгэрнямтай ярилцлаа.

-2017, 2019 онд хоёр удаа учраа таарч нэг нэг хожилтой байсан Пираны багийг хожсон шүү дээ. Финалын тоглолтын явц хэрхэн өрнөв?

-Словений Пиран баг улсынхаа шигшээ баг нь. 3x3 төрлөөр тив, дэлхийн аваргын тэмцээнд оролцдог чансаагаараа чанга баг. Бидний хувьд Пиран багтай 2017 онд Тайванд тоглож хожигдсон, 2018 онд нэг ч таараагүй. Харин 2019 онд БНСУ-д болсон тэмцээнд дахин хожигдсон. Сая гурав дахь тоглолтоо БНСУ-ын Чэжүд аваргын төлөө тоглож хожлоо. Тоглолтын хувьд Пиран баг хувилбар сайтай, хүчний тоглолт их хийдэг, ур чадвартай баг. Бидний хувьд Пиран багийн эсрэг тактикаа сайн боловсруулсан учраас хожиж чадсан гэж бодож байна. Тэд бол хүчтэй хамгаалалттай.

-3x3 төрөл нь олимпийн төрөл болсон. Одоо Токио-2020-д оролцох эрх авах ямар тэмцээнүүд байгаа вэ?

-Бидний хувьд энэ жил 10 Challenger тэмцээн, хоёр World Tour тэмцээнд оролцсон. Бидний сүүлийн тэмцээн Саудын Арабын Jeddah World Tour тэмцээнд оролцоно. Энэ тэмцээнд бид сайн оролцон эхний “tour”-т шалгарч чадах юм бол цаашаа аравдугаар сарын 30-нд World Final тэмцээнд оролцох эрхээ авна. Хүмүүс Challenger,  World Tour гэсэн хоёр төрлийг тэр бүр сайн ойлгодоггүй. Дэлхий дээр 28 Challenger тэмцээн болдог. Энэ нь улс бүрийн Гранпри тэмцээн. Тус тэмцээнд бүгд FIBA-гаас эрх авч оролцдог учраас эхний хоёр байранд орсон баг World Tour-ын эрх авч оролцдог. Тиймээс бид энэ жил гурван World Tour-д эрх авч оролцож байна гэсэн үг юм.

-Өрсөлдөгчөө хэр судалж байна?

-3x3 төрөл youtube болон вэб сайтуудаар маш их цацагддаг. Тэр ч утгаараа бидний хувьд аль ч багтай тоглох болсон судалгаа хийн өмнөх тоглолтуудыг бичлэг болон тухайн өдрийн бичлэгийг шууд л интернэт ороод үзэх боломжтой. Өрсөлдөгч баг ямар тактик хийж байна, хамгаалах тоглогч хэр гэдгийг бичлэгээс харж байнга л судалгаа хийн тоглолтод ордог.

-Манай Улсын тухайд энэ төрөл хэзээнээс илүү эрчээ авч хөгжиж байгаа вэ?

-2016 онд бид анх Вьетнамын Ханой хотод болсон элсний Азийн наадамд мөнгөн медаль авснаар бидний 3x3 тэмцээний гараа эхэлсэн. 2016 оноос хойш маш идэвхтэй тоглож байна.

-Багийн бүрэлдэхүүнээ анх хэрхэн бүрдүүлж байсан бэ. Бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй нэг багаараа байхын давуу тал?

-Мэргэжлийн өндөр түвшинд тоглоход үндсэн багаараа тоглох нь маш давуу тал. Яагаад гэхээр маш олон хувилбарууд байдаг учраас хэн юу хийх вэ гээд нэг нэгнийгээ мэдэрсэн байдаг нь багийн давуу тал. Жишээ нь манай багийн хувьд Цэнгүүнбаяр сая бэртээд бид гурав дээр Гансүх, Ананд тоглосон. Ананд орж ирсний дараа эхний хэдэн тоглолтод ойлголцохгүй байдал үүсэн. Учир нь удаан хугацааны туршид олон тэмцээнд оролцохоор гар нийлдэг. Тиймээс нэг багт удаан тоглох бол маш том давуу тал.

-Багийн спортын төрөлд амжилт гаргах гол хөшүүрэг нь юу байдаг юм бол оо?

-Маш сайн ойлголцож тус тусын үүргээ биелүүлэх. Багийн спортын хамгийн гол хөшүүрэг бол спонсор. Тэр тусмаа бид нар шиг зөвхөн монголдоо тэмцээнд ордоггүй, дандаа гадагшаа явж тэмцээнд оролцдог тохиолдолд спонсор байгууллага зардал мөнгийг гаргадаг. Спонсор байгууллага боломж олгосны хүчинд бид олон тэмцээнд орж амжилт гаргаж байгаа. Хэрвээ бидний спонсор тааруухан байсан бол олон тэмцээнд оролцож туршлага хуримтлуулж чадахгүй гээд сул тал ихтэй.

-Бэлтгэл сургуулилалт хийх орчин, нөхцөл бололцоо хэр хангагдаж байна?

-Бэлтгэлээ бид өөрсдийнхөө түвшинд боломжийн хангаад явж байна. Спонсор байгууллагууд бидэнд бэлтгэл хийх бололцоог хангалттай хангаж өгдөг учраас ур чадвар маань нэмэгдэж байгаа болов уу.

-3x3 тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулж байгаа нь олон давуу талыг олгож байгаа бол уу?

-Монголын хүүхэд залуус өндөр зэрэглэлийн тамирчдыг дэргэдээс нь харж үлгэр дуурайлал авах зэргээр 3x3 тэмцээнийг маш сайн сурталчилж байгаа. Мөн гадаадын олон тамирчид монголд ирэх тусмаа монголыг олон улсад сурталчлан хөшүүрэг болно. Аль аль талдаа л ашигтай.

-Гадны улс оронд тэмцээнд оролцоход хүндрэл бэрхшээл хэр тулгардаг вэ. Цаг агаар орчин бэлтгэл, хоол хүнс гэх мэт?

-Гадаадад олон улсын тэмцээнд оролцоход цагийн зөрүү их нөлөөлдөг. Орчин нөхцөл, цаг уурын байдал, идэж байгаа хоол хүнс бүхий л зүйлс өөрчлөгддөг. Тэр бүрд самбаачилгатай байх хэрэгтэй. 3x3  төрөл нь долоо хоног бүр л өөр тийшээ явдгаараа бусад спортын төрлөөс давуу талтай. Тамирчин хүнээс бүхий л зүйлсийг шаарддаг. Зөв шийдвэр гаргах ёстой, хурдан бодох, аливаа зүйлд хурдан дасах ёстой гэх мэт. Хамгийн чухал нь тэсвэр, тэвчээртэй байх ёстой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)