Хуулийн цоорхойд цэцэглэсэн эмийн наймаа

-Хийдэлтэй хууль, эрсдэлтэй салбар-

Монголчууд бид эмийг хоол шиг хэрэглэдэг болжээ. Үүн дээр дөрөөлөөд эмийн наймаа цэцэглэж, эм хэмээх хими, бактерлогийн зэвсгийг монгол хүн дээр чөлөөтэй туршиж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд эм, эмнэлгийн хэрэгслээс гадна биобэлдмэл үйлдвэрлэх, худалдах, түгээх, импортлох явдал нэмэгдэж, тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээд энэхүү үйл ажиллагааг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр эрхэлж байгаагаас хүн амын эрүүл мэндэд аюул занал учруулах болжээ. Малын эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн чанар, эрүүл ахуйн шаардлагын талаар ноцтой мэдээлэл олны сонорт хүрсээр бараг дөжирч байх шиг.

Иргэдийн гарцаагүй байдал буюу хүнд өвчний өмнө хүчин мөхөсдсөн байдлыг далимдуулан малд хэрэглэгддэг эм, бэлдмэлийг хорт хавдар эдгээдэг гэж  худалдаалах, элдэв төрлийн ургамлыг ахуйн хүрээнд бэлдэж төрөл бүрийн өвчин анагаадаг  гэж итгүүлэн нууцаар зарж борлуулах явдал түгээмэл байгаа ажээ. Энэ бол цагдаа, прокурор зэрэг хууль хяналтын байгууллагад буй мэдээллийн зах зух нь.

“Монголчууд хоолондоо хорддог байсан бол эмэнд хордож байна” гэж арваад жилийн өмнө тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байв. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сарын өмнө эм ханган нийлүүлдэг байгууллага, эмийн үйлдвэр, эмийн сангуудад шалгалт хийхэд холбогдох дүрэм, журмыг хангаж ажиллаагүй, бүртгэлийн заавараас зөрүүтэй эм худалдсан, мэргэжлийн бус эм барьсан, хадгалалтын хугацаа дууссан эм зарсан гэх нийтлэг зөрчил илэрсэн байна. Мөн сүүлийн үед олон төрлийн эм, витаминуудыг сошалаар худалдан борлуулдаг болсон нь олон эрсдэл дагуулж буй аж. Тиймээс хаана, хэрхэн үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй баталгаагүй эм, витаминуудыг хувь иргэний гар дээрээс авахгүй байхыг МХЕГ-аас анхааруулсан байна лээ. Эмийг зөвшөөрөлгүй борлуулсан бол Эрүүгийн хуулиар шийтгэх хуулийн заалттай хүнд гэмт хэрэгт тооцогддог гэдгийг ч хууль, хяналтын байгууллагынхан анхааруулж буй.

Эрчимтэй өсч буй эмийн хэрэглээ

Монгол Улсын эмийн зах зээл харьцангуй жижиг, 2015 оны байдлаар хүн амын тоо 3.1 сая байсан бөгөөд ойролцоогоор 183 тэрбум төгрөг буюу 93 сая ам.долларын эм импортолж байжээ. Мөн оны байдлаар ойролцоогоор 6.4 тэрбум төгрөгийн эмийг хандив тусламжаар авч, ойролцоогоор 29.3 тэрбум төгрөг буюу 15 сая ам.долларын эмийг эх орондоо үйлдвэрлэсэн аж. Дээр дурдсан тоо баримтад тулгуурлан 2015 оны байдлаар нэг хүнд жилд ногдох эмийн зардлыг тооцоход 32.6 ам.доллар байжээ.2015 оны байдлаар эмийн улсын төсөв 70.4 тэрбум төгрөг байсан аж. Энэ нь 2011 оноос хойш тогтмол өссөн үзүүлэлт. Тухайлбал, 2011 онд 41.1 тэрбум, 2012 онд 66.4 тэрбум, 2013 онд 60.4 тэрбум, 2014 онд 68.5 тэрбум гэх мэтээр эмэнд зарцуулах төсвийн хөрөнгө өссөөр иржээ.

-Эмийн ургамлын нөөц устахад ойрхон болжээ-

Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн ахлах прокурор Б.Өнөрмаа Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулиас хамтран “Эмийн хууль бус эргэлт, тулгамдаж буй асуудал” эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлдээ эм, био бэлдмэлийг улсын хилээр оруулж ирэх болон худалдан борлуулах, түгээх үйл ажиллагааг зохицуулсан хууль, эрх зүйн актуудад зарим нэг тодорхой бус байдал, мөн хийдэл байгаа талаар хөндсөн байна.  

Тухайлбал,Эрүүгийн хуульд зөвхөн “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн, малын эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдсан, түгээсэн“ үйлдлийг гэмт хэрэгт тооцсон атлаа экспортлох үйл ажиллагааг орхигдуулсан нь учир дутагдалтай зохицуулалт болжээ. Учир нь Монгол Улс эмийн ургамлын нөөцөөр баялаг. Тиймээс Монгол Улсын иргэдээс гадна гадаадын иргэд үүнийг мэддэг болсон бөгөөд жуулчны визээр манай улсад ирж эмийн ургамал судалдаг болсон аж. Уламжлалт эмчилгээнд хэрэглэгддэг, нэн ховор эсхүл ховор эмийн жагсаалтад бүртгэгдээгүй, Монгол Улсын эм болон уламжлалт эмчилгээнд танигдаагүй боловч гадны улсад тэр тусмаа уламжлалт эмчилгээг эрхэмлэдэг Азийн улс оронд өргөнөөр хэрэглэдэг ургамлыг Монгол Улсад боловсруулан, хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн бараа, бүтээгдхүүн болгон экспортлох бүрэн боломжтой байгаа нь хуулийн дээрх зохицуулалт хийдэлтэй болсныг харуулна. Энэ нь Монгол Улсын эмийн ургамлын нөөц болон судлагдаагүй боловч цаашид уламжлалт эмчилгээнд хэрэглэгдэж болох ургамлын нөөц устаж үгүй болох эрсдлийг дагуулж байгаа юм.

Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйл буюу “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих” гэсэн заалтад “Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, шинэ эм хэрэглээнд гаргах шаардлага, нөхцөлийг зөрчсөн импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн” тохиолдолд зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэхээр байгаа нь хуулийн хийдлийг ашиглах боломж гарч ирж байна. Тухайлбал дээрх заалтаар бол уламжлалт эм үйлдвэрлэх, хэрэглээнд гаргах шаардлага, нөхцлийг зөрчсөн тохиолдолд хэрхэн хариуцлага хүлээлгэх эсэх нь тодорхойгүй байгаа ажээ.

Уламжлалт эмийн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээтэй холбогдуулж хэлэхэд, хульд тодорхойлсон “эм барих эрхгүй” атлаа бусдад санал болгож, итгүүлж буй танг өөрийн бие дээр хэрэглэж үзсэн эсхүл олон хүн үүнийг хэрэглээд илааширсан талаар итгэл үнэмшил бий болсон, энэ нь анагаахын шинжлэх ухаанаар батлагдаагүй эсхүл үгүйсгэгдээгүй тохиолдол цөөнгүй. Гэхдээ тухайн уламжлалт эм буюу танг хэрэглэсан хүний эрүүл мэнд нь муудсан бүр цаашлаад амь нас нь хохирсон тохиолдолд ямар хуулийн заалтаар хэрхэн хариуцлага хүлээлгэх нь тодорхой бус байгаа хуулийн хийдлийг арилгах шаардлагатай гэж Б.Өнөрмаа прокурор онцолжээ.

Иргэд ургамлын гаж нөлөөний талаар мэдлэг хомс түүнчлэн тухайн ургамлын талаархи уламжлалт хэрэглээ болон эмчилгээний  батлагдаагүй эерэг үр дүнгийн тухай ам дамжсан ярианд итгэж эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулж байгаа иргэдийг нөгөө талаас бусдын өвчин, шаналалыг мөнгө олох хэрэгсэл болгож буй хүмүүсийн үйлдлийг таслан зогсоохын тулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлд уламжлалт эмийн тухай зохицуулж өгөх нь зүйтэй гэсэн гарц гаргалгааг ч тэрээр дурджээ. Дээр өгүүлсэн бүхэн бол эм, био бэлдмэлтэй холбоотой олон ээдрээтэй асуудлын нэгээхэн л хэсэг. Хуульд ийм тодорхойгүй, хийдэлтэй асуудал цөөнгүй. Хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй зөрчил, гэмт хэрэг бүх олон.

Товчхондоо бол эмийн замбараагүй хэрэглээнээс монгол хүний ген, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл бүрджээ. Ийм дүгнэлтийг гурван жилийн өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулсан “Эмийн зохистой хэрэглээ” сарын аяны үеэр мэргэжлийн байгууллагууд гаргаж байсан юм. Мэргэжлийн  хяналтын байгууллагын хийсэн хяналт, шалгалтын дүн, дээр дурдсан “Эмийн хууль бус эргэлт, тулгамдаж буй асуудал” эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлүүд зэргээс харахад эмийн хэрэглээ замбараагүй хэвээр байна. Монгол Улсад Эмийн асуудал хариуцсан агентлагийг тусгайлан байгуулах шаардлагатай гэдгийг  ДЭМБ зөвлөсөөр ирсэн ч уг санаачилга сүүлийн жилүүдэд суларч, сураг алдарчээ.

Эм үйлдвэрлэлийн магнат "Биг Фарма" корпорацийн захирал саяхан "Бид хувьцаа эзэмшигчдийн ашиг орлогын төлөө бизнес эрхэлж байгаа болохоос өвчтөнд туслах естой биш" гэж хэлсэн нь  https://politicaldig.com сайтад нийтлэгдэж олныг шуугиулсан. Эм үйлдвэрлэгчдийн зориудаар шинэ өвчин үүсгэх буюу үүсгэгч янг шинэчилж шинэ эмээ зардаг, жинхэнэ ерөндгийг далдруулж муу үйлчилгээтэй эмийн байнгын үйлчлүүлэгч байлгадаг зэрэг хууль бус үйлдлүүд ил болсоор байгаа. Гэтэл монголчуудын эмийн хэрэглээ жилээс жилд нэмэгдэж, эмэнд зарцуулах төсвийн мөнгө тэрбум  тэрбумаар өссөөр байгаа нь аюулын харанга юм.

-Биологийн идэвхт бүтээгдэхүүний хэрэглээ ихэсчээ-          

Манай улс 2002 оноос хойш биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгэж эхэлсэн. Одоогоор 34 улсын 188 үйлдвэрлэгчийн 1224 нэрийн биологийн идэвхт бүтээгдэхүүн бүртгэлтэй байна. Бүртгэлтэй биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсаар авч үзвэл 42,9 хувийг АНУ, 10,6 хувийг ОХУ, 6,8 хувийг БНХАУ, 5,6 хувийг Монгол Улс, 5,4 хувийг Япон улс, 2,6 хувийг Англи улс, 2,5 хувийг нь БНСУ үлдсэн хувийг бусад улсын бүтээгдэхүүн эзэлж байна. 2016 онд бүртгэлд хамрагдсан биологийн идэвхт бүтээгдэхүүний тоо 2014 онтой харьцуулахад 5,5 дахин ихэссэн байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас биологийн идэвхт бүтээгдэхүүнийг ханган нийлүүлдэг байгууллагуудад хийсэн хяналт шалгалтаар зах зээлд гарсан биологийн идэвхт бүтээгдэхүүний хэрэглээ, гаж нөлөө, чанар, аюулгүй байдал хангалтгүй гэж дүгнэжээ. Хуулийн хийдлийн хувьд биологийн идэвхт бүтээгдэхүүнийг дөвийлгөн сурталчлахыг хориглосон  заалт байхгүй, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлчилгээг эмчилгээний өндөр идэвхтэй, гаж нөлөөгүй, аюулгүй гэх зэргээр дөвийлгөн сурталчилахад хариуцлагын зохицуулалт байхгүй. Тиймээс  мэдээллийн хэрэгслэлээр сурталчилгаа хэт их явагдаж, хэрэглэгчид эм гэж эндүүрэн хэрэглэх явдал түгээмэл байгаа ажээ.

Өөрөөр хэлбэл Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар биологийн идэвхт бүтээгдэхүүний төрийн хяналт болон бүтээгдэхүүнийг худалдаалах, сурталчилах, зөрчил гаргасан этгээдэд ногдуулах хариуцлагын тогтолцооны асуудлууд бүрхэг байгаа ажээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)