Энэтхэгийн гадаад бодлогын шатрын хөлөг дээрх Монгол

Монгол, Энэтхэгийн харилцаа энэтхэгчүүдийн нүдээр

Монгол Улсын гадаад харилцаандаа баримталдаг “Гурав дахь хөршийн бодлого”-д салхи оржээ. Үндсэн зарчим өөрчлөгдөөгүй, харин эртний уламжлалт харилцаатай Энэтхэг улс тодрон гарч ирж байна.

Шашин соёлын гинжийг эдийн засгаар гагнав

Монгол Улс Энэтхэг улсын харилцаа холбооны талаарх түүхэн эх сурвалжуудын эхнийх нь Хүн гүрний үе буюу МЭӨ 209 оны үед хамаарна. Хожим буддын шашны нөлөөгөөр хоёр ард түмэнд нийтлэг соёлууд бий болсон юм. Харин орчин үеийн харилцааг 1955 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тооцдог. Социалист бус улс орнуудаас хамгийн анх Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн улс нь Энэтхэг. Түүнээс хойш хоёр улс олон улсын тавцанд нэг бус удаа бие, биенээ түшиж тулсан түүх бий. Монгол Улсыг НҮБ болон бусад олон улсын байгууллагад гишүүнчлэлтэй болгохыг Энэтхэг улс тууштай дэмжсэн. 1961 онд Тайвань, БНХАУ-ыг НҮБ-ын гишүүн болгохыг эрс эсэргүүцсэн нь дипломат дэмжлэгийн нэг хэлбэр байсан гэж үздэг. Харин манайх 1971 онд Бангладештай дайтахад нь Энэтхэгийн талд бат зогсжээ. Хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх анхны санамж бичгээ 1973  онд байгуулсан бөгөөд шашин соёлын салбарт л хамаатай мэт байсан энэ баримт бичиг 1994 онд Ерөнхийлөгч П.Очирбатын Делид хийсэн айлчлалаар агуулга хэлбэрээ “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай санамж бичиг” болгон тэлж, 2001, 2004, 2009 онуудад шинэчлэгдсээр 2015 онтой золгосон. 2011 онд Ерөнхийлөгч Патил, 2015 онд Ерөнхий сайд Н.Моди нар Монголд айлчилж, Н.Моди “Газрын тос боловсруулах үйлдвэр барих тэрбум ам.долларын зээл”-ээ амалснаар хоёр улсын харилцаа эрс шинэ төвшинд хүрсэн юм.

Сая Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгт дөрөв хоног айлчилсан. Айлчлалын үеэр Газрын тосны үйлдвэр байгуулах ажилд 236 сая ам.доллар нэмж гаргуулахаар тохиролцож, аутсорсинг, боловсрол, сансар судлалын чиглэлд өмнө нь яригдаж байсан олон төслийг хэрэгжүүлэхээр бат тохироод ирсэн. Энэ бол соёлын харилцаа эдийн засгаар гагнагдаж, хоёр улсын харилцаа зузаарсны гэрч юм.

Түүхэн эргэлт авчирсан Н.Модигийн айлчлал

Н.Модигийн айлчлал Монголтой хил залгаа, хүчирхэг өрсөлдөгч, болзошгүй дайсан БНХАУ-ыг хазаарлахын тулд Энэтхэг улс онцгой хүчин чармайлт гаргаж эхэлсэн үетэй давхацдаг. Энэтхэгчүүд БНХАУ-ын хүч нөлөөг тогтоон барихын тулд Зүүн Өмнөд Азид явуулах бодлогоо 1991 онд тодорхойлж, “Look East policy” хэмээх хөтөлбөрийг Нарсимха Рао (1991-1996), Бихари Важпайи (1998-2004), Манмохан Сингх (2004-2014) нарын үед хэрэгжүүлээд байсан. Н.Моди 2014 онд Ерөнхий сайд болоод нэрийг нь “Act-East Policy” болгож, илүү идэвхитэйгээр хэрэгжүүлж эхлээд байсан үе юм. Энэхүү баримт бичгийн гол агуулгыг товчхондоо Зүүн Өмнөд Азид олон туйлт харилцаа үүсгэхийг эрмэлзэх явдал гэж тодорхойлж болох юм. Хоёр нэртэй ч нэг агуулгатай баримт бичгийг үйл хэрэг болгохын тулд ямар арга механизм ашигласан, ямар үр дүнд хүрснийг интернэтээр дэлгэрэнгүй унших боломжтой. 2015 оны түүхэн айлчлалын хувьд, БНХАУ-ын эрх баригчид Шриланка, Бангладеш зэрэг улсад айлчилж, их хэмжээний мөнгөн тусламж амалсны хариу арга хэмжээ байсан юм. БНХАУ Энэтхэгийн ойр орчмын улсуудад айлчилж мөнгө, тусламж амалдаг, Энэтхэгийн дарга нар араас нь явж “баллуурддаг” тактик л явж байсан хэрэг. Монгол Улсын геополитикийн байршил БНХАУ-ын хувьд тэрбум ам.доллараас илүү чухал байлаа, гээд ч тэрээр энэ амлалтаасаа болж их шүүмжлүүлсэн байдаг. Тухайлбал, цалин хөлсөө удаан хугацаанд авч чадаагүй Дели хотын Хот тохижилтын ажилтнууд хотын захирагч дээрээ очиж, цалин тавихыг шаарджээ. Харин дарга Арвинд Кежривал тэдэнд “Ерөнхий сайд Нарендра Моди дээр очиж цалингаа нэх. Манай Ерөнхий сайд саяхан Монголд маш их мөнгө өгөхөөр амласан. Түүн дээр очвол цалинг чинь өгөх нь гарцаагүй” гэж хэлсэн гэдэг. Сөрөг хүчний улстөрчид ч өгч амжаагүй байхад л “Монголд их мөнгө өглөө” хэмээн шүүмжилдэг байв. Үнэхээр ч энэ мөнгө энэтхэгчүүдийн хувьд
геополитикийн ач холбогдолтой байсан юм.

Тэрбум ам.долларын зээлийн ач холбогдол монгол, энэтхэгчүүдийн нүдээр

Энэтхэгийн хэвлэлүүдэд эрдэмтэн судлаач, шинжээчдийн нийтлэлүүд гарсаар л байв. Жишээ болгож www. dnaindia.com цахим сонинд гарсан материалыг орууллаа. Уг нийтлэлээс “Тэрбум ам.долларын зээл”-ийн ач
холбогдол хийгээд Монгол, Энэтхэг аль аль нь зээлийг хэрхэн харж байсныг харуулж чадна. Энэтхэгийн төрийн өндөр албан тушаалтан бичиж, dnaindia.com цахим хуудсанд нийтэлсэн уг материалыг товчлон хүргэе, сонин байх болов уу. “Намайг өнгөрсөн долдугаар сард Улаанбаатарт ажиллаж байхад Монголын сайд нар “Энэтхэг улс амалсан нэг тэрбум ам.долларынхоо зээлийг хэзээ өгөх вэ” гэдэг асуултыг хамгийн их тавьж байлаа. Энэ нь Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн тавдугаар сард айлчлахдаа “тэрбум ам.долларын зээл өгнө, олон салбарт дэмжлэг үзүүлнэ, экспортоо нэмэгдүүлнэ” гэж амалсныг сануулсан хэрэг.

Би тухайн үед тэднээс “Та нарт энэ зээлийн шугам яагаад хэрэгтэй болсон юм бэ” гэж асууж байлаа. Тэгэхэд “ОХУ, БНХАУ хоорондоо өрсөлддөг байх үед байдал арай дээр байсан” гэж төрийн өндөр албан тушаалтай нэгэн хариулж байв. Монгол Улс саяхан болтол хоёр хөршийнхөө ашиг сонирхол давхцаагүй төсөл, хөтөлбөр асуудал болгоныг өөрийн талд шийдүүлэх боломжтой байжээ. Бээжин татгалзвал Москвад хэлнэ, зарим асуудалд эсрэгээрээ. Гэтэл одоо байдал өөр болж, Орос Хятад хоёр гар, гараа барилцсан учир Бээжин татгалзлаа гэхэд Москвагаас дэмжлэг авах аргагүй болсон байна. “Нөхцөл байдал өөрчлөгдөж, бид хоёр талаасаа төмөр хавчаарт хавчуулчихаад байна” гэж дипломат хэлсэн. Н.Модигийн амласан тэрбум ам.доллар монголчуудад БНХАУ-ын нөлөөг бууруулах, сөрөн зогсох шинэ хүч өгөх учиртай аж. Энэ бол Энэтхэгийн хувьд БНХАУ-ын “арын хаалга”-н дээр цэргийн анги нэгтгэлээ !!! (энд sortie гэдэг үг ашиглажээ. Википедиа дээр энэ үгийг байршил эсвэл “Цэрэг, танк, онгоцоос бүрдсэн цэргийн нэгж” гэсэн байна) байршуулах сайхан боломж юм. Н.Моди Улаанбаатарт нум сум харвах ёслол хийсэн нь Бээжинд дохио өгсөн байж таарна. Энэтхэгийн “нөлөөний бүс” болох Шри Ланкад БНХАУ тусламж үзүүлж, нэр олж авсан.

Н.Модигийн алхам үүний хариу арга хэмжээ байсан юм. 2016 оны сүүлээр Дели ээлжит алхмаа хийж, Далай ламын Улаанбаатарт хийсэн дөрвөн өдрийн айлчлалыг дэмжсэн. Далай лам өмнө нь тус улсад найман удаа айлчилсан байдаг. Харин энэ ес дэх удаагийн айлчлалыг Бээжин хүндээр хүлээж авч, Улаанбаатарын эсрэг хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Бээжин Улаанбаатартай хийх худалдаа эдийн засгийн харилцааныхаа дүрэм журам, үнэ тарифыг шинэчилж эхэлсэн. Тухайлбал, хилээр нэвтэрч байга ачааны машин болгоноос 10 юанийн татвар нэмж авах болсныг энд дурдаж болох юм. Монголчууд хятадуудын дайсагнасан цохилтод өртлөө. Гэвч Москва Бээжинтэй хэтэрхий ойр хамтарч ажиллаж байгаа учраас хойд хөршөөсөө тусламж гуйгаад бүтэхгүй. Тиймээс хүнд хэцүү энэ цаг үед монголчууд Энэтхэгийг туслах байх гэж найдлага тавьж байна. Тэрбум ам.долларын зээл амлалт төдий байх үед Монгол Улсаас Энэтхэг улсад суух Элчин сайд Гончигийн Ганболд Энэтхэгийн Гадаад харилцааны сайд, албаны хүмүүстэй уулзаж, зээлийн яриаг ажил хэрэг болгох хүсэлт өгсөн. Хүсэлтдээ тэрээр БНХАУ бидний эсрэг нэг талын хориг арга хэмжээ авч байгаа энэ үед Энэтхэг улс дуу хоолойгоо өргөх нь маш чухал юм. Дуугүй байх нь БНХАУ-д дураараа аашлах боломжийг өгч байгаа хэрэг юм” гэж дурдсан байсан юм” хэмээн бичжээ. Эндээс Монгол Энэтхэг аль, аль нь харилцаандаа маш их ач холбогдол өгч байгаа нь харагдаж байгаа юм. Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагаа аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын ашиг сонирхол дээр үндэслэгдэж байгааг уншигч авхай ойлгосон биз ээ. Энэтхэгийн Ерөнхийлөгч Патил 2011 онд Монгол  Улсад айлчлах үедээ “Нүүдэлчин заан” хэмээх нэртэй хамтарсан цэргийн хээрийн сургуулилт хийхээр тохирсон нь уламжлал болоод явж байгаа. Манайхаас зохион байгуулдаг “Хааны эрэлд” олон улсын цэргийн
хээрийн сургуулилтад ч Энэтхэг улс байнга оролцож байна. Монгол-Энэтхэгийн худалдаа дээд тал нь 60 сая ам.доллар хүрч байсан нь БНХАУ-тай хийх худалдааны 1 хувьд ч хүрэхгүй. Гэвч бидэнд байгалийн баялаг,  стратегийн ашигт малтмал болох уран бий. Одоо Энэтхэг бидний хувьд шашин нэгтэй оюун санааны хөрш төдий биш, бизнесийн түнш, холбоотон, маш чухал гуравдагч хөрш болсон. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп амалсан ёсоороо Солонгосын хойгоос цэргээ гаргах эсэх асуудал Азийн жижиг гэгдэх бүх улсын анхаарлын төвд буй. Үүний эсрэг зогсдог Жон Болтоныг огцруулснаар энэ асуудал аль хэдийнэ тодорхой болсон гэх дүгнэлт ч гарч байна. Монголыг хоёр хөршийн хэт нөлөөлнөөс хамгаалахад АНУ-ын тууштай дэмжлэг чухал байдаг. Гэтэл тэр дэмжлэг алсарч мэдэхээр эгзэг нүүрлэсэн энэ үед Энэтхэг нь бидний хувьд бүр ч
чухал холбоотон юм.

Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. ѳмнѳд хѳршиинхѳн бүр монголоор бидэндээ заадаг болжээ. наизлах хүнээ монгол хүн ѳѳр хүнээр заалгадаггүи. энэтхэг япон америк гэх мэт томхон дуугарчдаг наизууд бидэнд хэрэгтэи .

    1 0 Хариу бичих
  2. Нефтийн үйлдвэр дургүйгээ хүрэхээр крантаа хаадаг Оросын өмнө барих бамбай юм уу даа. Ер тэгээд хийн хоолойг Монголоор дайруулж бариулах хэрэг ер байна уу даа.орос Хятадын дарамт л нэмэгдэнэ

    0 0 Хариу бичих
    • Яалаа гэж дээ нутгаар аа газ дамжуулж байгаа айл чинь улам хүндтэй болно ш дээ.

      1 0
  3. Тэр тусламж зээл нь бодитоор хэрэгжтэл их л хугацаа зарсан даа, энэ ч 10 -иад жилийн өмнөх амлалт энэ 4 жилд амь орж манайхан саалийн саваа бэлтгээд л байнаа. Монголын улстөрийн шатрын хөлөг дээрхи нүүдлийн сайныг гайхахаас илүүтэй өнгөрсөн мянганы түүхийн улбаа нь үнэ цэнэтэй харагдуулах ажэй!

    0 0 Хариу бичих
  4. нэн балмад шашины дарангуйлалд оруулаж аажимаар монголыг эзэгнэх гэсэн энэтхэгчүүдийн хар бодолго 90 оноос хойш идэвхтэй байсан .монголчууд хоёр хөрштөйгөө байвал ядаж л оюун санаа нь эрүүл байхаас гадна газар нутагтаа эзэн нь байна .харин энэтхэгчүүдтэй ихээхэн холбоо харилцаа үүсгээд байвал одоогын энэтхэгийг удахгүй монголд цогцлооно .өөр ямар ч өнгөтөй өөдтөй юм болохгүй монголын өргөн уудам газар нутаг эрүүл агаар энэтхэгчүүдэд юугаар ч солишгүй амин дэм болоод байгаа .олон жил монголд газарын тосны үйлдвэрийг бариулахгүй хойшлуудаад өөрсдөө барих боломжийг бүрдүүлэх гэж янз бүрийн шашины үйл ажилагаа хийж зүтгэсээр байгаад хүрэлсүх баттулга нарын үед бохир бодлогоо хэрэгжүүлэх суриа ахиулсан . монголчууд хятадаас биш энэтхэгээс болгоомжил хятад хэзээ ч монголыг эзлэхгүй . монголчуудыг энэтхэгчүүд балмад шашинаар боймоллох ямар л араг байна түүнийгээ хийсээр л байгаа гэдэгийг л ойлго .шашинаар боймлохын тулд үндсэн хуулинд аль 90 оноос халдсан байдаг .түүний гайгаар монгол улсад түмэн шидийн шашин дэлгэрч монголчуудын оюун санаа хордсоор байна .

    0 6 Хариу бичих
    • Одоо шашны хувьд Энэтхэг байгаа Далай ламаас хамаарч байгаа яваандаа шашны хувьд Хятадаас хамаарах магадлал хамгийн их. Дараагийн далай ламыг хятадууд томилно гэдэгт эргэлзэхгүй байж болно

      0 0
    • Хятадыг айлгах асуудал яригдаж байна шашин хамаагүй колони ч болохгүй

      2 0
    • Za shaaa shaaa muu lalar chin yuu ve. Eniig l yostoi

      1 0
  5. Орос энэтхэгт жилд 10-20 тэрбумын зэвсэг зардаг стратегийн чухал түнш нь. Хажууд нь монголд зардаг 1 тэрбум долларын шатахуун юу ч биш. Гадаад бодлого Дипломатын зөв алхам болсон.

    0 0 Хариу бичих
  6. жижиг орон өөр яах ёстой юм. Хэдэн нүүрний хувьд бол чиний л бодол

    0 0 Хариу бичих
  7. Хэдэн ч нүүр гаргаж чадах аймхай зусар монголчууд бусдад хань болж чадах үнэнч улс биш. Энэтхэг тэрбумдаа харамсах болно

    0 2 Хариу бичих
    • Yagaad aimhai zusar gej helj baigaag chin oilgoj baina. Aguu huchtei baisan uu bidend bii , Aimhai hulchigar bolson uy ch bidend bii gevch bid buuj uguugui tusgaar togtnoloo hamgaalj chadsan undesten. Aij hulchiigaad urvaj sharvasan ch tusgaar togtnoliinhoo tuluu bol harin aij hulchiin uu urvaj sharvanuu heregtseetei buheniig l hiij avch uldsen ard tumen.

      1 0
    • хятад орос энэтхэгийн түүхэнд монголчууд их гүн мөрөө үлдээсээн.

      1 0