Б.Батцэцэг: Гурван жил ажилласан туслахуудаа дипломат төлөөлөгчийн газруудад томилсон

Сүүлийн үед туршлагагүй хүмүүсийг танил талынхаа хүрээнд Монгол Улсаас гадаадад суух дипломат төлөөлөгчийн газруудад томилж байгаа тухай мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Гадаад харилцааны яамны удирдлагууд болон төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсийг дипломат төлөөлөгчийн газруудад томилж байгаа тухай мэдээлсэн. Үүнийхээ дагуу Байнгын хорооны хуралдааны үеэр Т.Аюурсайхан гишүүн үнэхээр ийм зүйл болж байгаа эсэхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгээс асууж хариулт авлаа.

Т.Аюурсайхан: -Гадаад харилцааны яам цаашдаа томилгоонуудаа яаж хяналттай болгохоор ажиллаж байна вэ. Та нарын томилгоо чинь жилээс жилд дордоод байна шүү. Гадаад харилцааны яаманд чадал чансаатай боловсон хүчин байхаа больчихсон юм уу. Жолооч, туслахаар ажиллаж байсан хүмүүсийг дипломат албанд томилдог боллоо. Тэр хүмүүс нь хэрэгт холбогддог. Үүний жишээ нь Германд хар тамхи тээвэрлэж яваад баригдсан явдал. Гадаад харилцааны яамны удирдлагууд туслахаар ажиллаж байсан хүмүүсийг яагаад ийм хариуцлагатай албанд томилоод байдаг юм бэ. Тухайлбал, Д.Цогтбаатар сайд туслахаараа ажиллаж байсан Мөнхтүшигийг Лондон дахь Элчин сайдын яаманд атташегээр, дэд сайд Т.Батцэцэг туслахаараа ажиллаж байсан Даваасүрэнг Ром дахь Элчин сайдын яаманд атташегээр, Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн туслахаараа ажиллаж байсан Жавхланг Оттава дахь Элчин сайдын яаманд атташегээр томилсон гэж байна. Үнэхээр ийм томилгоо явагдсан уу. Хэрэв томилсон бол энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийх тухай хуультай зөрчилдөхгүй юү?

Б.Батцэцэг: -Бид томилгоогоо мэргэжлийн түвшинд зохион байгуулахын тулд нэлээд олон ажил зохион байгуулж байгаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийгдсэн дотоод томилгоонууд бол сайн болсон гэж үзэж байгаа. Ерөнхий консул болон Элчин сайд нарын томилгоо бол улс төрийн томилгоо байдаг. Тэр болгонд шаардлага хангасан хүмүүс явуулж байгаагүй учраас хэл ам гардаг. Харин бусад томилгооны хувьд туслахаар ажиллаж байсан хүмүүс бол энэ яамны залуу дипломатууд. Энэ хүмүүс журмынхаа дагуу гурван жил ажиллаад томилогддог. Үүний дагуу сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын туслахууд гурван жил ажиллаад анхныхаа томилолтыг авсан. Бүгд хэлний шаардлага хангаж байгаагаас гадна төрийн албаны салбар зөвлөлийн хурлын шийдвэрээр томилогдсон. Үүнийг хууль бус томилгоо гэх үндэслэл байхгүй. Тэдэнтэй адилхан 20 орчим залуу гурван жил ажиллаад гадаадад томилогдсон. Томилгооны үеэр улстөрчид болон бусад байгууллагын зүгээс олон санал ирдэг. Харин бид нарийн шалгуур тавьж болж өгвөл гаднаас ямар ч томилгоо хийдэггүй.

Т.Аюурсайхан: -Гадаад харилцааны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар туслахуудаа дипломат төлөөлөгчийн газруудад атташегээр томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийх тухай хуультай зөрчилдөж байга эсэхийг холбогдох байгууллагаар нь шалгуулна. Туслахуудаа Гадаад харилцааны яаманд гурван жил ажилласан гэдэг үндэслэлээр томилохгүй тэвчих хэрэгтэй. Туслахууддаа ч ойлгуулах хэрэгтэй. Өчнөөн олон мэдлэг боловсролтой хүн бий.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Tuslahaar ajillasan gd alban tushaal ahiulj bolohgui gsn zarchim haana bhgui. Tuhain hun shalguuriig hangasan bol tuslahaar ajillasan bsn ugui ene tomilgoond ogt hamaagui. Bitgii teneg yum yarij poprood bai

    0 0 Хариу бичих
  2. Neg ni huulia medehgui tailbar ugnu, nuguuh ni itgechine. Tuvd 3 jil ajillasan gedeg shalguur bol zuvhun diplomat albany shalgalt ugch tentseed ulmaar tangarag urgusun DIPLOMAT ajiltny huvid yarigdah asuudal shuu!!! Ayuraa huulia unshchihval chamd uug ni naad GA yamny udirdlaga gesen MANguunuudaa mad tavih bolomj bn daa!!!

    0 0 Хариу бичих
  3. Поп Аюурсайханыг МАД тавьжээ ккк

    0 0 Хариу бичих
  4. Жаахан лоосуутай л томилолт кк гэхдээ энэ хүүхэн Ундармаа гишүүн энэ тр ийг бодвол хүн юмбнлээ

    0 0 Хариу бичих