Чингис хааны нутагт хэрэгжих аялал жуулчлалын төслийн нээлт болно

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжих “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн нээлтийн үйл ажиллагаа маргааш Хэнтий аймгийн Дадал суманд болох ажээ. Энэхүү төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар болон Хэнтий аймгийн удирдлагууд, Азийн хөгжлийн банкны байгаль орчны ахлах мэргэжилтэн Марк Р.Безайн, тус банкнаас хэрэгжүүлэх төслийн зохицуулагч П.Түвшинжаргал нар оролцох юм байна. 
Азийн хөгжлийн банкнаас Хэнтий, Хөвсгөл аймгуудад тус бүр 19 сая ам.доллар буюу 50 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр болсон юм.

Уг төсөл нь эдийн засгийг төрөлжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг бий болгох, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зэрэгт чиглэсэн Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай нягт уялдаж байгаа юм. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх энэхүү төслөөр аялагчдыг дэмжихийн зэрэгцээ орон нутгийн иргэдийн орлого олох боломжийг бий болгоход чиглэсэн орон нутагт түшиглэсэн аялал жуулчлалын төлөвлөлтийг сайжруулах болно. Түүнчлэн "Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборыг барих, дэд бүтцийг шинэчлэх, жуулчид болон нутгийн иргэдэд зориулсан ариун цэврийн болон хог хаягдлын байгууламжуудыг барих зэрэг ажлуудыг хийх юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Бурхан Халдуны оройд байгаа Чингисийн шарилыг нээж тэнд дэлхийд байхгүй цогцолбор хөшөө босгохгүй л юм бол Чингис гэдэг хүн үлгэр домгийн байдалтай байсаар л байх болно. Египетийн Тутанхамон хааны бунханг 100 орчим жилийн өмнө нээн асар сонирхолтой, түүх соёлын өвийг хүн төрөлхтний нүдний өмнө ил болгосноор Египетийг зөвхөн хэдэн пирамид үзэх л гэж зорьдог жуулчдын тоо жилд 10 саяд хүрсэн. Нэг жуулчин дор хаяж 3 хоногоор очдог ба гаргах дундач зардал нь нислэгийн тийзийг нь оролцуулахгүй тооцоход нь дор хаяж 500 доллар гэж үзвэл, 5 тэрбум доллар үлдээгээд л явдаг. Монголд ингэх бүрэн боломж бий. Хэрвээ, Бурхан Халдунаас Чингисийн шарил гарч ирдэггүй юм гэхэд түүний дараагийн 2-3 ч хааны шарил тэнд угаасаа байгаа. Энэ л хангалттай.

    0 0 Хариу бичих