Харааны талаархи дэлхийн анхны тайланг гаргажээ

Дэлхийн харааны өдрийг жил бүрийн аравдугаар сарын 10-нд тэмдэглэдэг. Энэ жилийн Дэлхийн харааны өдрийг угтан ДЭМБ-аас Харааны талаархи дэлхий анхны тайланг гаргажээ. Уг тайланд дурдсанаар эдүгээ дэлхий дээр харааны бэрхшээлтэй эсвэл хараагүй болсон хүний тоо хамгийн багадаа 2,2 тэрбумд хүрсэн байна. Үүнээс эхний ээлжинд богино болон алсын хараатай, өвчнөөс болж харааны бэрхшээлтэй, хараагүй болсон 1 тэрбум хүнд шаардлагатай эмчилгээ хийхэд 14.3 тэрбум доллар шаардлагатай гэсэн тооцоо  гаргасан байна.

Тайланд дурдсанаар дэлхийн хүн амын дунд харааны бэрхшээл нэмэгдэж байгаа нь хөгшрөлт болон амьдралын хэв маягтай нь шууд холбоотой байгаа ажээ. Мөн нүдний эрүүл мэндийн үзлэг, хяналтад хамрагдах боломж хязгаарлагдмал, ялангуяа бага, дунд орлоготой орнуудад амьдардаг хүмүүсийн тоо өсч байгаа нь дээрх статистикт нөлөөлж байна гэжээ.

ДЭМБ-аас онцолсноор нүдний хараа сайжруулах эмнэлгийн тусламж шаардлагатай хүмүүс санхүүгийн хүндрэлээс болж чанартай эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа аж. Тиймээс нүдний тусламжийг улс орнууд үндэсний хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээний төлөвлөгөө болон шаардлагатай эмчилгээний багцад багтаах чухал байгаа аж.

Ихэвчлэн хөдөө орон нутагт амьдардаг, бага орлоготой хүмүүс, эмэгтэйчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, үндэстний цөөнх, уугуул хүн амд нүдний өвчлөл, харааны бэрхшээл түгээмэл  тохиолдож байгааг харааны талаархи дэлхийн анхны тайланд дурджээ. Тухайлбал, бага болон дунд орлоготой бүс нутагт хараатай холбоотой хөгжлийн бэрхшээл өндөр орлоготой бүс нутгаас 4 дахин их байгаа гэнэ. Түүнчлэн, Африк, Өмнөд Азийн бага, дунд орлоготой бүс нутагт харааны бэрхшээл өндөр орлоготой орнуудаас 8 дахин өндөр байгаа нь ДЭМБ-ын судалгаагаар тогтоогджээ. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. МОНГОЛ УЛС ХАРААГҮЙ БОЛОН ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ХАТУУ ХАНДСААР УДАЖ БАЙНА. ЛООЗОН ТУНХГИЙН ЧАНАРТАЙ ЮМ ЯРЬСААР. АЖИЛ ХЭРЭГ БОЛЖ БАЙГАА НЬ ТУН ХОМС

    0 0 Хариу бичих