Туркийн арми Сирид цэргийн ажиллагаа эхлүүллээ

Туркийн арми Сири дэх энхтайван байдлыг хангахын тулд цэргийн ажиллагаа эхлүүлсэн гэж Туркийн Батлан хамгаалах яам мэдээлэв.Тус улсын цэргийн хүчин “Чөлөөт Сирийн арми” -тай хамт Сирийн хойд хэсэгт цэргийн ажиллагаа явуулж байна.

Сирийн төрийн мэдлийн "Ихбария" телевизийн мэдээлснээр Туркийн цэргийнхэн Хасек мужид байрладаг Дарбасия, Маликия, Камышлы, Ракка мужийн Телл Абяд, Айн Иса зэрэг хотуудад ажиллагаа явуулжээ.

Туркийн цэргийн онгоцууд Аллюк усан станцад эрчим хүч нийлүүлдэг цахилгаан шугамыг сүйтгэсэн бол Саффан хотод далан эвдэрчээ. Камышлы хотыг бөмбөгдөх үед гурван хүүхэд, нэг эмэгтэй амиа алдсан нь тодорхой байна.

Харин Сирийн Ардчилсан хүчний мэдээллээр Туркийн довтолгооны улмаас гурван цэрэг, таван энгийн иргэн амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархаджээ.

Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өмнө нь уг цэргийн ажиллагаа Турк улсад хориглосон Курдистаны Ажилчдын нам, Исламын улс террорист байгууллагыг устгах зорилготой гэж тайлбарлаж байсан юм.Туркийн цэргийнхэн Курдын дайчдын хил орчмын газрыг цэвэрлэж, Сирийн дүрвэгсдэд аюулгүй байдлын бүс байгуулахыг зорьж байгаа бол АНУ, Франц, Их Британи, Герман улсууд ч уг ажиллагаа буруушааж байгаа юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)