Дэлхийн банк: Ирэх хоёр жилд эдийн засгийн өсөлт зургаан хувьтай байна

Дэлхийн банкны Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн газраас Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн тоймыг танилцууллаа.Бүс нутагт экспорт болон аж үйлдвэрийн салбарын идэвхжил саарч байгаагаас эдийн засгийн өсөлт буурах хандлагатай байгаа аж.

Монгол Улсын хувьд 2018 онд эдийн засгийн өсөлт 6.8 хувьтай байсан бол энэ оны эхний хагаст 7.3 хувьд хүрчээ. Ийнхүү өсөлт тогтвортой байхад нүүрсний салбарын гүйцэтгэл, хувийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэг нь голлон нөлөөллөө. Мөн түүнчлэн хөгжлийн түнш байгууллагуудын 5.5 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэгийн хүрээнд олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүгийн дэмжлэг үргэлжилсэн нь хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлд эергээр нөлөөлөв. Үүний зэрэгцээ макро эдийн засаг, тэр дундаа төсвийн менежмент оновчтой байсан, бүтцийн шинжтэй бодлогууд үргэлжлэн хэрэгжиж байгаа нь багагүй хувь нэмэр оруулсан. Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв богино болон дунд хугацаанд эерэг хэвээр байна. Гэсэн хэдий ч улс төрийн тодорхой бус байдал нэмэгдэх, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, хил дээр гарч болзошгүй эрсдэлүүд, мөн мега төслүүдийн хэрэгжилт болон банкны салбарын шинэчлэлүүд удаашрах зэрэг эрсдэлүүд байгааг тайланд анхааруулжээ.

АНУ-Хятадын хоорондох худалдааны маргаан үргэлжилж, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан нь уг бүс нутгийн орнууд бүтээмжийг дээшлүүлж, өсөлтийг дэмжихэд чиглэсэн шинэчлэл хийх шаардлагатайг харуулж байна. Тодруулбал хөрөнгө оруулалтыг татах, бараа бүтээгдэхүүн, технологи, ноу-хаугийн хөдөлгөөнийг зохицуулахад чиглэсэн худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зохицуулалтын шинэчлэл хийх нь зүйтэй байгааг онцолжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)