Д.Тогтохсүрэн: Журмын тухай хуульд өөрчлөлт оруулсны дараа АН-ын саналыг авах эсэхээ шийднэ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар УИХ-ын дарга захирамж гаргаж зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг 10 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд УИХ-д суудалтай намуудын төлөөлөл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлын хэсэгт ажиллаж байгаа юм. Зөвшилцөх ажлын хэсгийн гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн зөвшилцөх ажил хэр зэрэг урагшилж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл  өглөө.

Тэрээр “Зөвшилцөх ажлын хэсэг энэ долоо хоногийн эхний гурван өдөр хуралдсан. Зөвшилцөх ажил амжилттай болж байгаа. Зөвшилцөх ажлын хэсэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотойгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ хуулиас Үндсэн хуулийн өөрчлөлт нь хууль байна гэсэн заалтыг хасахаар болж байгаа. Хоёрдугаарт гуравдугаар хэлэлцүүлгийг хийсэн тохиолдолд нэмж заалт оруулах боломжгүй. Тиймээс зөвшилцөх ажлын хэсгээс гарч байгаа зарим заалтыг нэмэх гарцыг нээх зорилгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Энэ долоо хоногтоо багтаагаад өөрчлөлт оруулах зорилт тавьсан. Ингэсэн тохиолдолд ирэх долоо хоног Үндсэн хуулийн өөрчлөлтөө хэлэлцэхэд саад учрахгүй.

АН-ын зүгээс албан ёсоор гурван санал тавьсан. Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болох, сонгуулийн тогтолцоог холимог болгох, Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг болох гэсэн гурван санал тавьсан. Эдгээр саналыг нь манай нам дотроо хэлэлцэж байгаа. Ер нь эхлээд эрх зүйн орчноо тодорхой болгох нь зөв гэж үзсэн. Түүний дараа АН-аас тавьсан саналыг яахаа шийднэ. Өмнө нь хоёрдугаар хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн саналууд бол огт хөдлөхгүй” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. солиороорой муу новш минь

    0 0 Хариу бичих