АНУ ЖДҮ-ийг хөгжүүлэхэд 6.2 сая ам.долларын дэмжлэг олгохоор болжээ

АНУ-ын Засгийн газраас өнөөдөр зарласнаар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон Монгол Улсын Сангийн яам хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсад сайн засаглал болон хуульт ёсыг дэмжсэн, найдвартай, ашигтай, хүртээмжтэй эрчим хүчний, мөн хувийн хэвшилд суурилсан тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих шинэ хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд зориулан хоёр орны хамтарсан түншлэлийн гэрээнд нэмэлт 17 тэрбум төгрөг буюу 6.4 сая ам. доллар олгохоор тусгажээ.

АНУ-ын Элчин сайд Майкл Клечески энэ үеэр “Монгол Улсын Засгийн газар, ард түмэнтэй хамтдаа тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжлийг дэмжиж байдагтаа АНУ бахархаж байна” гэж онцлон тэмдэглэжээ. “Ардчиллыг дэмжигч стратегийн түншүүдийн хувьд, бэхжиж буй түншлэлийн үр дүнд бүс нутагт энх тайван, хөгжил цэцэглэлт болон тогтвортой байдлыг дэмжих хамтын ажиллагаа гүнзгийрэх болно” гэж тэрээр мөн хэлсэн байна.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг уг нэмэлт санхүүжилтээр жижиг дунд үйлдвэрийг дэмжин Монголын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд туслах юм. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн зүгээс ЖДҮ хөгжин дэвших таатай орчин бүрдүүлэх, үүнд бизнесийн санхүүжилтийг хялбаршуулах, компаний засаглал сайжруулах, эмзэг аж ахуйн нэгжүүдэд бага хэмжээний буцалтгүй тусламж олгох зэргээр засгийн газар болон хувийн хэвшлийн байгуулагатай хамтран ажиллана.

Мөн АНУ-ын Засгийн газар Монгол улсын Сангийн Яамтай хамтран Монгол иргэдэд зориулсан эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, чанартай эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх болно. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг эрчим хүчний үр ашигтай байдал зэргийг шингээсэн шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, цахилгаан хангамжийг сайжруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлнэ.

АНУ-ын Засгийн газар, түүнийг төлөөлж буй АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан Монгол Улсад ардчилал, тогтвортой хүртээмжтэй эдийн засгийн хөгжил болон Монгол Улсын тусгаар тогтнолыг дэмждэг. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг өөрийн LEAD хөтөлбөрөөрөө ардчиллыг Монголд хөгжүүлэх шинэ үеийнхний манлайлагчдыг тодруулан гаргаж ирэхэд туслаж байна. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг өмнө хэрэгжүүлсэн төслийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэгч нарт зээл авахад туслалцаа үзүүлэн санхүүгийн байгууллагатай холбож өгснөөр 750 үйлдвэрлэгчдэд зээл амжилттай олгогдож, үр дүнд нь тэдний хөрөнгө оруулалт 20 дахин нэмэгдэн 600 гаруй ажлын байр шинээр үүссэн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)