Допинг илэрсэн дараагийн бөхийг нэрлэв

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшйин шинжилгээ авч, БНСУ-ын лабораторид илгээсэн. Уг лабораториос энэ оны наймдугаар сарын 5-нд ирүүлсэн хариугаар шинжилгээнд хамрагдсан 16 бөхөөс нэр бүхий хоёр бөхөөс авсан дээжид сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн тухай мэдэгдсэн. Түүний нэг нь шинэхэн аварга Э.Оюунболд гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо мэдэгдсэн. Харин нөгөөх нь хэн бэ гэдэг нь олны анхаарлын төвд байв.

Тэгвэл Үндэсний бөхийн салбар хороо допинг илэрсэн дараагийн бөхийг нэрлэв. Тус хорооноос “Улсын начин Д.Цэрэнтогтохын "В" сорьцынх нь хариу "А"-тайгаа таарсан тул допинг илэрсэнд тооцож, Бөхийн салбар хорооноос барилдах эрхийг хоёр жилээр хасаж, чимгийг нь хураах санал Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд гаргасан” гэв.

Харин улсын аварга Э.Оюунболдын тухайд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо наймдугаар сарын 26-нд хуралдаж улсын аварга Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг зарласан.  Түүний дараагаар Э.Оюунболд аварга шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгвэл шүүхээс түүний нэхэмжлэлийг буцаасан байна. Тодруулбал, нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс Э.Оюунболдын гаргасан нэхэмжлэлийг есдүгээр сарын 19-нд буцаасан байна. Улмаар шүүхээс Э.Оюунболдын нэхэмжлэлийг нэмж тодруулах шаардлагатай гэж буцаажээ. Ингэхдээ, Э.Оюунболд нь шүүхээс тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж тус шүүхэд ирүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Э.Оюунболдын бүрдүүлбэр хангагдсан бөгөөд шүүх хурлын тов хараахан гараагүй байгаа аж.

 

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)